6 1Хүүхдүүд ээ, [Эзэн дотор] эцэг эхээ дага. Учир нь энэ бол зөв юм. 2“Эцэг эхээ хүндэл”. Энэ нь амлалт бүхий эхний тушаал бөгөөд 3“Энэ нь чамд сайн бөгөөд чи дэлхий дээр урт наслах болно” гэжээ. 4Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ бүү уурлуул. Харин тэднийг Эзэний дэг журам болон сургамж дотор хүмүүжүүл.
5Боолчууд аа, Христийг дагадгийн адил та нар эмээхүй болон чичрэлтээр чин сэтгэлээсээ махан биеийн дагуу эздэд дуулгавартай бай. 6Хүмүүст нийцүүлэгчдийн адил харцаар үйлчлэлгүй, харин Христийн боолууд адил Бурханы хүслийг зүрх сэтгэлээсээ үйлд. 7Хүмүүст биш, харин Эзэнд мэт сайн хүслээр үйлчил. 8Боол, эсвэл чөлөөт байх нь ялгаагүй аливаа хүн ямар нэг сайн зүйл хийвэл тэр хүн Эзэнээс түүнийгээ буцааж авна гэдгээ мэдэн үйлчил. 9Эзэд ээ, үүний адил боолууддаа ханд. Тэдний болон та нарын Эзэн тэнгэрт байгааг болон Түүний ялгаварладаггүй болохыг ойлгон, айлгаж сүрдүүлэхээ боль.
10Эцэст нь Эзэн дотор ба Түүний чадлын агуу хүч дотор бэхжигтүн. 11Та нар диаволын заль мэхний эсрэг бат зогсох чадвартай байхын тулд Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс. 12Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ. 13Тиймээс бүхнийг хийсний дараа, бузар муу өдөрт эсэргүүцэн бат зогсох чадвартай байхын тулд Бурханы бүрэн зэвсгийг ав. 14Тэгээд бат зогс. Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үнэнийг бүсэлж, зөвт байдлын хуягийг өмсөөд, 15амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс. 16Энэ бүгд дээр муу нэгний бүх галт сумыг унтрааж чадах итгэлийн бамбай, 17авралын дуулгыг болон Сүнсний сэлэм буюу Бурханы үгийг ав. 18Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд бүх ариун хүмүүсийн төлөөх цөхрөлтгүй бүх оролдлого, гуйлтаараа сэргэг бай. 19Сайн мэдээний нууцыг зоригтойгоор мэдүүлэхээр миний ам ангайхад үг өгөгдөхийн тулд миний төлөө залбир. 20Үүнийг хэрхэн зоригтойгоор ярих ёстой, тэгж ярихын тулд би сайн мэдээний төлөө элчин сайд болов.
21Та нарт бас миний байдлын тухай болон юу хийж байгааг минь мэдүүлэхийн тулд Эзэн дотор итгэлт үйлчлэгч хайрт дүү Тухик та нарт бүгдийг мэдэгдэх болно. 22Тэр та нарт бидний байдлыг мэдүүлэн та нарын зүрхийг тайвшруулаг хэмээн, энэ зорилгоор би түүнийг илгээлээ.
23Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс амар амгалан болон хайр нь итгэлийн хамт ах дүү нарт байг. 24Бидний Эзэн Есүс Христийг хувиршгүй хайраар хайрлагч бүх хүнд нигүүлсэл байх болтугай.