Сонгогдсон Израиль

44 1 Харин одоо, Миний боол

 Иаков аа,

Миний сонгосон Израиль аа,

 сонсогтун.

2 Чамайг бүтээж, чамайг эхийн

 хэвлийгээс бий болгосон,

Чамд туслах ЭЗЭН ингэж

 айлдаж байна.

“Бүү айгтун Миний боол Иаков

 аа,

Миний сонгосон Иешурун аа!

3 Учир нь Би ангамал газар дээр ус

 асгаж,

Хуурай газар горхи урсгана.

Би үр удам дээр чинь Сүнсээ асгаж,

Хойч үед чинь ерөөлөө өгнө.

4 Тэд усны урсгалын дагуух

Улиангар мод мэт

 өвсөн дунд соёолно.

Нэг нь “Би ЭЗЭНийх” гэнэ.

Нөгөө нь Иаковын нэрээр

 дуудагдаж,

Өөр нэг нь гар дээрээ “ЭЗЭНийх”

 гэж бичин

Израилийн нэрээр овоглоно.

ЭЗЭН, Израилийн Хаан,

 түүний Чөлөөлөгч,

Түг түмдийн ЭЗЭН

 ингэж айлдаж байна.

“Би эхэн бас Би эцэс.

Надаас өөр Бурхан байхгүй.

Хэн Над шиг юм бэ?

Би эртний хүмүүсийг бий

 болгосноос хойшхыг

Тэр дуудаж, тунхаглаад,

Надад дэс дараагаар нь тоочигтун.

Айсуй ирээдүйн зүйлсийг ч тэр

 тэдэнд зарлаг.

Бүү түгшигтүн. Бүү мэгд.

Би эртнээс чамд үүнийг сонсгож,

Тунхагласан биш үү?

Та нар гэрчүүд минь юм.

Надаас өөр Бурхан байна уу?

Өөр Хад байхгүй,

Би мэдэхгүй.”

Шүтээнд мөргөхүйн төөрөгдөл

 9 Сийлмэл хөргүүд үйлдэгсэд бүгд юу ч биш бөгөөд эрхэмлэдэг зүйлс нь ямар ч ашиггүй. Гэрч нар нь ч хардаггүй, мэддэггүй. Тиймээс тэд ичгүүрт орно. 10 Юунд ч ашиггүй бурхан, цутгамал хөргийг хэн үйлдсэн бэ? 11 Үзэгтүн, тэд бүгдээрээ ичих болно. Учир нь дархчууд нь ч мөн хүмүүн билээ. Тэд бүгд цугларч ирээд, зогсог. Тэд түгшиж, цөмөөрөө ичих болно. 12 Төмрийн дархан багаж зэвсгээрээ цогшсон нүүрсэн дээр бүтээлээ хийж, шүтээнийг алхаар давтаж, гарын хүчээр ажилладаг. Тэр бас өлсөж тамирдан, уух усгүй бол ядарна. 13 Мужаан модон дээр шугам татаж, зоруулаар дагуулан тэмдэглээд дараа нь зүсэгчээр өөлж, гортигоор дугуйлж тэмдэглэн сайхан төрхтэй хүний дүрсийг хийгээд гэртээ байрлуулдаг. 14 Тэрээр хуш модыг тайрч, нарс, царс модыг ойгоос сонгож авдаг. Тэрээр гацуур тарьж, бороо түүнийг нь ургуулдаг. 15 Тэр нь хүний түлш болдог. Хүн тэрнээс нь авч өөрийгөө дулаацуулдаг. Талхаа жигнэхийн тулд гал өрддөг. Тэр бас бурхан хийж, түүндээ мөргөдөг. Бас сийлмэл хөрөг үйлдэж, өмнө нь сунаж унадаг. 16 Хагасаар нь тэр гал түлж, хагасаар нь мах шараад, цадталаа иддэг. Мөн тэр дулаацаад, “Би дулаацлаа. Би гал үзлээ” гэж хэлдэг. 17 Харин үлдэгдлээр нь тэр, бурхан, сийлмэл хөргөө, хийж, өмнө нь сунаж унадаг аж. Бас түүндээ залбиран “Та миний бурхан учир намайг авраач” гэж хэлдэг. 18 Тэднийг харахгүй байлгахаар нүдийг нь, ойлгохгүй байлгахаар зүрхнүүдийг нь Тэр хаасан тул тэд үл мэднэ, эс ойлгоно. 19 Үүнийг зүрхэндээ эс оруулах бөгөөд “Би үүний хагасыг галд түлж, цогшсон нүүрсэн дээр нь талх барилаа. Би мах шарж идлээ. Үлдсэнээр нь би бузар юм хийх үү? Энэ модны тайрдасны өмнө сунаж унах хэрэг үү?” гэж хэлэх мэдлэг, ухаан тэдэнд байхгүй. 20 Тэр үнсээр тэжээгдэнэ. Хууртагдсан зүрх нь түүнийг төөрөгдүүлсэн учир тэрээр сэтгэлээ чөлөөлөөд, “Баруун гарт минь худал байгаа бус уу?” гэж хэлж үл чадна.

Израиль мартагдахгүй

 21 Чи боол минь учраас

“Иаков болон Изриаль аа,

Эдгээрийг санагтун.

Би чамайг бүтээсэн.

Чи Миний боол.

Израиль аа, Би чамайг мартахгүй.

22 Би гэмт үйлдлийг чинь

 өтгөн үүл мэт,

Нүглийг чинь үүл мэт арчин хаяв.

Би чамайг аварсан учир

Над уруу эргэгтүн”

23 ЭЗЭН үүнийг хийсэн учир

Баярлан хашхирагтун, тэнгэрс ээ.

Чангаар хашхирагтун,

 газрын гүн ээ.

Түрэн баярлан хашхирагтун,

уулс, ой болон тэндхийн

 бүхий л модод оо.

Учир нь ЭЗЭН

 Иаковыг аварсан бөгөөд

Израиль дотор алдаршина.

24 Чиний Аврагч, чамайг

 эхийн хэвлийгээс

 бий болгосон.

ЭЗЭН ингэж айлдаж байна.

“Би бүхнийг бүтээгч ЭЗЭН.

Би Өөрөө тэнгэрийг сунгаж,

Дэлхийг ганцаараа дэлгэсэн.

25 Би хуурамч эш үзүүлэгчдийн

 тэмдгийг хэрэгсэхгүй,

Мэргэ төлгөчдийг мунхаг болгож,

Мэргэдийг буруу харуулан

 эргүүлж,

Мэдлэгийг нь

 мунхаглал болгодог.

26 Би боолуудынхаа үгийг баталж,

Элч нарынхаа зорилгыг

 гүйцэтгэдэг.

Би Иерусалимд «Чи оршин

 суугчидтай болно»,

Иудагийн хотуудад «Та нарыг

 босгох бөгөөд

Нуранги балгаснуудыг Би дахин

 босгоно» гэж хэлдэг.

27 Би тэнгисийн гүнд

«Хатагтун. Би урсгалуудыг чинь

 ширгээнэ» гэж айлддаг.

28 Би Корешт

«Миний хоньчин, бүх хүслийг

 минь гүйцэтгэнэ» гээд,

Иерусалимд «Чи босгогдоно»,

Сүмд «Суурь чинь тавигдана» гэж

 айлддаг.”