8 1Ах дүү нар аа, Македонийн чуулгануудад өгсөн Бурханы нигүүлслийн талаар та нарт мэдүүлэхийг бид хүсэж байна. 2Зовлонгийн үлэмж хатуу сорилтод байхдаа тэдний баяр баясгалангийн бялхал, туйлын ядуу зүдүү байдал нь тэдний өглөгч зангийн баялагт бялхсан аж. 3Учир нь тэд хэр чадлаараа болон хэрээсээ ч илүү, сайн дураараа өгснийг би гэрчилнэ. 4Ариун хүмүүсийн төлөөх үйлчлэлд оролцох ивээлийн талаар биднээс асар шаргуугаар гуйж, 5бидний хүсэж байснаар бус, харин эхлээд тэд өөрсдийгөө Эзэнд, дараа нь Бурханы тааллын дагуу бидэнд өгсөн. 6Иймээс урьдаас эхэлсэн шигээ энэхүү нигүүлсэнгүй ажлаа та нарын дотор дуусгахыг бид Титээс гуйсан юм. 7Харин та нар юм бүхний дотор, итгэл, үг, мэдлэг, аливаа оролдлого, та нарт хандах бидний хайр дотор бялхам байдгийн адил энэхүү нигүүлсэнгүй ажилд ч гэсэн бялхам байгаарай.
8Би үүнийг тушаал мэт биш, харин та нарын хайрын жинхэнэ байдлыг бусдын зүтгэлээр батлахын тулд хэлж байна. 9Учир нь та нар бидний Эзэн Есүс Христийн нигүүлслийг мэднэ. Хэдийгээр Тэр баян байсан боловч Өөрийнхөө ядуурлаар та нарыг баян болгохын тулд та нарын төлөө Тэр ядуу болжээ. 10Энэ нь та нарын төлөө тул би энэ зүйл дээр өөрийн бодлоо хэлье. Нэг жилийн өмнө та нар анхлан үүнийг хийхээр эхэлсэн төдийгүй, мөн ингэхийг хүссэн шүү дээ. 11Харин одоо үүнийгээ хийж дуусга. Үүнийг хүсэж эхэлсэн шигээ өөрсдийн хэр чадлаараа үүнийгээ дуусга. 12Хэрэв бэлэн байдалтай байвал, байхгүй зүйлийн дагуу бус, байгаа зүйлийн дагуу энэ нь тааламжтай. 13Бусдын хувьд хөнгөн болж, та нарт зовлон болоосой гэсэндээ бус, харин тэгш байхын үүднээс ингэв. 14Өнөө цагт та нарын элбэг дэлбэг байдал тэдний хэрэгцээг хангаж байгаачлан тэдний элбэг дэлбэг байдал бас та нарыг хангах болно. Тэгэхлээр тэгш байх болно. 15Энэ нь “Ихийг хураасан хүнд нь илүүдсэнгүй, багыг хураасан хүнд нь дутсангүй” гэж бичсэнчлэн юм.
16Харин та нарын төлөө гэсэн адилхан зүтгэлийг Титийн зүрхэнд өгсөн Бурханд талархал байх болтугай. 17Яагаад гэвэл тэр бидний гуйлтыг хүлээн авсан төдийгүй өөрөө ихэд хичээж, сайн дураараа та нар уруу явсан. 18Бид түүнтэй хамт нэгэн дүүг илгээлээ. Түүнийг сайн мэдээний төлөө бүх чуулганууд магтдаг. 19Зөвхөн энэ ч биш, мөн бидний хүслийг үзүүлэхийн тулд болон Эзэний Өөрийнх нь алдрын төлөө бидний үйлчилж буй энэхүү нигүүлсэнгүй ажилд хамт явуулахаар түүнийг чуулганууд томилсон. 20Бидний үйлчилж буй энэхүү өгөөмөр бэлэг сэлтийн ажилд хэн нэг нь биднийг гутаах вий гэснээс ийнхүү урьдчилан сэргийлсэн юм. 21Учир нь бид зөвхөн Эзэний өмнө төдийгүй мөн хүмүүсийн өмнө хүндлүүштэй зүйлсийг ч анхаарч үздэг. 22Бид тэдний хамт нэг дүүгээ илгээв. Бид түүний зүтгэлийг нь олон удаа зүйл бүрээр сорьсон. Одоо тэр та нарт ихэд итгэдэг тул бүр ч их зүтгэлтэй болсон. 23Титийн хувьд гэвэл, тэр бол миний анд нөхөр бөгөөд та нарын дунд буй хамтран зүтгэгч мөн. Ах дүү нарын хувьд гэвэл, тэд бол чуулгануудын элч нар бөгөөд Христийн алдар мөн. 24Иймд та нар өөрсдийн хайрын болон та нарын талаарх бидний сайрхлын баталгааг чуулгануудын өмнө тэдэнд ил тод үзүүл.