1 1Саулыг нас нөгчсөний дараа Давид амалекчуудыг бут цохиод буцаж ирэхдээ хоёр хоног Зиклагт байрлав. 2Гурав дахь өдөр нь нэгэн хүн Саулын хуарангаас ирэв. Түүний хувцас нь урагдаж, толгой нь тоос шороонд дарагдсан байв. Тэр Давид уруу дөхөн ирээд, газарт унан, сунаж мөргөв. 3Тэгэхэд Давид түүнээс
-Чи хаанаас ирэв? гэж асуухад тэр Давидад
-Би Израилийн хуарангаас зугтаж ирлээ гэв. 4Давид түүнд
-Юу болж өнгөрөв? Надад хэлээч гэхэд тэр
-Хүмүүс тулалдааны талбараас зугтааж, бас олон ардууд унан үхэцгээв. Саул болон түүний хөвгүүн Ионатан ч бас үхэв гэв. 5Мэдээ хүргэж ирсэн тэр залууд хандан Давид
-Саул болон түүний хөвгүүн Ионатан үхсэн гэдгийг чи хэрхэн мэдэв? гэв. 6Давидад өгүүлсэн тэр залуу
-Намайг тохиолдлоор Гилбоа ууланд байгаад харах үед Саул жадаа түшиж байв. Тэрэгнүүд болон морин цэргүүд ардхан нь хөөж байв. 7Саул эргэж, намайг хараад дуудахад нь би “Би энд байна” хэмээн хариулсан. 8Саул надаас “Чи хэн бэ?” гэж асуусанд би “Амалек хүн байна” хэмээсэн билээ. 9Саул надад “Миний дэргэд ирээд, намайг алагтун. Би амьсгаатай байгаа хэдий ч зовж байна” хэмээн өгүүлэв. 10Тийнхүү би түүний дэргэд очиж, түүнийг алав. Учир нь тэр унасныхаа дараа амьд байж чадахгүй гэдгийг би мэдэв. Би түүний толгой дахь титэм, гар дахь бугуйвчийг нь авч, энд эзэндээ авчирлаа гэв.
11Давид хувцсаа зууран урсанд, түүний хамт байсан бүх хүн мөн тэгэв. 12Илдээр алуулсан Саул, түүний хөвгүүн Ионатан, ЭЗЭНий хүмүүс болон Израилийн гэрийн төлөө тэд гашуудан, уйлж, үдэш болтол мацаг барив. 13Давид мэдээ хүргэж ирсэн залуугаас
-Чи хаанахын хүн бэ? гэхэд залуу хариулан
-Би харь хүн болох амалек хүний хүү гэв. 14Тэгэхэд нь Давид
-Чи ЭЗЭНий тосолсон хүнийг алахаар гар сунгахаас юунд айсангүй вэ? гэв. 15Давид залуусынхаа нэгийг дуудан,
-Очиж түүнийг алагтун гэсэнд, тэрээр түүнийг цохиж алав. 16Давид түүнд
-Чиний цус толгой дээр чинь бууг. Учир нь чиний ам “Би ЭЗЭНий тосолсон хүнийг алав” гэж хэлээд өөрийн чинь эсрэг гэрчлэв гэсэн гэв.
17Дараа нь Саул болон түүний хөвгүүн Ионатаны төлөө Давид энэхүү гашуудлын дууг дуулж, 18энэхүү нумын дууг Иудагийн хөвгүүдэд сургахыг тэдэнд тушаав. Энэ нь Иашарын номд бичигдсэн ажээ.
19“Өө, Израиль аа, үзэсгэлэнт байдал чинь чиний өндөрлөг газруудад алагдав.
Хүчтэнүүд хэрхэн алагдсан билээ!
20Филистчүүдийн охидыг баярлуулан,
хөвч хөндүүлээгүй хүний охидыг бардамнуулахгүйн тулд үүнийг Гатад бүү мэдүүл,
Ашкелоны гудамжинд ч бүү тунхагла.
21Өө, Гилбоагийн уулс аа,
та нарын дээр шүүдэр бүү унаг,
бороо бүү орог, мөн талаар дүүрэн өргөл ч бүү байг.
Учир нь тэнд хүчтэний бамбай,
Саулын эс тослогдсон бамбай бузарлагдав.
22Амь үрэгдэгсдийн цус,
хүчтэнүүдийн өөхнөөс Ионатаны нум хойшоо эргээгүй,
Саулын илд ч хоосон буцаагүй.
23Саул болон Ионатан амьдралдаа хоорондоо тааламжтай, мөн хайрлагдсан хүмүүс байсан бөгөөд
үхэхдээ ч тэд салсангүй.
Тэд бүргэдээс ч хурдан,
арслангаас ч хүчтэй байв.
24Өө, Израилийн охид оо,
та нарыг час улаан дээлээр гоён хувцаслаж,
өмсгөлийн чинь дээр алтан чимгийг зүүж өгсөн Саулын төлөө уйлагтун.
25Тулалдааны дунд хүчтэнүүд хэрхэн унасан билээ!
Ионатан өндөрлөг газруудад чинь алагдав.
26Ах Ионатан минь,
таны төлөө би зовон шаналж байна.
Та надад маш тааламжтай байв.
Намайг гэсэн таны хайр надад бүсгүй хүний хайраас илүү гайхамшигтай байв.
27Хүчтэнүүд унан, дайны зэвсэг хэрхэн мөхөв!”.