4 1Тэр нуурын дэргэд дахин сургаал зааж эхлэв. Түүн уруу асар олон хүн хуран цугласан тул Есүс нууран дахь завин дээр гарч суув. Цугласан олон бүгдээрээ нуурын захаар газар дээр байлаа. 2Есүс сургаалт зүйрлэлээр олон зүйлийг тэдэнд заасан юм. Тэр сургахдаа ийн айлдав.
3-Үүнийг сонс. Тариачин үр суулгахаар гарчээ. 4Түүнийг үрээ цацахад зарим үр нь зам хавиар унасанд, шувууд ирээд түүгээд идчихжээ. 5Зарим үр нь хөрс багатай чулуурхаг газар унаж, хөрс нь гүн биш тул тэр даруй соёолжээ. 6Нар мандсаны дараа үндэсгүй учир тэдгээр нь хорчийн хатжээ. 7Зарим нь хогийн ургамлын дунд унахад, хогийн ургамал ургаж тэднийг барьчихаж. Ингээд тэр үр ургац өгсөнгүй. 8Зарим үр нь сайн хөрсөнд унаж, урган өсөж ургацаа өгөхөд гуч, жар, зуу дахин их болжээ гээд, 9Тэр
-Сонсох чихтэй нь сонсогтун гэж айлдав.
10Есүсийг ганцаараа болох үед нь ойролцоо байсан хүмүүс болон арван хоёр шавь нар нь сургаалт зүйрлэлийн тухай Түүнээс лавлан асуухад, 11Тэр тэдэнд айлдан
-Бурханы хаанчлалын нууц та нарт өгөгдсөн. Харин гадна байгсад нь бүх юмыг сургаалт зүйрлэлээр авдаг. 12Энэ нь тэд харж байхдаа хардаг боловч ухамсарлахгүй, сонсож байхдаа сонсдог боловч ойлгохгүйн тулд юм. Эс бөгөөс тэд эргэж буцан, уучлагдах байсан гээд, 13Тэр
-Энэ сургаалт зүйрлэлийг та нар ойлгохгүй байна гэж үү? Тэгвэл та нар яаж бүх сургаалт зүйрлэлийг ойлгох билээ? 14Тэр тариачин үг тарьж байна. 15Эдгээр нь зам хавиар унагсад бөгөөд тэнд үг таригджээ. Тэд сонсоход тэр даруй Сатан ирж, тэдэнд суулгагдсан үгийг зайлуулдаг. 16Үүнчлэн эдгээр нь чулуурхаг газарт унагсад бөгөөд тэд үгийг сонсоод тэр даруй баяртайгаар хүлээн авдаг. 17Өөрсдөд нь бат үндэс байхгүй, харин тэд түр зуурынх бөгөөд дараа нь үгнээс болж зовлон, хавчлага тохиолдоход тэд тэр даруй унадаг. 18Зарим нь хогийн ургамлын дунд унагсад бөгөөд эдгээр нь үгийг сонсоод, 19харин ертөнцийн зовнил, эд баялгийн хуурамч байдал, бусад зүйлсийг хүсэх хүсэл нь үгийг шахан зайлуулахад тэр нь үр жимсгүй болдог. 20Зарим нь сайн хөрсөнд унагсад юм. Тэд үгийг сонсоод хүлээн авч, гуч, жар, зуу дахин их үр жимс гаргана гэв.
21Есүс тэдэнд айлдруун
-Дэнлүүг саван доор юм уу, орон доор тавих гэж авчирдаггүй биз дээ? Түүнийг дэнлүүний суурин дээр тавих гэж авчирдаггүй бил үү? 22Хэрэв нуугдмал юм байгаа бол зөвхөн илчлэгдэхийн тулд юм. Хэрэв нууц юм байгаа бол зөвхөн илрүүлэгдэхийн тулд юм. 23Хэрэв сонсох чихтэй хүн байвал сонс гэв. 24Тэр тэдэнд
-Та нар сонсож байгаа зүйлээ анхаарагтун. Өөрсдийнхөө хэмжүүрийн жишгээр та нар хэмжигдэх болно. Нэмж өгөгдөх ч болно. 25Учир нь хэнд байна, түүнд ихээр өгөгдөнө. Хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдана гэв.
26Тэр
-Бурханы хаанчлал нь газарт үр цацаж байгаа хүнтэй адил юм. 27Шөнө нь унтаж, өдөр нь боссоор, үр яаж урган өсөж байгааг тэр хүн өөрөө ч мэдэхгүй. 28Газар эхлээд өөрөөсөө үрийг соёолуулж дараа нь түрүүг, тэгээд боловсорсон тариаг бий болгодог. 29Харин үр боловсормогц ургац хураах цаг болсон тул тэр даруй тэр хүн хадуур хүргэнэ гэв.
30Тэр
-Бурханы хаанчлалыг бид юугаар зүйрлүүлэх вэ? Эсвэл ямар сургаалт зүйрлэлээр илэрхийлэх вэ? 31Энэ нь гичийн үртэй адил юм. Хөрсөнд суулгах үед гичийн үр газар дээрх ямар ч үрнээс бага байдаг. 32Гэвч үрийг суулгасны дараа өсөж, ямар ч ургамлаас илүү томорч, том мөчрүүд гарч сүүдэрт нь огторгуйн шувууд үүрээ засдаг юм гэж айлдлаа.
33Есүс тийнхүү олон сургаалт зүйрлэлүүдийг ойлгох чинээгээр нь тэдэнд айлдав. 34Тэдэнд сургаалт зүйрлэлгүйгээр Тэр ярьсангүй. Харин Өөрийн шавь нартаа тусад нь бүгдийг тайлбарлан өгчээ.
35Тэр өдрөө орой болоход Есүс тэдэнд
-Цөмөөрөө нуурын нөгөө тал уруу явцгаая гэхэд, 36цугласан олныг орхин, тэд Түүнийг завин дээр байсан чигээр нь авч явахад өөр завинууд ч дагалдав. 37Тэнд хүчит салхи үүсэж, давалгаа завийг нөмрөн ирж, завь хэдийн усанд автжээ. 38Есүс завины хитэгт дэр дэрлээд унтаж байлаа. Шавь нар нь Түүнийг сэрээж, Түүнд
-Багш аа, бидний үхэх нь Танд хамаагүй гэж үү? гэлээ. 39Есүс сэрээд, салхийг буруушааж, нуурт
-Чимээгүй. Намд гэж айлдав. Салхи зогсож, шуурга бүр нам гүм болов. 40Тэр тэдэнд
-Та нар юунд ингэтлээ айна вэ? Та нарт яагаад итгэл байхгүй байдаг билээ? гэхэд, 41тэд маш их айж, бие биендээ
-Салхи болон нуур хүртэл Түүнд захирагдаж байдаг Тэр ер нь хэн юм бэ? гэцгээж байлаа.