28 1Тэр үед филистчүүд Израилийн эсрэг тулалдахаар цэргийн хуарангуудаа цуглуулав. Ахиш Давидад
-Чи болон чиний хүмүүс надтай хамт тулалдаанд явна гэдгийг сайтар мэдэгтүн! хэмээн өгүүлэв. 2Давид Ахишт
-Их сайн байна. Таны боол юу хийж чадахыг та мэдэх болно гэв. Тэгэхэд Ахиш Давидад
-Сайн байна. Би чамайг бүх насаар чинь өөрийн бие хамгаалагчаар томиллоо гэв.
3Самуел нас эцэслэсэнд бүх Израиль түүний төлөө гашуудаж, түүнийг өөрийнх нь хот болох Рамад оршуулав. Саул мэргэч төлөгч нарыг өөрийн нутгаас хөөв. 4Филистчүүд цуглан ирж, Шунемд хуарагнан буудалласанд Саул бүх Израилийг цуглуулан, Гилбоад хуарагнан буув. 5Саул филистчүүдийн хуаранг үзээд ихэд айж, зүрх нь чичрэв. 6Саул ЭЗЭНээс асуусанд ЭЗЭН түүнд зүүдээр ч, Уримээр ч, эш үзүүлэгчээр ч хариу өгсөнгүй. 7Тэгэхэд Саул өөрийн зарц нартаа
-Надад төлөгч эмийг эрж ологтун. Би түүнд очиж тэр эмээс асууя гэв. Зарц нар нь Саулд
-Ен-дорт нэгэн төлөгч эм бий гэлээ.
8Саул хувцсаа сольж зүсээ хувиргаад, хоёр хүнийг дагуулан, тэр эм дээр шөнөөр очив. Тэр
-Надад мэргэлж, миний нэрлэх хүнийг дуудаж өгөгтүн гэв. 9Гэтэл тэр эм түүнд
-Саул энэ нутгаас мэргэч төлөгч нарыг хөөж гаргасныг чи мэднэ. Тийн атал яагаад чи миний аминд урхи тавьж, намайг үхүүлэх гэв? хэмээн загнав. 10Саул тэр эмд ЭЗЭНээр тангараглан,
-ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Энэ хэргээс болж чамд ямар ч шийтгэл оноогдохгүй гэж өгүүлэв. 11Тэгэхэд тэр эм
-Би хэнийг дуудаж өгөх вэ? гэсэнд Саул
-Надад Самуелыг дуудаж өгөөч гэв. 12Тэр эм Самуелыг үзэнгүүтээ чанга дуугаар хашхирав. Тэгээд тэр эм Саулд
-Та юунд намайг мэхлэв? Та Саул байна? гэв. 13Хаан тэр эмд
-Бүү айгтун. Харин чи юу харж байна вэ? гэв. Тэр эм Саулд
-Бурханлаг нэгэн нь газраас гарч ирэхийг би харж байна гэв. 14Саул тэр эмээс
-Түүний дүр төрх нь ямар вэ? гэж асуусанд тэр эм
-Настай хүн гарч ирж байна. Тэр дээлтэй юм гэв. Тэр нь Самуел байсныг Саул мэдээд, нүүрээрээ газар хүртэл мэхийн, хүндэтгэл үзүүлэв.
15Самуел Саулд
-Юунд та намайг дуудаж, надад төвөг болов? гэхэд Саул хариулан
-Би маш их зовж байна. Филистчүүд намайг дайрахаар ирж байхад Бурхан надаас салсан бөгөөд эш үзүүлэгчдээр ч, зүүдээр ч надад хариу өгөхгүй байна. Тийм учраас яах ёстойгоо мэдэхийн тулд би таныг дуудлаа гэв. 16Самуел
-ЭЗЭН танаас салж, таны дайсан болсон атал та юунд надаас асууж байна вэ? 17ЭЗЭН надаар дамжуулан айлдсаныхаа дагуу гүйцэтгэсэн билээ. ЭЗЭН таны гараас хаанчлалыг салган авч, таны хөрш Давидад өгсөн билээ. 18Та ЭЗЭНийг дагалгүй, догшин уур хилэнгээр нь Амалекийг шийтгээгүй учраас ЭЗЭН өнөөдөр танд үүнийг үйлдэж байна. 19Түүгээр ч барахгүй ЭЗЭН бас Израилийг тантай хамт филистчүүдийн гарт өгнө. Тийм учраас маргааш та болон таны хөвгүүд надтай хамт байх болно. Үнэхээр ЭЗЭН Израилийн цэргүүдийг филистчүүдийн гарт өгнө хэмээн өгүүлэв.
20Тэгж хэлмэгц Саул газар гулдайн унаж, Самуелын үгнээс болж ихэд айлаа. Мөн тэр өдөржин, шөнөжин юу ч идээгүй байсан тул түүнд хүч тэнхээ байсангүй. 21Өнөөх эм Саул уруу ирж, Саулыг ихэд айсан байхыг хараад, түүнд
-Таны шивэгчин таныг дагалаа. Би өөрийн амиараа дэнчин тавьж, таны өгүүлсэн үгийг сонслоо. 22Тиймээс одоо та шивэгчнийхээ үгийг ч гэсэн сонсогтун. Таны өмнө зүсэм талх тавихыг зөвшөөрөөч. Үүнийг идэж буцах замдаа хүч орно уу гэв. 23Харин Саул үүнээс татгалзан,
-Би идэхгүй гэв. Гэвч түүний зарц нар өнөөх эмэгтэйн хамт түүнийг ятгасанд Саул тэдний үгийг сонсов. Тэрээр газраас босож, дэвсгэр дээр суув. 24Тэр эмэгтэйн гэрт тарган тугал байсанд түүнийг яаран нядлав. Тэр эмэгтэй гурил зууран, хөрөнгөгүй талх барив. 25Тэр үүнийг Саул болон түүний зарц нарын өмнө тавьсанд тэд идэв. Тэр орой тэд босож явав.