22 1Дараа нь теман хүн Елифаз хариулж,
2-Хүн Бурханд ашиглагдахаар байж чадах уу?
Эсвэл мэргэн хүн өөртөө ашигтай байж чадах уу?
3Чи шударга байдаг гээд Төгс Хүчит Нэгэнд ямар нэгэн таалал өгөх үү?
Эсвэл чи өөрийн замаа төгс болгодог гээд Түүнд ашиг өгөх үү?
4Чиний хүндлэлээс болж Тэрээр чамайг зэмлэж,
чиний эсрэг шүүлт явуулдаг юм гэж үү?
5Чиний хар санаа үлэмж их,
чиний гэм буруу төгсөшгүй бус уу?
6Учир нь чи ах дүүсээсээ шалтгаангүйгээр барьцаа авч,
хүмүүсийг нүцгэлсэн билээ.
7Ядарсан хүнд чи уух ус өгөхгүй,
өлссөн хүнээс талх харамласан.
8Гэвч газар дэлхий хүчит хүнд харьяалагддаг бөгөөд
алдар хүндтэй хүн энд оршин суудаг.
9Чи бэлэвсэн эмэгтэйчүүдийг хоосон буцаасан бөгөөд
өнчин хүүхдүүдийн хүч няцсан билээ.
10Тиймээс урхиуд чамайг хүрээлж,
гэнэтийн аймшиг чамайг түгшээдэг нь,
11өө харанхуй, чи харж чадахгүй болохын тулд бөгөөд
арвин их ус чамайг нөмөрдөг билээ.
12Бурхан тэнгэрийн өндөрт байгаа бус уу?
Алсын одод уруу хар, тэд ямар өндөр юм бэ!
13Чи “Бурхан юу мэддэг билээ?
Тэрээр гүн харанхуйг нэвтлэн шүүж чадах уу?
14Үүлс Түүний нуугдах газар тул Тэрээр харж чаддаггүй.
Тэрээр тэнгэрийн тойрогт алхдаг” гэдэг.
15Хорон муу хүмүүсийн явж өнгөрсөн эртний жимээр чи дагах уу?
16Тэд цагаасаа өмнө авагдаж,
тэдний сууриуд гол мөрнөөр угаагдаж устсан.
17Тэд Бурханд “Биднээс холд!”,
мөн “Төгс Хүчит Нэгэн тэдэнд юу хийж чадах юм бэ?” гэж хэлсэн.
18Гэсэн хэдий ч Тэрээр тэдний гэрүүдийг сайнаар дүүргэсэн билээ.
Харин хорон муу хүмүүсийн зөвлөгөө надаас хол байдаг.
19Зөв шударга хүмүүс хараад,
баярладаг бөгөөд гэмгүй хүмүүс тэднийг тохуурхаж,
20“Бидний өстнүүд үнэхээр таслагдаж,
тэдний дүүрэн юмсыг гал шатаав” гэцгээдэг.
21Одоо Түүнийг таньж, Түүнтэй эвтэй байгтун.
Ийм л замаар чамд сайн нь ирэх болно.
22Түүний амнаас зааврыг хүлээн авч,
Түүний үгсийг зүрхэндээ үндэслүүлээч.
23Хэрэв чи Төгс Хүчит Нэгэн уруу эргэвэл, чи дахин сэргэнэ.
Хэрэв чи шударга бус байдлыг хол зайлуулаад,
24алтыг шороонд булж,
Офирын алтыг горхинуудын чулуудын дунд орхих аваас,
25тэгвэл Төгс Хүчит Нэгэн чиний алт болон шилмэл мөнгө болох болно.
26Учир нь тэгэх аваас чи Төгс Хүчит Нэгэний таалалд оршиж,
нүүрээ Бурхан уруу өргөх болно.
27Чи Түүнд залбирах бөгөөд
Тэрээр чамайг сонсох болно.
Чи тангаргуудаа ч биелүүлэх болно.
28Чи бас нэг юмыг санах бөгөөд
тэр нь чиний төлөө бүтэмжтэй байх болно.
Чиний зам дээр гэрэл гийх болно.
29Тэд чамайг дорд болгоход чи итгэлтэйгээр ярих болно.
Тэрээр даруу хүнийг аврах болно.
30Тэрээр гэмгүйг аврах бөгөөд
тэр хүн чиний цэвэр гараар дамжуулан аврагдах болно гэв.