Газар дэлхийд айсуй шүүлт

24 Үзэгтүн, ЭЗЭН газрыг хоосруулан хөмрөх гэж байна. Тэрээр газрын гадаргууг эвдэж, оршин суугчдыг нь тараана. Хүмүүс тахилч шиг, боол эзэн шигээ, шивэгчин хатагтай шигээ, худалдан авагч нь худалдагч шиг, зээлдэгч нь мөнгө хүүлэгч шиг, өртөн нь авлагатан мэт байх болно. Дэлхий бүрэн хоосрон, бүрэн тоногдоно. Учир нь ЭЗЭН энэ үгийг айлдсан юм. Дэлхий гашуудан хувхайрна. Ертөнц гаслан хувхайрна. Дэлхийн хүмүүст өргөмжлөгдсөн нь алга болно. 5 Дэлхий өөрийн оршин суугчдын дор бузарлагдав. Учир нь тэд хуулиудыг зөрчиж, тогтоолуудыг өөрчлөн мөнхийн гэрээг эвдэв. Иймээс дэлхийг хараал идэж, түүн дээр амьдрагчид нь гэм нүгэлд автав. Иймээс дэлхийн оршин суугчид нь шатаагдаж, цөөхөн хүн үлдэв.

Шинэ дарс хатаж,

Усан үзмийн мод нь гандана.

Наргианч зүрхтэй бүх хүн

санаа алдана.

Бөмбөрийн хөгжөөнт дуу тасран,

Наргигчдын шуугиан зогсож,

Ятгын баясгалант эгшиг тасарна.

Тэд дарс ууж дуулахаа болино.

Сархад уугчдад энэ нь

 гашуун болно.

10 Самуурсан хот нурж,

Байшин бүр хаагдаж, хэн ч үл орно.

11 Гудамжинд усан үзмийн дарсны

 төлөө орилолдон,

Бүх баяр баясгалан

 уйтгар гуниг болов.

Дэлхийн зугаа цэнгэл арилав.

12 Хотын дотор сүйрэл үлдэж,

Гулдан хаалга нь эвдрэв.

13 Тэгээд энэ нь чидун модыг

 доргиох шиг

Усан үзэм хураалтын дараах

 хаягдал түүх лугаа адил

Дэлхийн төвд, хүмүүсийн дунд

 байх болно.

14 Тэд дуугаа өргөж,

 баяртайгаар хашхирна.

Тэд тэнгисээс

 ЭЗЭНий сүр жавхланг

 бахдан хашхирна.

15 Ийм учраас дорно зүгт

 ЭЗЭНийг алдаршуулж,

Далайн арлуудад Израилийн

 Бурхан ЭЗЭНий

 нэрийг алдаршуулагтун!

16 Дэлхийн хязгаараас “Зөвт Нэгэнд

 алдар нь байг” гэх

 дуунуудыг бид сонсож байна.

Гэвч би “Би харамсаж байна.

 Би харамсаж байна.

Золгүй еэ, урвагч урваж,

Урвагч нь дэндүү урваж байна”

 гэж хэлэв.

17 Дэлхийн оршин суугч аа,

Аймшиг, нүх, занга нь

 дээр чинь байна.

18 Аймшгийн дуунаас зугтагч нь

 нүхэнд унана.

Нүхнээс авиран гарагч нь

 занганд орно.

Учир нь орой дээрх цонхнууд

 нээгдэж,

Дэлхийн сууриуд ганхаж байна.

19 Газар бутран эвдэрч,

Газар хагарч, газар хүчтэй

 ганхана.

20 Дэлхий архичин шиг гуйвж,

Овоохой шиг дайвалзана.

Учир нь гэмт үйлдэл нь

 улам хүнд болж байгаа тул

 тэр унаж,

Дахин хэзээ ч үл босно.

21 Тэр өдөр өндөрт буй

 тэнгэрийн дайчид,

Дэлхий дээрх газрын хаадыг

ЭЗЭН шийтгэнэ.

22 Тэд гяндан дахь хоригдлууд мэт

Хамтдаа бөөгнөрөөд

 шоронд хоригдоно.

Олон хоногийн дараа тэд

 шийтгэгдэнэ.

23 Тэгэхэд сар ичиж, нар гутна.

Учир нь түг түмдийн ЭЗЭН

Сион уулан дээр

 Иерусалимын дотор

 хаанчилж,

Ахмадуудынхаа өмнө

Сүр жавхлангаа байлгана.