6 1Израилийн хөвгүүд Египетийн газраас гарснаас хойш дөрвөн зуун ная дахь жилд, Израильд Соломоны хаанчлал тогтсоны дөрөв дэх жилийн хоёрдугаар сард буюу Зив сард Соломон ЭЗЭНий өргөөг барьж эхэлжээ. 2Соломон хааны ЭЗЭНд зориулан барьсан өргөө нь жаран тохой урт, хорин тохой өргөн, гучин тохой өндөр байлаа. 3Өргөөний гол танхимын өмнөх үүдний танхим нь хорин тохой урт байв. Танхимын урт нь өргөөний өргөнтэй эн чацуу бөгөөд өргөөний өмнөх хананаас урагш арван тохой илүү хийгджээ. 4Өргөөнд зориулж тэрээр нарийхан сараалжин цонхнууд хийв. 5Гол танхим ба дотоод ариун газрыг хамруулсан өргөөний ханануудыг тойруулан тэдгээртэй зэрэгцээ барилга барьжээ. Ийнхүү эргэн тойронд тэрээр хажуугийн өрөөнүүдийг бий болгов. 6Доод давхрын өрөөнүүд таван тохой, дунд давхрынх нь зургаан тохой, дээд давхрынх нь долоон тохой өргөн байв. Дүнзнүүдийг өргөөний ханатай залгахгүйн тулд гадна талд өргөөний хананы эргэн тойронд тэрээр давхар дам нуруу хийж өгөв. 7Өргөөг босгох үед чулууны ил уурхайд сайтар өнгөлж боловсруулсан чулуугаар барьсан тул алх эсвэл сүх эсвэл ямар ч төмөр багажны чимээ огтхон ч дуулдаагүй юм. 8Хамгийн доод давхрын хажуугийн өрөөнд орох хаалгыг өргөөний баруун талд гаргажээ. Эндээс мушгирсан шатаар дунд давхар уруу, дунд давхраас дээд давхар уруу өгсдөг байлаа. 9Тэрээр өргөөг барьж дуусаад, хуш модон банз, дүнзээр бүрэв. 10Түүнчлэн тэр өргөөний харалдаа тус бүр таван тохой өндөр өрөөнүүд байгуулсан ба тэдгээр нь өргөөтэй хушин хөндлөвчөөр холбогдож байлаа.
11ЭЗЭНий үг Соломонд ирж,
12-Чиний бариулж байгаа энэ өргөөний тухайд гэвэл, хэрэв чи Миний тогтоолуудын дотор алхаж, Миний зарлигийг дагаж, Миний бүх тушаалуудыг сахин амьдарвал чиний эцэг Давидад айлдсан үгээ Би чамаар гүйцэтгүүлэх болно. 13Би Израилийн хөвгүүдийн дунд оршиж, Өөрийн ард түмэн болсон Израилийг орхихгүй гэв.
14Соломон өргөөг барьж дуусгалаа. 15Тэгээд өргөөний дотор талын шалнаас тааз хүртэлх ханыг хуш модон банзаар бүрж, өргөөний шаланд агар банз дэвсэв. 16Тэрээр өргөөний хоймрын хорин тохой хэсэг газрыг дотоод ариун газар буюу хамгийн ариун газар болгон тусгаарлаж, хуш модон банзаар шалнаас тааз хүртэл барьж босгов. 17Өргөө буюу дотоод ариун газрын өмнөх гол танхимын урт нь дөчин тохой байв. 18Өргөөг хулуу болон цоморлигоо нээсэн цэцгэн сийлбэр бүхий хуш модоор доторлосон учир чулуу нь огт харагдахааргүй болжээ. 19ЭЗЭНий гэрээний авдрыг залахын тулд тэрээр өргөө доторх дотоод ариун газрыг бэлтгэжээ. 20Дотоод ариун газрын урт нь хорин тохой, өргөн нь хорин тохой, өндөр нь хорин тохой бөгөөд Соломон түүнийг шижир алтаар доторлов. Мөн тахилын ширээг ч хушаар бүржээ. 21Соломон өргөөг шижир алтаар доторлож, дотоод ариун газрын өмнүүр алтан гинжнүүд татаж, түүнчлэн дотоод ариун газрыг бүхэлд нь алтаар бүржээ. 22Ийнхүү тэр өргөөний доторхыг нэлэнхүйд нь алтаар бүрсэн юм. Дотоод ариун газарт байсан тахилын ширээг ч бас бүхэлд нь алтаар бүрсэн байлаа.
23Мөн дотоод ариун газарт тэрээр чидун модоор арван тохой өндөр хос херубууд бүтээжээ. 24Нэг херубын нэг далавч нь таван тохой, нөгөө далавч нь бас таван тохой буюу нэг талын далавчны үзүүрээс нөгөө талын далавчны үзүүр хүртэл арван тохой хэмжээтэй байв. 25Нөгөө херуб ч бас арван тохой байлаа. Эдгээр херубууд хоёулаа адил хэлбэр, хэмжээтэйгээр хийгджээ. 26Херуб тус бүр арван тохой өндөр байлаа. 27Соломон хос херубуудыг дотоод өргөөний голд залав. Херубуудын далавчууд нь дэлгэгдсэн бөгөөд нэг херубын далавч нэг талын хананд, нөгөө херубын далавч нөгөө талын хананд хүрч байв. Тэдний далавчууд нь өргөөний голд хоорондоо шүргэн байлаа. 28Херубуудыг ч мөн тэрээр алтаар бүрсэн байлаа.
29Дараа нь өргөөний бүх ханануудыг тойруулсан буюу дотоод, гадаад ариун газруудад тэрээр херубууд, далдуу мод болон цоморлигоо дэлгэсэн цэцэгсийн дүрсийг сийлжээ. 30Тэрээр өргөөний шал буюу дотоод, гадаад ариун газруудын шалыг алтаар бүрэв. 31Дотоод ариун газар уруу нэвтрэх үүдэнд чидун модоор хаалгануудыг, холбоосуудыг нь болон таван талт хүрээг хийв. 32Тэрээр чидун модон хоёр хаалга хийж, дээр нь херубууд, далдуу мод, цоморлигоо дэлгэсэн цэцгүүдийг сийлж, алтаар бүрсэн байлаа. 33Ийнхүү гол танхимын үүдэнд тэрээр дөрвөн талт хүрээг чидун модоор хийжээ. 34Хоёр хаалгыг нь агар модоор хийв. Хаалга тус бүр нь эвхэгддэг хос хавтаснаас бүтэж байлаа. 35Тэдгээрийн дээр тэрээр херубууд, далдуу мод, цоморлигоо дэлгэсэн цэцгүүдийг сийлж, дээгүүр нь жигд тархахаар алтаар бүрсэн байлаа. 36Тэрээр дотоод хашааг гурван үе зассан чулуу болон нэг үе хуш модон дүнзээр хийжээ.
37Дөрөв дэх жилийн Зив сард ЭЗЭНий өргөөний суурийг тавьсан билээ. 38Арван нэг дэх жилийн Бул сар буюу наймдугаар сард төлөвлөгөөний дагуу бүхий л хэсгүүд хийгдэж, өргөө баригдаж дуусав. Соломон үүнийг долоон жил барьжээ.