1 1Иерусалим дахь хаан, Давидын хүү, Номлогчийн үгс.
2Номлогч,
“Бүгд хоосон, хоосны хоосон болой” гэв.

3Наран доор ажиллагч хүмүүний бүх хөдөлмөрийн үр ашиг нь юу вэ?
4Нэг үеийнхэн явж нөгөө үеийнхэн ирсээр байвч
Дэлхий ертөнц үүрд үлддэг.
5Түүнчлэн нар мандсаар, жаргасаар,
Хаанаас манддаг тэр л газар уруугаа яарсаар байх ажээ.
6Салхи өмнө зүгт үлээж, тэгснээ хойд зүг уруу эргэж,
Улмаар өөрийн тойргоороо дахин давтан эргэлдэх ажгуу.
7Бүх гол далайд цутгавч, далай нь дүүрдэггүй.
Дахин буцаж урсахын тулд хаанаас эхэлсэн тэр газартаа голууд буцаж урссаар байдаг.
8Хүн үүнийг хэлэхийн аргагүй бүх зүйл залхмаар юм.
Нүд харснаараа ханасангүй, чих сонссоноороо дүүрсэнгүй.
9Юу байсан, тэр нь байх болно.
Юу хийгдэж байсан, тэр мөн л хийгдэх болно.
Иймээс наран доор шинэ юм юу ч алга.
10Хэн нэг нь ямар нэг юмыг
“Үүнийг хараач, энэ шинэ зүйл байна” гэж магад.
Тэр нь хэдийн биднээс өмнө байсан зүйл юм.
11Өнийн юмс дурсагдахгүй,
хожим болох юмс ч ирэх үеийнхний санаанд үл үлдмой.
12Би болбоос Номлогч, Иерусалим дахь Израилийн хаан байсан. 13Тэнгэрийн доор үйлдэгддэг бүхнийг мэргэн ухаанаар шинжлэн, судлахын тулд би өөрийн оюун ухааныг зориулав. Энэ нь Бурханаас хүний хөвгүүдийг шаналгах гэж өгсөн ёрын бэрх үүрэг байв. 14Би наран доор хийгддэг бүхнийг үзсэн бөгөөд үзтэл энэ бүхэн нь хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил ажээ. 15Муруй нь тэгширч чадахгүй, байхгүй юмыг ч тоолох аргагүй билээ. 16“Иерусалимд надаас өмнө байсан бүх хүнээс ч илүү мэргэн ухааныг би арвижуулан нэмэгдүүлсэн бөгөөд өөрийн оюун бодлоороо үлэмж мэргэн ухаан хийгээд мэдлэгийг олж авав” гэж би өөртөө хэлэв. 17Түүнчлэн би галзуу тэнэг мулгуу хийгээд мэргэн ухааныг танихад өөрийн оюун бодлыг зориулав. Энэ нь мөн л салхины хойноос хөөцөлдөхтэй адил ажээ. 18Учир юу гэвэл, мэргэн ухаан их бөгөөс зовлон ихдэнэ, мэдлэг арвижих аваас шаналал нэмэгдэх буюу.