31 1Ингээд Мосе гараад, бүх Израильд хандаж хэлсэн үгс энэ болой. 2Тэрээр тэдэнд хандан
-Би өнөөдөр зуун хорин настай. Би цаашид ирж очиж чадахгүй. ЭЗЭН надад “Чи энэ Иордан голыг гаталж болохгүй” гэж айлдсан. 3Чиний Бурхан ЭЗЭН чамаас урьтаж гатлан, чиний өмнө тэдгээр үндэстнийг устгаж, чамд тэдний газрыг эзэмшүүлэх болно. ЭЗЭНий айлдсанчлан Иошуа чамаас урьтаж Иорданыг гатална. 4ЭЗЭНий урьд нь устгасан аморичуудын хаан Сихон, Ог нар болон тэдний газар нутагт үйлдсэн шигээ тэдэнд ч бас үйлдэнэ. 5ЭЗЭН тэднийг та нарт тушаан өгнө. Та нар тэднийг миний та нарт тушаасан бүх тушаалын ёсоор болго. 6Тууштай, зоригтой бай. Чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт явдаг учраас тэднээс бүү ай, тэдний өмнө бүү чичир. Тэр чамайг орхихгүй, чамайг хаяхгүй гэв. 7Мосе Иошуаг дуудаж, бүх Израилийн өмнө түүнд
-Чи тууштай, зоригтой бай. Учир нь чи өвөг дээдэст нь өгөхөөр ЭЗЭНий тангарагласан тэр газар уруу энэ ард түмний хамт очоод, тэр газрыг тэдэнд өв болгон өгөх ёстой. 8Чиний өмнө тэргүүлэн явагч нь ЭЗЭН юм. Тэр чамтай хамт байж, чамайг орхихгүй, чамайг хаяхгүй. Бүү ай, бүү зүрхшээ! гэлээ.
9Мосе энэ хуулийг бичээд, түүнийгээ ЭЗЭНий гэрээний авдрыг өргөлцөж явдаг Левийн хөвгүүд болох тахилч нар болон Израилийн бүх ахмадуудад өгөв. 10Мосе тэдэнд тушаан хэлсэн нь
-Долоон жил бүрийн эцэс буюу өр төлбөрийг цуцлахаар тогтсон тэр жилийн Майхан Баярын үеэр, 11ЭЗЭН Бурханыхаа сонгож авах газарт бүх Израиль Түүний өмнө үзэгдэхээр ирэх тэр үед та нар энэ хуулийг уншиж, бүх Израильд сонсго. 12Ард түмнийг, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд багачууд, танай хотод байгаа харийн хүмүүсийг цуглуул. Тэдэнд түүнийг сонсгон, зааж, өөрийн Бурхан ЭЗЭНээс айн эмээж, энэ хуулийн бүх үгийг сахин мөрддөг болго. 13Та нар Иорданыг гатлан очоод, эзэмших гэж байгаа тэр газраа амьдран суух бүхий л хугацаандаа энэ хуулийг мэддэггүй хүүхдүүддээ түүнийг сонсгож, ЭЗЭН Бурханаасаа айн эмээхийг сурга гэв.
14Тэгээд ЭЗЭН Мосед хандан
-Чиний үхэх өдөр чинь ойртож байна. Иошуаг дуудан хамтдаа хурлын майханд хүрэлцэн оч. Би түүнд тушаал өгнө гэжээ. Тэгээд Мосе, Иошуа хоёр явж, хурлын майханд хүрэлцэн очив. 15ЭЗЭН үүлэн багана дотор, майханд үзэгджээ. Үүлэн багана нь майхны аманд байв. 16ЭЗЭН Мосед хандаж
-Чи удахгүй өвөг дээдсийнхээ хамт нойрсох болно. Харин энэ ард түмэн очиж амьдран суух газартаа босож, харийн бурхдыг садарлан дагаж, Намайг хаяж, Миний тэдэнтэй байгуулсан гэрээг зөрчих болно. 17Тэр цагт Миний уур хилэн тэдний эсрэг дүрэлзэн, тэднийг хаяж, тэднээс нүүрээ буруулахад тэд үрэгдэх болно. Элдвийн олон гай гамшиг тэдэн дээр буух тэр цагт тэд “Эдгээр бузар муу бидэн дээр буусан нь манай Бурхан бидний дунд байхгүйгээс болсон биш үү?” гэж хэлэх болно. 18Тэдний үйлдэх хамаг бузар булайгаас нь болж тэр цагт Би тэднээс заавал нүүрээ буруулна. Учир нь тэд өөр бурхдад урвана. 19Тиймээс одоо та нар энэ дууг өөрсдөдөө бичэн авч, түүнийгээ Израилийн хөвгүүдэд зааж сурга. Энэ дууг Израилийн хөвгүүдэд Миний гэрч болгохын тулд үүнийг тэдний аманд хий. 20Учир нь би тэдний өвөг дээдэст тангарагласан ёсоороо сүү, балаар бялхсан тэр газарт тэднийг аваачсаны дараа тэд идэж цадан таргалбал эргээд өөр бурхдад урваж, тэдэнд зарагдан, Намайг басамжлан, Миний гэрээг зөрчинө. 21Тэдэнд элдвийн олон гай зовлон учрахад тэдний үр удмынхны амнаас мартагдаагүй байх энэ дуу тэдэнд гэрч болох болно. Миний тэдэнд өгөхөөр тангарагласан тэр газарт тэднийг аваачихаас өмнө өнөөдөр тэдний төлөвлөж буй санааг Би мэдэж байна гэлээ. 22Тэгээд Мосе энэ дууг тэр өдөртөө бичээд, Израилийн хөвгүүдэд зааж өгчээ.
23Дараа нь Тэр Нуны хүү Иошуад тушааж
-Чи Израилийн хөвгүүдийг Миний тэдэнд тангарагласан газарт аваачих болно. Тиймээс тууштай, зоригтой бай. Би чамтай хамт байна гэжээ.
24Мосе энэ хуулийн үгсийг номонд бүрэн бичиж дууссаныхаа дараа, 25ЭЗЭНий гэрээний авдрыг өргөлцөж явдаг левичүүдэд хандан тушааж
26-Энэ хуулийн номыг аваад, ЭЗЭН Бурханыхаа гэрээний авдрын хажууд тавь. Тэр нь та нарын эсрэг гэрч болж тэндээ байг. 27Та нарын тэрслүү, хөшүүн хүзүүтэйг би мэднэ. Үзэгтүн, өнөөдөр намайг амьд, та нартай хамт байхад, та нар ЭЗЭНий эсрэг тэрсэлж байгаа юм чинь намайг үхсэний дараа та нар яах юм бэ? 28Овгийнхоо бүх ахмадууд болон түшмэдээ миний өмнө цуглуул. Би тэдний чихэнд эдгээр үгсийг сонсгож, тэдэнд гэрч болгохоор тэнгэр газрыг дуудъя. 29Намайг үхсэний дараа та нар ялзарч, миний та нарт тушаасан замаас эргэнэ. Та нар ЭЗЭНий мэлмийн өмнө муу муухайг үйлдэж, өөрсдийнхөө гарын ажил үйлсээр Түүнийг хилэгнүүлэх учраас хожмын өдрүүдэд өөрсдөд чинь гай зовлон учирна гэдгийг би мэдэж байна хэмээв.
30Тэгээд Мосе Израилийн бүх чуулганы өмнө энэ дууны үгийг дуустал нь уншин сонсгожээ.