21 1Негевд амьдарч байсан Арадын хаан, канаан хүн нь Израилийг Атаримын замаар ирж явааг сонсоод Израилийн эсрэг дайтаж, тэдний заримыг нь олзлов. 2Тиймээс Израиль ЭЗЭНд андгайлан
-Хэрэв Та үнэхээр энэ ард түмнийг миний гарт өгөх аваас би тэдний хотуудыг бүрмөсөн устгах болно гэв. 3ЭЗЭН Израилийн дуу хоолойг сонсож, канаанчуудыг тэдэнд тушаав. Тэгээд израильчууд тэднийг болон хотуудыг нь бүрмөсөн устгав. Тийнхүү тэр газрын нэрийг Хорма гэх болжээ.
4Дараа нь тэд Едомын нутгийг тойрон явахаар Улаан тэнгисийн замд буй Хор уулаас хөдөлсөн юм. Аяны улмаас ард түмэн тэвчээргүй болов. 5Ард түмэн Бурханы болон Мосегийн эсрэг ярьж
-Энэ цөл газарт үхүүлэхээр юунд чи биднийг Египетээс гарган авчрав? Учир нь энд талх ч алга, ус ч алга. Бид энэ заваан хүнсийг жигшиж байна гэцгээлээ. 6ЭЗЭН ард түмний дунд галт могойнуудыг илгээхэд, тэд ард олныг хатгажээ. Ингэснээр Израилийн олон хүн үхэв. 7Тиймээс ард түмэн Мосе уруу ирж
-Бид ЭЗЭН болон таны эсрэг ярьснаас болж нүглийг үйлдэв. Биднээс могойнуудыг зайлуулахаар ЭЗЭНд зуучлан залбираач гэв. Мосе ард олны төлөө зуучлан залбирав. 8Тэгтэл ЭЗЭН Мосед
-Галт могой хийж, түүнийг шургаагны оройд байрлуулагтун. Тэгвэл хатгуулсан хүн бүр түүнийг хараад амьдрах болно гэв. 9Мосе хүрэл могойг хийж, түүнийг шургаагны оройд байрлуулав. Хэрвээ хэн нэгэн хүнийг могой хатгасан байвал, тэр хүн хүрэл могойг хараад амьдарч байлаа.
10Ингээд Израилийн хөвгүүд нүүж Оботод буудаллав. 11Тэд Оботоос аялан явж, зүүн зүгт Моабын харалдаа орших цөл дэх Иеабаримд буудаллав. 12Тэндээс тэд хөдөлж, Вади-Зередэд буудаллаа. 13Тэндээс тэд аялан, аморичуудын хил хүртэл үргэлжлэх цөл дэх Арноны нөгөө талд буудаллажээ. Учир нь Арнон бол Моаб, аморичуудын хоорондох Моабын хил хязгаар нь байв. 14Тиймээс ч үүнийг ЭЗЭНий Дайны Номд
“Суфа дахь Вахеб ба Арноны Вадис,
15Арын талбай уруу сунан,
Моабын хил хязгаарыг түшсэн Вадисын хормой” 16Тэндээс тэд ЭЗЭНий Мосед “Ард олныг цуглуулагтун. Би тэдэнд ус өгье” хэмээн айлдсан худаг болох Беер уруу явав.
17Дараа нь Израиль энэхүү дууг дууллаа.
-Оргилогтун, худаг аа! Түүнд дуулагтун.
18Удирдагчдын малтаж,
ард олны язгууртнуудын очирт таягаар болон
тэдний таягуудаар ухсан худаг. 19Маттанагаас Нахалиел уруу, Нахалиелаас Бамот уруу, 20Бамотаас зэлүүд нутаг уруу харсан Писгагийн өндөрлөг дээр орших Моабын нутаг дахь хөндий уруу явав.
21Дараа нь Израиль аморичуудын хаан Сихонд элч нарыг илгээн,
22-Танай нутгаар намайг дамжин өнгөрүүлээч. Бид тариан талбай, эсвэл усан үзмийн цэцэрлэг уруу хазайхгүй. Бид худгуудаас ус уухгүй. Бид танай нутгийн хилээр өнгөртөл хааны их замаар л явах болно гэлээ. 23Гэвч Сихон нь өөрийн хилээр дамжин өнгөрөхийг Израильд зөвшөөрсөнгүй. Тэгээд Сихон өөрийн бүх ард түмнийг цуглуулан, цөлд Израилийг эсэргүүцэхээр гарч, Иахаз уруу ирж Израилийн эсрэг дайтав. 24Тэгээд Израиль түүнийг илдний ирээр цохиж, Арнонаас Иаббок хүртэл, Аммоны хөвгүүдийг хүртэлх түүний газрыг эзлэн авав. Учир нь Аммоны хөвгүүдийн хил нь Иазер байлаа. 25Израиль тэдгээр бүх хотуудыг авсан бөгөөд аморичуудын бүх хотуудад, Хешбон болон түүний бүх тосгодод Израиль амьдрав. 26Учир нь Хешбон нь аморичуудын хаан Сихоны хот байлаа. Тэрээр Моабын өмнөх хааны эсрэг дайтан, Арнон хүртэлх түүний бүх нутгийг гараас нь авчээ. 27Тиймээс зүйр үгээр яригсад нь
“Хешбонд ирэгтүн.
Тэр нь босгогдог!
Сихоны хот нь байгуулагдаг.
28Учир нь Хешбоноос гал,
Сихоны хотоос дөл гарчээ.
Тэр нь Моабын Арыг,
Арноны ноёрхогч өндөрлөгүүдийг цөлмөв.
29Моаб аа, чамд гай ирэг!
Хемошийн ард олон оо, та нар сүйрсэн байна!
Тэрээр Аморийн хаан Сихонд өөрийн хөвгүүдийг оргодол мэт өгч,
өөрийн охидыг олзлуулав.
30Гэвч бид тэднийг доош хаяж,
Хешбон нь Дибоныг хүртэл сүйрэв.
Дараа нь бид Медеба хүртэл тэлсэн Нофаг хүртэл бут ниргэв” 31Ийнхүү Израиль нь аморичуудын нутагт амьдрав. 32Иазерыг тагнахаар Мосе хүн илгээжээ. Тэд тосгодыг нь эзэлж, тэнд байсан аморичуудыг хөөв.
33Дараа нь тэд эргэж, Башаны замаар өгсөв. Башаны хаан Ог Едреид дайтахаар өөрийн бүх ард түмэнтэй хамт гарав. 34Гэвч ЭЗЭН Мосед
-Түүнээс бүү ай. Учир нь түүнийг болон түүний бүх ард түмнийг, түүний нутгийг Би чиний гарт өгсөн. Хешбонд амьдарч байсан аморичуудын хаан Сихонд үйлдсэний адил чи түүнд үйлдэгтүн гэж айлдав. 35Тиймээс тэд түүнийг болон хөвгүүдийг нь, бүх ард түмнийг нь ганц ч хүн үлдэхгүй болтол нь хядаж, нутгийг нь эзэмшив.