15 1Өглөө эрт тэр даруй ахлах тахилч нар, ахлагчид, хуулийн багш нар болон бүх Зөвлөлийн хамт зөвлөлдөөд, Есүсийг хүлж, Түүнийг авч яван Пилатад тушаав. 2Пилат Есүсээс
-Та иудейчүүдийн Хаан юм уу? гэж асуусанд, Есүс хариуд нь
-Таны хэлж байгаа нь мөн гэлээ. 3Ахлах тахилч нар Есүсийг олон зүйлд буруутгав. 4Пилат Түүнээс дахин асууж
-Та ямар ч хариулт өгөхгүй юу? Тэд ямар олон зүйл Таны эсрэг тулгаж байгааг хараач гэв. 5Гэвч Есүс өөр ямар ч хариулт өгсөнгүйд Пилат ихэд гайхав.
6Баяраар тэр хүмүүсийн хүсэлтээр нэг хоригдлыг сулладаг байлаа. 7Бослогын үеэр хүн алаад хоригдсон үймээн дэгдээгчдийн дунд Бараб гэгч эр байв. 8Хурсан олон ирж, өөрсдийнх нь төлөө юу хийж заншсаны дагуу үйлдэхийг Пилатаас гуйж эхлэв. 9Пилат тэдэнд
-Иудейчүүдийн Хааныг та нарт суллаж өгөхийг надаас хүсэж байна уу? гэв. 10Учир нь ахлах тахилч нар атаархснаасаа болж Есүсийг тушаасныг Пилат мэдэж байлаа. 11Гэвч ахлах тахилч нар оронд нь Барабыг сулла гэж гуй хэмээн цугласан олныг ятган үймүүлэв. 12Тиймд Пилат тэдэнд дахин
-Тэгвэл та нарын иудейчүүдийн Хаан гэж [нэрлээд байгаа] Хүнийг надаар яалгахыг [хүсэж] байна вэ? гэхэд 13тэд
-Түүнийг цовдол гэж хашхиралдлаа. 14Харин Пилат
-Яагаад, Тэр ямар муу юм хийсэн бэ? гэж хэлэхэд тэд
-Түүнийг цовдол гэж бүр ч их хашхирч гарав. 15Хурсан олонд нийцүүлэхийг хүсээд, Пилат Барабыг тэдэнд суллан, Есүсийг ташуурдуулсны дараа цовдлохыг тушаалаа.
16Цэргүүд Есүсийг ордны (тэр нь Праеториум юм) хашаанд аваачив. Ромын явган цэргийн бүтэн ангийг цуглуулсан байлаа. 17Тэд Есүст час улаан нөмрөг өмсгөж, үүргэнээр титэм сүлжээд Түүний дээр тавиад,
18-Иудейчүүдийн Хаан, мэнд хүргэе гэж тохуурхаж байв. 19Тэд Түүний толгойг хулсаар цохилж, Түүний өөдөөс нулимж, өвдөг сөхрөн Түүнд мөргөсөөр байлаа. 20Тэд Есүсийг элэглэн дооглосны дараа, улаан нөмрөгийг нь авч, Өөрийнх нь хувцсыг өмсгөв. Тэгээд тэд Түүнийг цовдлохоор гадагш авч явлаа.
