Дарлалаас чөлөөгдсөний магтаал

25  1 ЭЗЭН Та миний Бурхан!

Би Таныг өргөмжлөн

Таны нэрд талархал өргөнө.

Учир нь Та өнө эрт төлөвлөсөн гайхамшгуудаа

Төгс итгэмжтэйгээр гүйцэтгэв.

2 Учир нь Та хотыг овоо,

Бэхлэгдсэн хотыг балгас болгов.

Харийнхны шилтгээн нь хот байхаа больж,

Хэзээ ч дахин сэргээгдэхгүй.

Ийм учраас хүчирхэг ард түмэн

Таныг алдаршуулна.

Харгис үндэстнүүдийн хотууд

Танаас эмээнэ.

4 Учир нь Та үгээгүйчүүдэд хамгаалалт нь болж,

Шаналсан ядууст өмөг түшиг болж,

Шуурганаас хоргодох газар,

Халуунаас халхлах сүүдэр нь болсон билээ.

Яагаад гэвэл харгис догшины амьсгал нь

Хананы эсрэг аадар,

Гантай газрын халуун лугаа адил билээ.

Үүлэн сүүдэр бүгчим халууныг багасгах мэт

Та харийнхны үймээн шуугианыг дарав.

Харгис догшины дуу номхтгогдоно.

Түг түмдийн ЭЗЭН

Энэхүү уулан дээрх бүх ард түмэнд

Хуучин дарс, хамгийн сайн мах ба дарс бүхий

Элбэг дэлбэг найрыг хийхээр бэлтгэнэ.

Энэ уулан дээр Тэр

Ард түмний нүүрний халхавч,

Бүх үндэстний дээгүүр татсан

бүтээлгийг залгина.

Тэр, үхлийг мөнхөд залгина.

Эзэн БУРХАН бүх нүүрнээс нулимсыг арчин

Ард түмнийхээ зэмлэлийг

Бүх дэлхийгээс зайлуулна.

Учир нь ЭЗЭН үүнийг айлдсан юм.

9 Тэр өдөр “Үзэгтүн. Энэ бол Бурхан маань байна.

Тэр аврахыг бид хүлээж байсан.

Энэ бол хүлээсэн ЭЗЭН маань ажээ.

Түүний авралд бүгдээрээ баясан цэнгэцгээе!” гэх болно.

10 ЭЗЭН мутраа энэ уулан дээр тавина.

Өтөг бууцны шавхайд

сүрэл гишгэгдэх лугаа адил

Моаб өөрийн газартаа гишгэгдэнэ.

11 Усанд сэлэгч сэлэхийн тулд гараа дэлгэх шиг

Тэрээр дунд нь гараа дэлгэнэ.

Гэвч түүний омгийг

Гарын заль мэхнийх нь хамт номхтгоно.

12 Хэрэмний чинь халдашгүй бэхлэлтүүдийг

Тэр нураан доош хаяж,

Шороонд хүртэл нь түүнийг газарт хаяна.