41Боаз дааман хаалган дээр очиж, тэнд суухад Боазын өгүүлсэн мөнөөх ойрын хамаатан өнгөрч явах нь харагдав. Тэр түүнд
-Найз минь ирээд энд суу гэв. Тэр ирж суув. 2Тэгээд тэр хотын ахлагчдаас арван хүнийг авчран
-Энд суугтун хэмээн өгүүлсэнд тэд сууцгаав. 3Тэгээд тэр хамгийн ойрын хамаатанд хандан
-Моабын нутгаас буцаж ирсэн Наоми нь бидний ах дүү болох Елимелехийн хэсэг талбайг худалдах ёстой. 4Тиймээс би чамд мэдэгдье гэж бодоод “Энд сууж буй хүмүүсийн өмнө болон миний ардуудын ахлагчдын өмнө түүний өвийг золин авагтун. Хэрэв чи түүний өвийг золин авъя гэвэл түүнийг авагтун. Харин үгүй бол надад хэлээрэй! Би мэдье. Учир нь чамаас өөр өвийг нь золин авах хүн байхгүй. Би чиний дараагийнх юм” хэмээв гэхэд тэр
-Би өвийг нь золин авна гэв. 5Тэгтэл Боаз
-Чи Наомийн гараас тариалангийн талбайг золин авах тэр өдөртөө, мөн нас барагчийн нэрийг түүний өвд өргөхийн тул нас барагчийн бэлэвсэн эхнэр буюу Моаб эмэгтэй Рутыг авах ёстой гэв. 6Хамгийн ойрын хамаатан
-Би өөртөө өвийг нь золин авч чадахгүй. Эс бөгөөс би өөрийнхөө өвийг сүйрүүлнэ. Чи өөртөө үүнийг зольж ав. Чи миний золин авах эрхийг авч болно. Учир нь би үүнийг золин авч чадахгүй гэв.
7Израильд урьдын цагт золин авах болон газар солилцох талаар ямар нэгэн хэргийг батлахдаа ийм заншилтай байв. Нэг нь шаахайгаа тайлж, нөгөөдөө өгдөг байв. Энэ нь Израильд баталгаатай болгох арга байв. 8Тэгээд өвийг золигч нь Боазд
-Чи өөртөө үүнийг золин авагтун хэмээн өгүүлээд шаахайгаа тайлав. 9Тэгтэл Боаз ахлагчид хийгээд хамаг ардад
-Өнөөдөр би Наомийн гараас Елимелех болон Хилион, Махлон нарт харьяалагдах бүхнийг худалдан авсны гэрч нар нь та нар юм. 10Бас нас барсан хүний нэрийг өвд нь үлдээхийн тулд би Махлоны бэлэвсэн эхнэр Моаб эмэгтэй Рутыг өөрийн эхнэр болгон авав. Ингэснээр нас барсан хүний нэр нь ах дүү нараасаа болон төрсөн газрынхаа хашаанаас таслагдахгүй юм. Өнөөдөр та нар гэрч нар гэв. 11Хашаан дотор байсан бүх ардууд болон ахлагчид
-Бид гэрч нар мөн. Чиний гэрт орж ирж буй тэр эмэгтэйг ЭЗЭН Израилийн гэрийг босгогч Рахел, Леа хоёрын адил болгох болтугай. Чи Ефратад эд баялаг олж, Бетлехемд алдарших болтугай. 12Мөн ЭЗЭНий энэ залуу эмэгтэйгээр өгөх үр удмаар дамжуулан гэр чинь Тамараас Иудад төрүүлсэн Перезийн гэр адил болох болтугай гэв.
13Ингээд Боаз Рутыг авч, тэр эмэгтэй түүний эхнэр болов. Боаз түүн уруу орсонд ЭЗЭН түүнд үр тогтоон өглөө. Тэгээд тэр хүү төрүүлэв. 14Тэгтэл эмэгтэйчүүд Наомид
-Чамайг өнөөдөр өвийг золигчгүйгээр орхиогүй ЭЗЭН магтагдах болтугай! Тэгээд түүний нэр Израильд алдарших болтугай! 15Тэр нь мөн танд амьдралыг сэргээгч, өндөр насны тань тэтгэгч байх болтугай. Учир нь танд хайртай бэр чинь түүнд хүү төрүүлж өгөв. Рут танд долоон хөвгүүнээс ч илүү дээр билээ гэцгээв. 16Тэгээд Наоми хүүхдийг авч, өвөр дээрээ хэвтүүлээд түүнийг асрах болов. 17Хөрш эмэгтэйчүүд нь
-Наомид хүү төрөв хэмээн өгүүлэлдэж, түүнд нэр өгөв. Тэгээд тэд түүнийг Обед хэмээн нэрлэв. Тэр бол Давидын эцэг болох Иессийн эцэг юм.
18Перезийн удам угсаа нь энэ юм. Перезд Хезрон төрсөн билээ. 19Хезронд Рам, Рамд Амминадаб, 20Амминадабт Нахшон, Нахшонд Салмон, 21Салмонд Боаз, Боазд Обед, 22Обедод Иесси, Иессид Давид төржээ.