Үндэстнүүдийг шүүх нь

34 1 Үндэстнүүд ээ, сонсохоор ойртогтун!

Ард түмнүүд ээ, чагнагтун!

Газар ба түүнийг дүүргэгч бүхэн,

Ертөнц ба түүнээс гарсан бүхэн сонсогтун!

Учир нь ЭЗЭНий зэвүүцэл

Бүх үндэстний эсрэг байж,

Тэрээр уур хилэнгээ бүх цэргийнх нь эсрэг гаргаж,

Тэднийг бүрмөсөн устгалаа.

Тэднийг Тэр алуурчинд өгсөн болой.

Алагдагсдыг нь гаргаж хаяхад

Хүүр нь өмхийрч,

Цус нь ууланд нэвчив.

Тэнгэрийн бүх эрхэс устаж,

Тэнгэрс ч хуйлмал ном мэт хуйлагдах болно.

Бүх эрхэс нь усан үзмийн ороонгын навч шиг,

Инжрийн модны инжир хатаж унадаг шиг унана.

Учир нь илд минь тэнгэрт согтоод,

Үзэгтүн, Едомын дээрээс,

Миний шүүлтийн тулд цээрлэл болсон

Ард түмний дээр энэ нь бууна.

ЭЗЭНий илд цусаар бялхсан байна.

Илд нь хурга ямааны цусаар дүүрч,

Хуцын бөөрний өөхөнд цадав.

Учир нь ЭЗЭН Бозрад тахилгалж,

Едомын газарт их нядалгаа хийнэ.

Бас зэрлэг үхэр тэдэнтэй,

Залуу бух хүчит нэгэнтэй хамт унаж,

Газар нь цусаар нэвчиж,

Шороо нь өөхтэй хутгалдаж тослог болно.

Учир нь Сионд хариуг нь өгөх жил,

Өшөө авалтын өдөр ЭЗЭНд бий.

Едомын урсгалууд нь давирхай болж,

Хөрс нь шатаж буй хүхэр болон хувирах бөгөөд

Газар нь шатаж буй давирхай болно.

10 Тэр нь өдөр ч, шөнө ч үл унтран,

Утаа нь мөнхөд суунаглана.

Энэ нь үеийн үед эзгүйрч

Үүрд мөнхөд түүгээр хэн ч өнгөрөхгүй.

11 Харин тэнд бэгбаатар, зараа нутаглан

Ууль, хэрээ үүрлэнэ.

Тэр Едомын дээгүүр

Эзгүйрлийн шугам, хоосролын хүндрүүлэгч татна.

12 Едомын язгууртнуудын дотроос

Хаан гэж дуудагдах хүнгүй болж,

Ноёд нь бүгдээрээ юу ч биш болно.

13 Бэхлэгдсэн цамхгууд ба хотуудынх нь дотор

Сундуу бут, өргөст халгай ургаж,

Цөөвөр чонын орогнох газар,

Тэмээн хяруулын нутаг болно.

14 Тэнд цөлийн араатнууд зэрлэг ноходтой тааралдаж,

Годрон буг ч мөн ижлээ дуудан орилно.

Тийм ээ, шөнийн мангас тэнд суурьшиж,

Амрах газраа олно.

15 Тэнд суман могой үүрээ засаж

Өндгөө хэвтэн дарж,

Тэднийгээ нөмөр дороо цуглуулна.

Тийм ээ, тас төрөл төрлөөрөө цуглана.

16 ЭЗЭНий номоос олоод уншигтун!

Тэдгээрийн нэг нь ч алга болохгүй,

Нэг нь ч ижлээ алдахгүй.

Учир нь Түүний ам айлдаж,

Сүнс нь тэднийг цуглуулсан юм.

17 Тэр тэдний төлөө шавга хаясан.

Мутар нь үүнийг тэдэнд

Хэмжээгээр нь хувааж өгсөн.

Тэд энэ газрыг мөнхөд эзэмшиж,

Үеийн үед энд орших болно.