4 1Эцэст нь, ах дүү нар аа, та нар Бурханд яаж таалагдаж, яаж явах ёстой талаар биднээс заавар авсанчлан (та нар үнэндээ тийнхүү явдагчлан) та нарыг улам илүү болоосой гэж бид Эзэн Есүс дотор та нарыг гуйж, ятгаж байна. 2Учир нь бид Эзэн Есүсээр та нарт ямар тушаалууд өгснийг та нар мэднэ. 3Бурханы хүсэл нь та нарын ариусгал бөгөөд тэр нь юу гэвэл, та нар садар самууныг тэвчиж, 4хүн бүр ариусгал хийгээд хүндэтгэл дотор өөрийн савыг хэрхэн эзэмдэхийг мэдэж, 5ингэхдээ Бурханыг мэддэггүй харь үндэстэн мэт тачаангуй хүсэл дотор биш юм. 6Мөн хэн ч үүнийг зөрчиж, энэ хэрэг дотор ах дүүгээ мэхэлж болохгүй. Учир нь би та нарт урьд нь хэлж, чухалчлан анхааруулж байсанчлан, энэ бүхний төлөө өшөө авагч нь Эзэн юм. 7Учир нь Бурхан биднийг цэвэр бус уруу биш, харин ариусгалд дуудсан билээ. 8Тиймд үүнийг эсэргүүцдэг хүн нь хүнийг бус, харин та нарт Өөрийн Ариун Сүнсийг өгдөг Бурханыг эсэргүүцэж байна.
9Харин ах дүүсийн хайрын хувьд гэвэл та нар хэн нэгнээр өөрсдөдөө бичүүлэх хэрэггүй ажээ. Учир нь та нар өөрсдөө бие биеэ хайрлахыг Бурханаар заалгасан байна. 10Үнэндээ та нар тэр хайраар бүх Македони даяар байгаа ах дүү нараа цөмийг нь хайрладаг. Харин ах дүү нар аа, бүр улам илүү хайрлагтун гэж бид та нараас хичээнгүйлэн гуйж байна. 11Бидний та нарт тушаасанчлан, түвшин амьдрахыг хичээж, өөрийн хувийн ажлыг анхаарч, [өөрийн] гараар ажиллахыг зорилгоо болго. 12Ингэснээр та нар гаднын хүнд зохистой хандах бөгөөд ямар ч юмаар дутахгүй байх болно.
13Харин ах дүү нар аа, нойрссон хүмүүсийн талаар та нар мэдэлгүй өнгөрөхийг бид хүсэхгүй байна. Эс тэгвээс та нар ямар ч найдваргүй бусад хүмүүсийн адил гашуудах вий. 14Учир нь хэрэв бид Есүс үхсэн бөгөөд амилсан гэдэгт итгэдэг бол Есүс дотор нойрссон хүмүүсийг Бурхан Түүний хамт бас тийнхүү авчрах болно.
15Бид үүнийг Эзэний үгээр та нарт хэлье. Амьд хийгээд Эзэнийг иртэл үлдсэн бид нойрссон хүмүүсийн өмнө нь орохгүй. 16Учир нь Эзэн Өөрөө тушаалын үгтэй, тэргүүн тэнгэр элчийн дуу ба Бурханы бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христийн дотор үхэгсэд эхлээд амилах болно. 17Дараа нь амьд хийгээд үлдсэн бид тэдэнтэй хамт агаар мандалд Эзэнтэй уулзахаар үүлэн дотор өргөгдөж, тийнхүү Эзэнтэй үргэлж хамт байх болно. 18Тиймээс эдгээр үгсээр бие биеэ тайвшруул.