Вавилоны эсрэг тунхаглал

13  1 Амозын хүү Исаиагийн үзсэн,

 Вавилоны тухай зөн.

Нүцгэн толгодын дээр туг босгож,

Дуугаа тэдэн уруу өндөрсгөн

Гараа дохиж тэднийг

 ноёдын үүд уруу оруул!

Би уур хилэнгээ

 гүйцэлдүүлэхийн тулд

Өөрийн ариусгасан нэгэнд

 тушаал өгсөн.

Өргөмжлөл дотор минь баясдаг

Хүчирхэг дайчдаа дуудсан.

Олон хүний хөл үймээн мэт

Уулсын дээрх

 нүсэр их чимээ шуугиан,

Хамтдаа цугларсан үндэстнүүд,

Хаанчлалуудын үймэлдэх

 асар их чимээ шуугиан!

Түг түмдийн ЭЗЭН

 тулаанд цэргүүдийг

Цуглуулж байна.

Тэд алс холын орноос,

Тэнгэрийн хязгаараас ирж байна.

ЭЗЭН ба Түүний

 зэвүүцлийн зэвсэг

Бүх газрыг устгахаар ирж байна.

ЭЗЭНий өдөр ойрхон учир

 уйлагтун!

Төгс Хүчит Нэгэнээс сүйрэл мэт

 ирж байна.

7 Түүнээс хүн бүрийн

 гар нь суларч,

 зүрх нь хайлна.

8 Тэд айж түгшин

 өвчин зовлон

 тэднийг барина.

Тэд төрөх гэж буй эмэгтэй шиг

 тарчилна.

Тэд балмагдан бие биенээ харж,

Царай нь галын дөл лугаа адил

 шатна.

Газрыг хоосруулж,

 түүний нүгэлтнүүдийг устгах

Аймшигт, уур хилэнгээр бадарсан

 ЭЗЭНий өдөр ирж байгааг

 харагтун.

10 Тэнгэрийн одод болон

 түүний ордууд гэрлээ эс өгөх

 бөгөөд

Нар мандахдаа харанхуйлж,

 сар гэрлээ үл тусгана.

11 Бузар булай явдлынх нь төлөө

 ертөнцийг,

Хилэнцийнх нь төлөө

 буруутныг Би шийтгэнэ.

Би ихэмсэг хүмүүсийн

 дээрэнгүй занг эцэс болгоно.

Хэрцгий догшин хүмүүсийн

 бардам занг басамжилна.

12 Би хүнийг цэвэр алтнаас ч

 илүү үнэтэй болгон

Хүн төрөлхтнийг

 Офирын алтнаас

 ховор болгоно.

13 Би тэнгэрийг донсолгоно.

Түг түмдийн ЭЗЭНий шатаж буй

 уур хилэнгийн өдөр

Түүнийг уурлахад газар

 байрнаасаа чичирнэ.

14 Хүн бүр хөөгдсөн гөрөөс,

Эзэнгүй хонь лугаа адил

Өөрийн хүмүүс тийш эргэж,

Төрөлх нутаг уруугаа зугтана.

15 Олдсон хүн бүрийг жадалж,

Олзлогдсон хүн бүрийг

 илдээр хорооно.

16 Нялхсыг ч нүдний нь өмнө

 хэмх чулуудан

Орон байрыг нь тонож,

Эхнэрүүдийг нь хүчирхийлнэ.

17 Үзэгтүн, Би мөнгийг үл тоогч,

Алтыг үл таашаагч медечүүдийг

Тэдний эсрэг хөдөлгөнө.

18 Нум нь залуусыг хиаруулан

Хэвлийд байгаа үрсийг ч үл

 өршөөнө.

Тэдний нүд хүүхдийг ч эс энэрнэ.

19 Хаанчлалуудын чимэг,

Халдеичуудын бахархлын алдар

 Вавилон нь

Содом, Гоморраг Бурхан

 унагасан шиг унана.

20 Хэзээ ч тэнд хүн эс оршин сууж,

Үеэс үед үл амьдарна.

Арабууд тэнд майхнаа эс барина,

Хоньчид сүргээ үл хотлуулна.

21 Харин тэнд цөлийн амьтад л

 хэвтэж,

Байшингууд нь шар шувуугаар

 дүүрч,

Тэнд тэмээн хяруул амьдарч,

Годрон буг тэнд бүжнэ.

22 Бэхэлсэн цамхгуудад нь

 зэрлэг ноход,

Баян тансаг харшид нь

 цөөвөр чоно улина.

Тэр цаг удахгүй ирнэ,

Тэр өдөр үл хойшлогдоно.