1 1Бурханы хүслээр Христ Есүсийн элч болсон Паул би болон дүү Тимот Коринт дахь Бурханы чуулганд болон Ахай даяар байгч бүх ариун хүмүүст илгээв. 2Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл болон амар тайван нь та нарт байх болтугай.
3Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Бурхан магтагдах болтугай. Тэр бол өршөөлийн Эцэг, мөн бүх тайвшралын Бурхан мөн. 4Бурхан биднийг тайвшруулсан тэрхүү тайвшралаар бид аливаа зовлонд орогсдыг тайвшруулах чадвартай байхын тулд Тэр биднийг бүх зовлон дотор маань тайвшруулдаг юм. 5Учир нь Христийн зовлонгууд бидэнд арвин байдгийн адил түүнчлэн бидний тайвшрал ч мөн Христээр дамжуулан арвин байдаг. 6Хэрэв бид зовж байгаа бол энэ нь та нарын тайвшрал хийгээд авралын төлөө юм. Хэрэв бид тайвшруулагдаж байгаа бол энэ нь та нарын тайвшралын төлөө билээ. Энэ тайвшрал нь бид ч гэсэн эдэлдэг тэрхүү ижил зовлонгуудыг тэвчээртэйгээр тэсвэрлэхэд үр нөлөөтэй байдаг. 7Та нарын талаарх бидний найдвар бат билээ. Та нар бол бидний зовлонг хуваалцагчид төдийгүй тайвшралыг минь ч хуваалцагчид мөн гэдгийг бид мэднэ.
8Ах дүү нар аа, Азид байхад бидэнд учирсан зовлонг, бид хүч чадлаасаа хэтэрсэн хүнд дарамтанд байснаас амьд үлдэх горьдлого маань ч тасарсныг та нар мэдээгүй байхыг бид хүсэхгүй байна. 9Бид өөрсдөдөө бус, харин үхэгсдийг амилуулдаг Бурханд найдахын тулд бид дотроо үхлийн ялтай байсан. 10Тэр биднийг тийм аймшигт үхлээс аварсан бөгөөд аврах болно. Тэр биднийг дахиж аварна гэж бид Түүнд өөрсдийн найдвараа тавьсан байв. 11Залбирлаараа та нар ч мөн бидэнд тусалдаг. Тэгэхээр хүмүүсийн залбирлаар бидэнд соёрхогдсон бэлгээс болж бидний төлөө олон хүн талархал өргөх болно.
12Учир нь бидний сайрхал энэ болой. Бид энэ ертөнцөд, ялангуяа та нарын дунд биеэ авч явахдаа Бурханы ариун байдал ба бурханлаг чин сэтгэл дотор, махан биеийн мэргэн ухаанаар бус, харин Бурханы нигүүлсэл дотор байсан юм. Үүнийг бидний мөс чанар гэрчилнэ. 13Та нарын уншиж, ойлгодгоос өөр юмыг бид та нарт бичдэггүй. Та нар эцсийг хүртэл ойлгоно гэдэгт би найдаж байна. 14Та нар биднийг зарим талаар ойлгосон шиг, [бидний] Эзэн Есүсийн өдөр бид та нарын, та нар бидний сайрхал болно.
15Энэхүү итгэлээр би эхлээд та нар уруу очихыг хүссэн нь та нар хоёр удаа нигүүлслийг аваасай гэсэнд юм. 16Би танайхаар дайрч Македонид очиж, Македониос дахин та нар уруу ирээд, Иудей уруу та нарын туслалцаатайгаар явах гэсэн юм. 17Иймд би үүнийг хийе гэж бодохдоо хэлбэлзээгүй биз дээ? Эсвэл би юм төлөвлөхдөө махан биеийнхээ дагуу төлөвлөж, түүнчлэн нэг дор “За, за”, “Үгүй, үгүй” гэдэг гэж үү? 18Харин Бурхан бол итгэмжитийн адил бидний үг та нарт “За ба үгүй” байгаагүй юм. 19Учир нь биднээр, тухайлбал надаар болон Силванаар, Тимотоор та нарын дунд тунхаглагдсан Бурханы Хүү, Христ Есүс нь “За ба үгүй” байгаагүй. Харин Түүний дотор “За” байгаа юм. 20Учир нь Бурханы бүх амлалт Түүний дотор “За” гэдэг. Тиймд бид Бурханы алдрын тулд Түүгээр дамжуулан “Амен” гэдэг. 21Христ дотор биднийг та нартай хамт бататгаж тосолсон Тэр бол Бурхан мөн. 22Бас Тэр биднийг тамгалсан бөгөөд бидний зүрхэнд Сүнсийг барьцаа болгон өгсөн аж.
23Би дахиж Коринтод очоогүй нь та нарыг хэлтрүүлэхийн тулд агаад үүний тулд би Бурханыг сэтгэлдээ гэрч болгон дууддаг. 24Бид та нарын итгэлийг захирдаггүй. Харин бид та нарын баяр баясгалангийн төлөө та нартай хамтран ажиллагч юм. Учир нь та нар итгэлээрээ бат зогсдог.