7 1Язгууртны охин минь,
шаахай доторх хөл чинь юутай үзэсгэлэнтэй вэ!
Ташааны чинь тойрог уран дархны гарын бүтээл болох эрдэнэс мэт аж.
2Хүйс чинь холилдсон дарсаар хэзээ ч үл дутах хундага мэт агаад
Хэвлий чинь сараана цэцэгсээр хүрээлэгдсэн овоолсон буудай мэт билээ.
3Хоёр хөх чинь зээрийн ихэр хоёр янзага мэт аж.
4Хүзүү чинь зааны ясан цамхаг мэт,
нүд чинь Бат-раббимын дааман хаалганы зэргэлдээх Хешбон дахь цөөрөм мэт,
Хамар чинь Дамаскийн эгч харалдаах Ливаны цамхаг мэт билээ.
5Толгой чинь Кармел шиг чиний дээр залрах агаад
толгойн чинь долгиолох үс нил ягаан тууз мэт юм.
Хаан долгиолох үсэнд чинь автагджээ.
6Бүх гоо үзэсгэлэнтэйгээ хамт чи юутай дур булаам,
юутай үзэсгэлэнтэй вэ, хайрт минь!
7Бие чинь далдуу мод мэт бөгөөд
хөх чинь түүнийг хонгорцог мэт ажгуу.
8Би “Далдуу мод уруу би авирч,
жимснийх нь шилбээс барья” гэв.
Хөх чинь усан үзмийн хонгорцог мэт,
амьсгалын чинь анхилуун үнэр алим мэт байх болтугай.
9Ам чинь шилдэг дарс мэт байх болтугай.
Энэ нь нойрсож буй нэгний уруулаас зөөлнөөр урсан гарч,
миний хайртад төвөггүй хүрнэ.
10-Би өөрийнхөө хайртынх агаад түүний хүсэл нь миний төлөө юм.
11Нааш ир, хайрт минь,
хамтдаа хөдөө явцгааж,
шөнийг хоёулаа тосгонд өнгөрөөе.
12Эртхэн хоёулаа босоод,
усан үзмийн талбай уруу явцгаая.
Усан үзмийн мод гөлөглөсөн эсэхийг, цоморлигоо нээсэн эсэхийг,
мөн анарын мод цэцэглэсэн эсэхийг хоёулаа үзэцгээе.
Тэнд би чамд янаг хайраа өгье.
13Мандрагор жимс үнэрээ анхилуулна.
Үүдэн дээр маань шинэ ба хуучин шилмэл бүх жимс байна.
Хайрт минь, би үүнийг чинийхээ төлөө хураан хадгалсан билээ.