10 1Иошуа Аиг эзлэн авч, түүнийг бүрмөсөн устгасан (Иерихо болон түүний хааныг хэрхсэнийхээ адилаар Аи болон түүний хаанд Иошуа тийн хандсан билээ), мөн Гибеоны ард түмэн Израильтай энхийн гэрээ байгуулж, Израилийн газар нутагт багтсан зэргийг Иерусалимын хаан Адони-зедек сонсоод 2ихэд айн түгшив. Учир нь Гибеон бол хаан хотуудын адил аугаа том хот бөгөөд Аигаас ч том, бүх эрчүүд нь ч хүчирхэг байсан юм. 3Иймээс Иерусалимын хаан Адони-зедек нь Хеброны хаан Хохам, Иармутын хаан Пирам, Лахишийн хаан Иафиа болон Еглоны хаан Дебир нарт үг илгээн
4-Наашаа ирж надад туслагтун. Гибеон уруу довтолцгооё. Учир нь тэд Иошуа болон Израилийн хөвгүүдтэй энхийг тогтоосон билээ гэв. 5Тийнхүү Иерусалим, Хеброн, Иармут, Лахиш, Еглоны хаад болох аморичуудын эдгээр таван хаан хүчээ нэгтгэн, бүх цэргүүдтэйгээ явж, Гибеоны ойролцоо байрлан, түүний эсрэг довтлов.
6Тэгэхэд Гибеоны эрчүүд Гилгалын хуаран уруу, Иошуад үг илгээн
-Та зарц нараа бүү хөсөр хаяач. Уулархаг нутагт амьдардаг аморичуудын бүх хаад бидний эсрэг нэгдээд байгаа учраас бидэн уруу даруйхан ирж, биднийг авран туслаач гэв. 7Тиймээс Иошуа бүх цэргийн хүмүүстэйгээ, хамаг эрэлхэг дайчдынхаа хамтаар Гилгалаас хөдлөв. 8Мөн ЭЗЭН Иошуад
-Тэднээс бүү ай. Учир нь Би тэднийг гарт чинь өгсөн. Тэдний нэг нь ч та нарыг сөрөн зогсож чадахгүй гэж айлдлаа. 9Тийнхүү Иошуа Гилгалаас шөнөжин алхсаар, тэдний дээрээс гэнэт буув. 10ЭЗЭН тэднийг Израилийн өмнө балмагдуулсан бөгөөд Гибеонд тэднийг үй олноор нь хядаж, Бет-хорон уруу өгссөн замаар тэднийг хөөн, Азека болон Маккеда хүртэл тэднийг цохив. 11Тэд израильчуудын урд талд зугтаж, Бет-хороны замаар уруудаж байхад ЭЗЭН тэдний дээр тэнгэрээс том том мөндрийг Азека хүртэл буулгасан бөгөөд тэд үхэцгээв. Мөндөрт цохиулан үхэгсэд нь Израилийн хөвгүүдийн илдэнд алагдагсдаас их байлаа.
12ЭЗЭН аморичуудыг Израилийн хөвгүүдэд өгсөн тэр өдөр Иошуа ЭЗЭНд хандан, израильчуудын нүдний өмнө
-Өө нар минь, Гибеоныг гийгүүлж,
Өө сар минь, Аиалоны хөндийн дээр мэлтийн тогтооч гэв.
13Тийнхүү ард олон дайснаасаа өшөөгөө автал нар гийгүүлж,
сар мэлтийн тогтжээ.
Ийнхүү нар тэнгэрийн голд тогтож,
бүтэн өдрийн турш огт хэвийсэнгүй. 14Үүнтэй адил, ЭЗЭН хүний дууг сонссон өдөр үүний урьд ч, үүнээс хойш ч байсангүй. Учир нь ЭЗЭН Израилийн төлөө дайтав. 15Дараа нь Иошуа болон бүх Израиль Гилгал дахь хуаран уруугаа буцав.
16Харин нөгөө таван хаан зугтан, Маккедагийн агуйд нуугдав. 17Таван хаан Маккедагийн агуйд нуугдаж байгааг Иошуа сонсоод,
18-Агуйн аманд том чулуунуудыг өнхрүүлэн тавьж, дэргэд нь хэдэн хүнээр хаадыг мануул гэж хэлэв.
19-Харин өөрсдөө тэнд бүү зогсоцгоо. Дайснаа хөөн, ар талаас нь довтол. Та нарын Бурхан ЭЗЭН тэднийг гарт чинь өгсөн учир тэднийг хотууд уруу нь бүү оруул гэлээ. 20Иошуа болон Израилийн хөвгүүд тэднийг бараг үгүй болтол үй олноор нь хядаж дуусаад, тэднээс амьд гарсан цөөнх нь бэхлэлт босгосон хотдоо хүрсний дараа 21бүхий л хүмүүс Маккеда дахь хуаранд байгаа Иошуа уруу аюулгүйгээр буцаж ирэв. Хэн ч Израилийн хөвгүүдийн хэнийх нь ч эсрэг ганц ч үг дуугарсангүй.
