16  1 Селагаас цөл дагуу Сион охины

 уул хүртэлх

Нутгийн захирагч уруу

 хурга илгээгтүн!

2 Үүрнээсээ бутран зугтах

 шувуудын адилаар

Моабын охид Арноны гарам дээр

 байх болно.

“Зөвлөгөө өгч, шийдвэр гаргаач!

Жин үдээр сүүдэрлэн

шөнө мэт болгооч.

Цөлөгдсөн хүмүүсийг нууж,

Оргодлуудыг бүү барьж өгөөч!

Моабын цөлөгдөгсдийг

 өөр дээрээ байлгаач!

Тэдэнд сүйтгэгчээс нуугдах

 газар нь болооч!”

Дарангуйлагчид эцэслэж,

 сүйрэл зогсож,

Түрэмгийлэгчид газраас алга

 болно.

5 Энэрэл хайраар нэгэн сэнтий

 босгогдож,

Давидын майханд шударгаар

 шүүгч тэнд сууна.

Тэр шударга үнэнийг хайж,

Зөв явдалд эс алгуурлана.

6 Бид Моабын бардам, хэт бардам,

Ихэмсэг догшин зангийн тухай

 сонссон билээ.

Хоосон сайрхал нь хуурамч юм.

7 Тиймээс Моаб Моабын төлөө

 орилно.

Хүн бүр орилно.

Чи Кир-харасетийн

 үзмийн боовны төлөө

Бүрмөсөн цочирдон гашуудна.

8 Учир нь Хешбоны талбай,

 Сибмагийн усан үзэм хатав.

Иазер хүрч, цөл хүртэл тархсан

 нахиа нь сунаж,

Далайг өнгөрсөн усан үзмийн

 шилмэл ороонгыг

Үндэстнүүдийн эзэд дэвслэв.

9 Тиймээс Би

 Иазер уйлах лугаа адил,

Сибмагийн усан үзмийн төлөө

 гашуудан уйлна.

Өө, Хешбон, Өө, Елеале!

Зуны жимсний чинь дээр,

Хөсөр унасан ургацын чинь дээр

 хадах уухайн төлөө

Би нулимсаараа та нарыг

 услах болно.

10 Би уухайг нь зогсоосон учир

Үржил шимт газраас баяр хөөр,

наргиан нь алга болов.

Усан үзмийн тариалангийн

 дотор ч

Баяр хөөртэй дуу чимээ,

 хашхирах шуугиангүй болж,

Дарс шахуургад гишгэгчид

 үзэм гишгэхээ болив.

11 Тиймээс дотор бие минь

 Моабын төлөө,

Дотор минь Кир-хересийн төлөө

Босоо ятга мэт дэлсэнэ.

12 Ариун шүтээндээ залбирахаар

 Моаб

 өндөрлөгт гарч ирэвч,

 тэр нь ямар ч тус болохгүй.

13 Энэ нь урьд өмнө Моабын талаар айлдсан ЭЗЭНий үг юм. 14 Гэвч одоо ЭЗЭН

—Хөлсний ажилчны жилүүд лугаа адил гурван жилийн дотор Моабын сүр жавхлантай хамт, олон хүн нь бүгдээр доройтно. Үлдэгсэд нь өчүүхэн агаад сул дорой болно хэмээн айлдаж байна.