7 1Иеруббаал (энэ нь Гидеон) болон түүний хамт байсан хамаг ардууд эртлэн босож, Хародын булгийн дэргэд хуарагнан буув. Мидианчуудын хуаран тэднээс умард зүгт, Морегийн толгодын хажууд хөндийд байлаа.
2ЭЗЭН Гидеонд
-Чамтай байгаа хүмүүс нь Миний хувьд мидианчуудыг Израилийн гарт өгөхөд хэтэрхий олон байна. Учир нь Израиль “Би өөрийн хүчээр өөрийгөө аварсан” гэж бардамнаж магадгүй юм. 3Тийм учраас одоо хүмүүст “Айж сүрдэж байгаа хүн бүр буцан, Гилеад уулаас холдогтун” хэмээн тунхагла гэж айлдав. Ингэсэнд хорин хоёр мянган хүн буцаж, арван мянган хүн үлдэв.
4Тэгэхэд ЭЗЭН Гидеонд
-Ардууд мөн л дэндүү олон байна. Тэднийг ус уруу дагуулан аваач. Тэнд Би чиний төлөө тэднийг сорьё. Миний чамд “Энэ нь чамтай хамт явна” гэж хэлсэн хүн чамтай хамт явах болно. Харин Миний чамд “Энэ нь чамтай хамт явж болохгүй” гэж хэлсэн бүхэн явах ёсгүй гэж айлдлаа. 5Ингээд Гидеон ардуудыг ус уруу дагуулан авчирсан. ЭЗЭН Гидеонд айлдан
-Нохой шиг хэлээрээ ус долоогчдыг өвдөглөн сууж ус ууж буй хүмүүсээс салга гэв. 6Амандаа гараараа ойртуулан долоох мэт уугч нь гурван зуун хүн байв. Харин үлдсэн ардууд бүгд өвдөг сөгдөн ус ууж байлаа. 7ЭЗЭН Гидеонд
-Би чамайг ус долоогч гурван зуун хүний хамт аварч, мидианчуудыг та нарын гарт тушаана. Тиймээс үлдсэн бүх хүнийг гэр гэр уруу нь хариул гэж айлдав. 8Тэгээд гурван зуун эр бусдынхаа хүнс болон эвэр бүрээг гартаа авчээ. Гидеон гурван зуун хүнийг үлдээн, бусдыг нь өөр өөрсдийнх нь майхан уруу буцаан явуулсан бөгөөд Мидианы хуаран нь түүний доор, хөндийд харагдаж байв.
9Тэр шөнө ЭЗЭН Гидеонд айлдан
-Бос, тэр хуаран уруу оч. Учир нь Би тэр хуаранг чиний гарт өгсөн. 10Гэвч хэрэв чи явахаасаа айж байвал өөрийнхөө зарц Пуратай хамт хуаран уруу очоод, 11тэдний юу ярилцаж байгааг сонс. Ингэсний дараа чи хуаран уруу дайрах хүч зоригтой болно гэв. Тэгээд Гидеон, зарц Пурагийн хамт хуаран дахь цэргийн харуулууд уруу явцгаав. 12Тэнд мидианчууд, амалекчууд болон дорнын бүх хөвгүүд хөндийд дүүрэн царцаа мэт олноороо хэвтэж байв. Тэдний тэмээнүүд нь далайн эргийн элс мэт тоо томшгүй болой. 13Гидеон тэнд очоод харсанд нэгэн хүн найздаа зүүдээ ярьж байв. Тэр
-Үзэгтүн. Би нэгэн зүүд зүүдэллээ. Зүүдэнд арвайн гурилаар хийсэн нэгэн талх мидианчуудын хуаранд өнхөрч ирээд, майханд хүрч мөргөсөнд майхан нурж унав гэсэнд 14найз нь
-Энэ чинь Иоашийн хөвгүүн Израиль хүн Гидеоны илднээс гарцаагүй. Бурхан Мидиан болон бүх хуаранг түүний гарт өгчээ гэж хариулав.
15Гидеон зүүд болон тайллыг нь сонсоод мэхийн сөгдөж мөргөв. Тэгээд Израилийн хуаранд буцан ирээд
-Босогтун. ЭЗЭН Мидианы хуаранг та нарын гарт өгчээ хэмээн тунхаглав. 16Тэгээд тэр гурван зуун хүнээ гурван бүлэгт хувааж, бүх хүмүүсийн гарт эвэр бүрээ болон хоосон сав бариулж, савны дотор бамбар хийлгэв. 17Гидеон тэдэнд хандаж
-Намайг харж, дуурайн үйлдэгтүн. Харагтун. Би хуарангийн захад хүрээд, юуг үйлдэнэ, та нар ч мөн адил үйлдэгтүн. 18Би болон надтай хамт байгчид бүгд эвэр бүрээ үлээхэд, та нар ч бас бүх хуаранг тойрон эвэр бүрээг үлээж дуугарган, “ЭЗЭНий төлөө. Гидеоны төлөө” хэмээн хашхиралдагтун гэв.
19Ингээд Гидеон болон түүнтэй хамт байсан зуун хүн шөнийн харуул эхлэх цагт хуарангийн захад хүрэв. Тэр үед харуул дөнгөж солигдсон байв. Тэд эвэр бүрээгээ үлээж хүнгэнүүлэн, гартаа барьж байсан савыг цохиж хагалав. 20Гурван бүлэг бүрээ үлээн хүнгэнүүлж, саваа цохиж хагалан, зүүн гартаа бамбараа барьж, баруун гартаа бүрээгээ чанга үлээн,
-ЭЗЭНий төлөө болон Гидеоны төлөө илд хэмээн хашхиралдав. 21Хуаранг хүрээлэн хүн бүр өөрийн байрлал дээр зогсоцгоосонд, бүх цэргүүд гүйлдэн орилолдож, бархиралдан зугтав. 22Тэд гурван зуун эвэр бүрээ үлээн дуугаргах үед ЭЗЭН бүхэл цэргүүдийн дунд нэгнийх нь илдийг нөгөөгийнх нь эсрэг зөрөлдүүлсэнд, цэргүүд Зерерагийн зүг орших Бет-шитта болон Таббатын ойролцоох Абел-мехолагийн хязгаар хүртэл зугтацгаав. 23Нафтали, Ашер болон бүх Манассегаас Израиль хүмүүс дуудагдан Мидианыг хөөв.
24Гидеон Ефраимын бүх л уулархаг нутгуудаар элч нарыг илгээн
-Мидианчуудын эсрэг довтлохоор буун ирж, Иордан болон Бет-барагийн усыг тэдний өмнө булаан авагтун гэсэнд, Ефраимын бүх эрчүүд дуудагдан цугларч, Иордан болон Бет-барагийн усыг булаан авав. 25Тэд мидианчуудыг элдэн хөөж байхдаа Мидианы хоёр ноён Ореб болон Зеебийг олзолж, Оребыг Оребын хаданд, Зеебийг Зеебийн усан үзмийн шахуургад алаад, тэдний толгойг Гидеонд Иорданы чанадаас авчрав.