22Тэгтэл Иошуа
-Агуйн амыг онгойлгож, таван хааныг над уруу авчир гэв. 23Тийнхүү тэд агуйгаас Иерусалим, Хеброн, Иармут, Лахиш, Еглоны хаан зэрэг эдгээр таван хаадыг гарган түүн уруу авчрав. 24Тэд хаадыг гарган Иошуа дээр авч ирэхэд, Иошуа Израилийн бүх эрчүүдийг дуудан, өөртэй нь хамт явсан цэргийн жанжнуудад
-Нааш ирж, эдгээр хаадын хүзүүн дээр хөлөө тавь гэж хэлэв. Тийнхүү тэд ойртон ирж, тэдгээр хаадын хүзүүн дээр хөлөө тавилаа. 25Иошуа тэдэнд
-Бүү айж эмээгтүн. Хүчтэй бөгөөд зоригтой бай. Учир нь та нартай дайтах бүх дайсныг чинь ЭЗЭН ингэх болно гэлээ. 26Үүний дараа Иошуа тэднийг цавчин алж, таван модноос дүүжлэв. Тэд орой болтол модонд өлгөөстэй байлаа. 27Нар жаргахад Иошуа тушааж, тэднийг буулгаж аван, нуугдаж байсан агуйд нь хаяв. Агуйн аманд том чулуунуудыг тавьсан нь өнөөг хүртэл бий.
28Мөн тэр өдөр Иошуа Маккедаг эзлэн авч, түүнийг сүйтгэж, хааныг нь цавчин, түүнийг дотор нь байсан бүх хүмүүстэй нь хамт устгав. Тэр нэг ч хүнийг амьд үлдээсэнгүй. Тэр Иерихогийн хааныг хэрхсэнийхээ адил Маккедагийн хаанд тийнхүү үйлдэв.
29Дараа нь Иошуа болон түүнтэй хамт бүх Израиль Маккедагаас Либна уруу явж, Либнагийн эсрэг довтлов. 30ЭЗЭН мөн уг хотыг хаантай нь хамт Израилийн гарт өгөв. Иошуа уг хотыг болон бүх хүмүүсийг нь илдний ирээр цохив. Тэр тэнд нэг ч амьд хүн үлдээсэнгүй. Тэр Иерихогийн хаанд юу хийсний адилаар энэ хотын хаанд ч тийн хандав.
31Тэгээд Иошуа болон түүнтэй хамт бүх Израиль Либнагаас цаашаа Лахиш уруу явж, түүний дэргэд буудаллан, түүний эсрэг довтлов. 32ЭЗЭН Лахишийг Израилийн гарт өгчээ. Иошуа түүнийг хоёр дахь өдрөө эзлэн авч, Либнад хийснийхээ адил дотор нь байсан бүх хүнийг илдний ирээр цохив.
33Энэ хооронд Гезерийн хаан Хорам Лахишт туслахаар ирсэн боловч түүнд нэг ч амьд хүн үлдэхгүй болтол нь Иошуа түүнийг болон хүмүүсийг нь ялан дийлэв.
34Иошуа болон түүний хамт бүх Израиль Лахишаас Еглон уруу яван, дэргэд нь буудаллаж, түүний эсрэг довтлов. 35Тэд түүнийг тэр өдрөө эзлэн авч, илдний ирээр цохив. Лахишт үйлдсэнтэйгээ нэгэн адил Иошуа тэр өдөр дотор нь байсан бүх хүнийг бүрмөсөн устгав.
36Ингээд Иошуа болон түүнтэй хамт бүх Израиль Еглоноос цаашаа Хеброн уруу очиж, түүний эсрэг дайтав. 37Тэд хотыг эзлэн авч, түүнийг, хаадыг нь, бүх тосгод болон тэдгээрийн дотор нь байсан бүх хүмүүсийг илдний ирээр цохив. Тэр Еглонд үйлдсэнтэйгээ адилаар үйлдэн хэнийг ч амьд үлдээлгүй бүрмөсөн устгав.
38Тэгээд Иошуа болон түүнтэй хамт бүх Израиль Дебир уруу буцан, түүний эсрэг дайтав. 39Тэд хотыг хаантай нь болон бүх тосгодтой нь эзлэн авч, тэднийг илдний ирээр цохин, дотор нь байсан бүх хүмүүсийг бүрмөсөн устгав. Тэр нэг ч хүнийг амьд үлдээсэнгүй. Тэр Хеброн, бас Либна болон хаанд нь яаж хандсаны адилаар Дебир болон хаанд нь мөн тийнхүү үйлдэв.
40Ийнхүү Иошуа уулархаг нутаг, Негев, нам дор газар, мөн уулын налуу бэл зэрэг бүх нутгийг хаадтай нь хамт бут цохив. Тэр нэг ч хүнийг амьд үлдээсэнгүй, харин Израилийн Бурхан ЭЗЭНий тушааснаар амьсгалтай бүхнийг бүрмөсөн устгав. 41Иошуа тэднийг Кадеш-барнеагаас Газыг хүртэл буюу Гошены бүх нутгийг Гибеоныг хүртэл бут цохив. 42Израилийн Бурхан ЭЗЭН Израилийн төлөө дайтсан тул, Иошуа тэдгээр бүх хаадыг болон тэдний нутгийг нэг дор эзлэв. 43Тэгээд Иошуа бүх Израилийн хамтаар Гилгал дахь хуаран уруугаа буцлаа.