1 1Бурханы боол бөгөөд Есүс Христийн элч Паул би Бурханаар сонгогдсон хүмүүсийн итгэл болон бурханлаг байдлын дагуух үнэний мэдлэгийн төлөө элч болгогдсон юм. 2Тэр нь мэхэлдэггүй Бурханы мөнх цагаас өмнө амласан мөнх амийн найдварт үндэслэсэн юм. 3Бурхан зохистой цагт Өөрийн Үгийг бидний Аврагч Бурханы тушаалаар надад даалгасан тунхаглалаар илэрхийлжээ. 4Нийтлэг итгэлийн дагуу миний жинхэнэ хүүхэд болох Титэд би энэ захидлыг илгээв. Бидний Аврагч Христ Есүс ба Эцэг Бурханаас амар тайван, нигүүлсэл нь байх болтугай.
5Би чамайг Кретэд үлдээсэн учир нь чи дутуу зүйлийг гүйцээж, миний чамд зааварласны дагуу хот болгонд ахлагчдыг томилохын тулд юм. 6Ахлагч хүн гэм зэмгүй, нэг эхнэрийн нөхөр, итгэгч хүүхдүүдтэй байх бөгөөд хүүхдүүд нь дураараа дургидаг, эсвэл тэрслүү хэмээн буруутгагдаагүй байх ёстой. 7Юу гэвэл, харгалзагч нь Бурханы нярав учраас гэм зэмгүй, дур зоргоороо болон түргэн зантай биш, дарсанд шунахайрдаггүй, зодоонч биш, хялбар олз ашиг хайдаггүй, 8харин зочломтгой, сайнд дуртай, ухаалаг, шударга, ариун, биеэ барьдаг байх ёстой бөгөөд 9сургаалын дагуу итгэлт үгийг баримтлах ёстой. Тэгснээр тэр эрүүл сургаалаар ухуулах болон эсэргүүцэгч хүмүүсийн алдааг ойлгуулахын аль алинд нь чадвартай байх болно.
10Учир нь олон тэрслүү хүмүүс, дэмий яригчид хийгээд мэхлэгчид, ялангуяа хөвч хөндөх ёслол үйлдэгсэд байдаг. 11Тэд бузар олз ашгийн төлөө заах ёсгүй юмсыг зааж, айл өрхийг ч бүхэлд нь хөмрөн хаядаг учраас тэднийг дуугүй болгох ёстой. 12Өөрсдийнх нь эш үзүүлэгч болох тэдний нэгэн хүн “Кретчүүд үргэлж худал ярьдаг хүмүүс, бузар араатнууд, залхуу ховдгууд юм” гэж хэлжээ. 13Энэ гэрчлэл бол үнэн юм. Ийм учраас тэднийг хатуу зэмлэ. Ингэснээр тэд итгэл дотор эрүүл байн, 14иудейчүүдийн үлгэр домгууд болон үнэнийг огоорогч хүмүүсийн тушаалуудад анхаарлаа хандуулахгүй болно. 15Цэврийн хувьд бүх юм цэвэр ажээ. Харин бузартсан болоод итгэлгүй хүмүүсийн хувьд юу ч цэвэр биш. Харин тэдний ухаан ба мөс чанар нь хоёулаа бузартсан байдаг. 16Тэд Бурханыг мэднэ гэж шууд хүлээн зөвшөөрдөг атлаа бузар, дуулгаваргүй бөгөөд алив сайн үйлд зохисгүй байн, үйлсээрээ үгүйсгэдэг.