3 1Бид өөрсдийгөө дахин магтаж эхлэх үү? Эсвэл зарим хүмүүсийн адил та нарт үзүүлэх эсвэл та нараас бичсэн итгэмжлэлийн захиа бидэнд хэрэгтэй юу? 2Та нар бол бидний зүрхэнд бичигдэж, бүх хүнээр уншигдаж, мэдэгддэг захиа минь шүү дээ. 3Та нар бол бидний үйлчлэлээр Христийн захиа хэмээн танигдсан билээ. Энэхүү захиа бэхээр бус, харин амьд Бурханы Сүнсээр, чулуун самбарт бус, харин махан биеийн зүрхний самбарт бичигдсэн юм.
4Бидэнд Христээр дамжуулан Бурханд хандах тийм бат итгэл байдаг. 5Бид ямар нэгэн юмыг өөрсдөөсөө гаргадаг юм шиг шаардаж чадахгүй. Харин бидний чадвар Бурханаас гардаг юм. 6Тэр биднийг үсгээр бус, харин Сүнсээр шинэ гэрээний үйлчлэгчид байх чадвартай болгожээ. Учир нь үсэг бол хөнөөдөг, харин Сүнс бол амь өгдөг аж.
7Хэрэв хадан дээр үсгээр сийлэгдсэн үхлийн үйлчлэл ч гэсэн алдартайгаар ирж, Израилийн хөвгүүд Мосегийн нүүрэн дэх түр зуурын цог жавхлангийн улмаас түүний царайг харж чадахгүй байсан юм бол, 8Сүнсний үйлчлэл нь илүү алдартай байх бус уу? 9Учир нь хэрэв ял зэмлэлийн үйлчлэл нь алдартай байх аваас зөвт байдлын үйлчлэл нь алдар дотор үлэмж их бялхсан байна. 10Учир нь урьд алдартай байсан зүйл нь давамгай алдраас болж хэдийн алдаргүй болжээ. 11Хэрэв түр зуурынх нь алдартай байсан бол мөнх үлдэх нь үлэмж их алдартай байна.
12Иймээс бид тийм найдвартай байж, үнэнхүү зоригтойгоор хэлдэг. 13Бид Мосе шиг биш юм. Аажимдаа байхгүй болох зүйлийнхээ төгсгөлийг Израилийн хөвгүүдэд харуулахгүйн тулд тэр нүүрээ бүтээлгээр халхалсан. 14Харин тэдний ухаан санаа хатуурсан ажээ. Тэгээд яг энэ өдрийг хүртэл хуучин гэрээг уншихад нь ч өнөөх бүтээлэг авагдалгүй үлджээ. Яагаад гэвэл тэр нь Христ дотор л зайлуулагдана. 15Энэ өдрийг хүртэл Мосег унших бүрд тэдний зүрхэн дээр бүтээлэг тавиастай байдаг. 16Гэвч хүн Эзэнд хандаж эргэх бүрд бүтээлэг авагддаг. 17Эзэн бол Сүнс мөн. Эзэний Сүнс хаана байна, тэнд эрх чөлөө байдаг. 18Харин бид бүгд бүтээлэггүй нүүрээр Эзэний алдрын тусгалыг хардаг. Бид энэхүү Түүний дүрд алдраас алдарт өөрчлөгддөг. Энэ нь Эзэний Сүнсээр болдог.