16 1Давид уулын оройгоос цааш жаахан доошлов. Харвал, Мефибошетын зарц Зиба хааныг угтахаар ирж байв. Тэр эмээллэсэн хос илжгэн дээр хоёр зуун ширхэг талх, хатаасан үзэм зуун багц, зуны зуун жимс, нэг тулам усан үзмийн дарс ачсан байв. 2Хаан Зибагаас
-Чи юунд эдгээр зүйлсийг авч ирнэ вэ? гэж асуухад Зиба
-Илжигнүүд нь хааны гэрийнхэнд унаа, талх болон зуны жимс нь залуу хүмүүст идэх хоол, усан үзмийн дарс нь цөлд эцсэн хүмүүст уух ундаа болох юм гэв. 3Хаан
-Эзний чинь хөвгүүн хаа байна? гэхэд Зиба хаанд
-Тэр “Өнөөдөр Израилийн гэр эцгийн минь хаанчлалыг надад эргүүлж өгнө” хэмээн өгүүлээд, Иерусалимд үлдсэн гэв. 4Хаан Зибад
-Үзэгтүн, Мефибошетын хамаг юмс нь чинийх гэхэд, Зиба
-Эзэн хаантан минь, таны тааллыг би олох болтугай хэмээн мөргөн гуйя гэжээ.
5Давид хаан Бахуримд хүрч ирэхэд, Саулын гэрийн нэгэн ургийн Герагийн хөвгүүн Шимеи гэгч нэгэн хүн хараалын үгс урсгасаар гарч ирэв. 6Тэгээд тэр Давид болон Давид хааны хамаг зарц нар уруу чулуу шидэв. Ардууд болон хамаг хүчит эрчүүд хааны баруун, зүүн талд байв. 7Шимеи
-Зайл, тонил. Цус урсгадаг, зохисгүй хүн! хэмээн хараав. 8Саулын гэрийн урссан бүх цусыг ЭЗЭН чам дээр буцааж буулгав. Чи түүний оронд хаан болсон билээ. Чиний хөвгүүн Абсаломын гарт хаан ширээг чинь ЭЗЭН шилжүүлэв. Чи цус урсгагч учир чи өөрийнхөө бузар муу үйлсдээ ороогдов гэж хараав.
9Зеруиагийн хөвгүүн Абишаи хаанд
-Энэ үхсэн нохой яахлаараа миний эзэн хааныг хараадаг билээ? Очиж, түүний толгойг тастахыг надад зөвшөөрөөч гэж хэлэв. 10Хаан
-Зеруиагийн хөвгүүд ээ, би та нарыг яах вэ? Хэрэв ЭЗЭН түүнд “Давидыг хараа” гэж хэлээд, тэр хараасан бол “Чи юунд ингэв?” гэж хэн хэлэх юм бэ? хэмээн айлдав. 11Тэгээд Давид Абишаи болон бүх зарц нартаа
-Харагтун, надаас төрсөн хүү минь миний амийг эрж байхад, энэ бениамин хүний хувьд бол тэр тусмаа аргагүй юм. Түүнийг орхи. ЭЗЭН түүнд тушаасан тул тэр харааж л байг. 12ЭЗЭН миний зовлонт байдлыг харж, өнөөдөр түүний хараалын оронд надад сайныг буцааж магад гэв. 13Давид болон түүний хүмүүс замдаа гарав. Шимеи Давидтай зэрэгцэн уулын бэлээр явангаа харааж, чулуугаар шидэн, шороо цацаж байв. 14Хаан, мөн түүнтэй хамт явсан хамаг ардууд эцэж ядарсан тул тэнд түр амрав.
15Абсалом болон бүх хүн ард, израильчууд бүгд Иерусалим хотод орж ирэв. Ахитофел ч мөн түүнтэй хамт ирэв. 16Давидын нөхөр архет хүн Хушаи Абсалом дээр ирж, тэрээр Абсаломд
-Хаантан мөнх наслах болтугай! Хаантан мандтугай! гэв. 17Абсалом Хушаид
-Нөхөртөө чин үнэнч байгаа чинь энэ үү? Юуны учир чи нөхөртэйгөө хамт явсангүй вэ? гэж асуув. 18Хушаи Абсаломд хариулан
-Үгүй, ЭЗЭН болон энэ ард түмэн, бүх израильчууд хэнийг сонгосон байна, би түүнийх болж, мөн түүнтэй хамт байх болно. 19Тэгээд ч би хэнд үйлчлэх байсан юм бэ? Хүүгийнх нь өмнө би үйлчлэх ёстой биш үү? Би эцгийн тань өмнө үйлчилсэн шиг, мөн таны төлөө зүтгэнэ гэв.
20Абсалом Ахитофелд
-Та зөвлөөч. Бид яах ёстой вэ? гэв. 21Ахитофел Абсаломд
-Гэрээ сахиулахаар эцгийнхээ үлдээсэн бага эхнэрүүд уруу орогтун. Таныг эцэгтээ үзэн ядагдах зүйл хийснийг бүх Израиль сонсоно. Тантай хамт байгаа бүх хүний гар нь ч хүчтэй болно гэв. 22Ингээд Абсаломд зориулж, дээвэр дээр майхан барьж, бүх Израилийн нүдний өмнө Абсалом эцгийнхээ бага эхнэрүүдийн гэрт оров. 23Тэр цагт Ахитофелын зөвлөсөн зөвлөгөө нь хүн Бурханы зарлигийг асууж олсон үг адил байв. Иймээс Ахитофелын хамаг зөвлөгөө нь Давидад, мөн Абсаломд үнэлэгддэг байлаа.