22 1Тэр надад Бурханы болон Хурганы сэнтийнээс гарах талст мэт гялалзсан амийн усны голыг үзүүлсэн нь 2гудамжных нь төвд байв. Голын хоёр талд арван хоёр төрлийн үр жимс ургуулан, сар бүр үр жимсээ боловсруулж буй амийн мод байлаа. Тэр модны навчис нь үндэстнүүдийг эдгээхийн тулд байв. 3Тэнд цаашид ямар ч хараал байхгүй болно. Мөн Бурхан ба Хурганы сэнтий түүний дотор байж, боолууд нь Түүнд үйлчилнэ. 4Тэд Түүний царайг харна. Мөн Түүний нэр тэдний духан дээр байх болно. 5Тэнд цаашид шөнө болохгүй. Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дэнлүүний гэрэл ч, нарны гэрэл ч хэрэггүй болно. Учир нь Эзэн Бурхан тэднийг гийгүүлнэ. Тэгээд тэд үеийн үед хаанчлах болно.
6Тэр надад
-Эдгээр үгс нь итгэмжит бөгөөд үнэн. Эш үзүүлэгчдийн сүнсний Бурхан Эзэн удахгүй болох ёстой зүйлсийг Өөрийн зарц нартаа үзүүлэхийн тулд тэнгэр элчээ илгээв. 7“Харагтун, Би удахгүй ирнэ. Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг сахигч нь ерөөлтэй еэ!” гэсэн гэж хэлэв.
8Иохан, би бол эдгээр зүйлсийг үзэж, сонссон нэгэн юм. Би үзэж, сонсоод эдгээр зүйлсийг надад үзүүлсэн тэнгэр элчид мөргөхөөр хөлд нь унав. 9Тэр надад
-Ингэсний хэрэггүй. Би бол чиний болон эш үзүүлэгч ах дүүсийн чинь, мөн энэхүү номын үгсийг сахигсдын хамтран зүтгэгч боол билээ. Бурханд мөргө гэв. 10Тэр надад ингэж хэлэв.
-Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг бүү лацад. Учир нь цаг ойрхон байна. 11Бурууг үйлддэг нэгэн нь буруугаа үйлдсээр л байг. Бузар муу нэгэн нь бузар муу чигээрээ л байг. Зөвт нэгэн нь зөвт байдлаа хэрэгжүүлсээр л байг. Ариун нэгэн нь өөрийгөө ариунаар сахисаар л байг.
12Харагтун, Би удахгүй ирнэ. Хүн бүрд үйлдсэнийх нь дагуу буцаан төлөхийн тулд Миний шагнал Надтай хамт байгаа. 13Би бол Альфа ба Омега, Эхэн ба Эцэс, Эхлэл ба Төгсгөл мөн.
14Амийн мод уруу очих эрхтэй болохын тулд болон хаалгаар хот уруу орохын тулд дээлээ угаагчид нь ерөөлтэй еэ! 15Гадна талд нь ноход, мэргэ төлөгчид, завхай хүмүүс, алуурчид, шүтээнд мөргөгчид болоод худлыг хайрладаг, үйлддэг бүхэн байна.
16Есүс Би чуулгануудын төлөө та нарт эдгээр зүйлийг гэрчлэхийн тулд Өөрийн тэнгэр элчийг илгээлээ. Би бол Давидын Удам ба Үндэс, гэрэлт үүрийн цолмон билээ гэв. 17Сүнс болон сүйт бүсгүй
-Ирээрэй гэнэ. Сонсогч нь
-Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.
18Энэхүү номын эш үзүүллэгийн үгсийг сонсогч бүрд би гэрчилж байна. Хэрэв хэн нэгэн нь эдгээрийн дээр нэмэх аваас, Бурхан энэхүү номд бичигдсэн гамшгуудыг түүнд нэмэх болно. 19Хэрэв хэн нэгэн нь энэхүү эш үзүүллэгийн номын үгсээс хасах аваас Бурхан энэхүү номд бичигдсэн амийн модноос болон ариун хотоос хувийг нь хасах болно.
20Эдгээр зүйлсийг гэрчлэгч Тэр
-Тийм ээ, Би удахгүй ирнэ гэж айлдаж байна. Амен. Ирээрэй, Эзэн Есүс ээ!
21Эзэн Есүсийн нигүүлсэл бүгдтэй хамт байх болтугай. Амен.