21Хөдөөнөөс ирээд түүгээр өнгөрч явсан (Александр, Руф хоёрын эцэг) Курений Симонд Есүсийн загалмайг үүрэхийг тэд албадав. 22Тэд Түүнийг Голгота хэмээх газар (орчуулбал “Гавлын Газар”) авчирлаа. 23Цэргүүд Есүст мирртэй дарс өгсөн боловч Тэр авсангүй. 24Тэд Есүсийг цовдлоод, хэн юу авахаа үзэхээр шодож хувцсыг нь хоорондоо хуваав. 25Тэд Түүнийг цовдлох үед гуравдугаар цаг байсан юм. 26Ялынх нь пайзан дээр “Иудейчүүдийн Хаан” гэж бичсэн байлаа. 27Цэргүүд Есүстэй хамт хоёр дээрэмчнийг, нэгийг нь баруун талд нь, нөгөөг нь зүүн талд нь цовдолжээ. 28[“Тэр хилэнцэтнүүдийн хамт тоологдсон” гэсэн Судар биелэгдэв.] 29Түүгээр өнгөрөн явагсад Есүсийг басамжлан доромжилж, толгойгоо сэгсрэн
-Өө! Сүмийг устгаад гурван хоногт дахин баригч Та 30Өөрийгөө авраач! Наад загалмайнаасаа буугаач! гэж байлаа. 31Мөн түүнчлэн ахлах тахилч нар хуулийн багш нарын хамт Түүнийг элэглэн дооглож, өөр хоорондоо
-Тэр бусдыг аварсан. Тэр Өөрийгөө аварч чадахгүй. 32Израилийн Хаан энэ Христ, одоо загалмайнаасаа буу л даа. Тэгвэл бид хараад, итгэе гэж байв. Есүстэй хамт цовдлогдсон тэр хүмүүс ч мөн адил Түүнийг доромжилж байлаа.
33Зургадугаар цаг болоход, харанхуй есдүгээр цаг хүртэл бүх газрыг бүрхэв. 34Есдүгээр цагт Есүс чанга дуугаар
-Елой, Елой, лама сабахтани? буюу орчуулбал “Миний Бурхан, Миний Бурхан, юунд Та Намайг орхив?” гэж хашхирлаа. 35Тэнд зогсож байсан хүмүүсээс зарим нь үүнийг сонсоод,
-Хараач, Тэр Елиаг дуудаж байна гэжээ. 36Нэг нь гүйгээд, далайн хөвөнд цагаан цууг шингээн хулсны үзүүрт тохоод, Түүнд уулгахаар өгөхдөө
-Елиа Түүнийг буулгаж авахаар ирэх эсэхийг харцгаая гэв. 37Есүс чанга дуу гаргаад, эцсийн амьсгалаа хураав. 38Сүмийн хөшиг дээрээсээ доошоо хоёр хэсэг болон урагдсан байв. 39Түүний эсрэг талд нь зогсож байсан зуутын дарга Есүсийг эцсийн амьсгалаа хэрхэн авахыг хараад,
-Энэ хүн үнэхээр Бурханы Хүү байсан байна гэжээ. 40Тэнд бас хэсэг эмэгтэйчүүд холоос ширтэн харж байлаа. Тэдний дунд Магдалын Мариа болон Жижиг гэгддэг Иаков, Иос хоёрын эх Мариа, Саломе нар байв. 41Тэд Есүсийг Галилд байхад нь дагаж, Түүнд үйлчилдэг байсан юм. Иерусалим уруу Түүнтэй хамт ирсэн өөр олон эмэгтэйчүүд тэнд байсан билээ.
42Амралтын өдрийн урьдах бэлтгэлийн өдрийн орой болох үед, 43Бурханы хаанчлалыг хүлээж байсан Ариматын Иосеф гэгч Зөвлөлийн хүндэт гишүүн ирэв. Тэр зориг гарган Пилатад бараалхаж, Есүсийн цогцсыг гуйхад, 44Пилат Есүсийг аль хэдийн үхсэнд гайхан зуутын захирагчийг дуудаад, Түүний аль хэдийн үхсэн эсэхийг асуужээ. 45Зуутын захирагчаас энэ тухай баттай мэдээд, Пилат цогцсыг Иосефт өгөв. 46Тэр маалинган даавуу худалдан аваад, Түүнийг буулгаж даавуугаараа ороогоод, хаданд ухаж янзалсан булшинд тавив. Тэгээд тэр булшны амыг бул чулуу өнхрүүлж таглажээ. 47Магдалын Мариа болон Иосын эх Мариа Түүнийг хаана тавьсныг харж байлаа.