23 1Эдгээр нь Давидын сүүлчийн үгс юм.
Өндөрт өргөмжлөгдөж,
Бурханаар тослогдсон,
Израилийн яруу дууллыг бичигч,
Иессийн хөвгүүн Давид тунхаглаж байна.
2-ЭЗЭНий Сүнс надаар дамжуулан айлдав.
Түүний үг миний хэлэн дээр буй.
3Израилийн Бурхан зарлиг болов.
Израилийн хад надад өгүүлэв.
“Бурханаас айн эмээж,
зөв шударгаар хүмүүсийг захирдаг нэгэн нь
4наран мандах өглөөний гэрэл,
үүлгүй цэлмэг өглөө,
борооны дараах нарнаар газарт ургах нялх ногоо мэт”.
5Бүгд эмхлэгдсэн, найдвартай, үүрд мөнхийн гэрээг Тэр надтай байгуулсан учир
миний гэр Бурханы хувьд ч мөн ийм бус гэж үү?
Бурхан үнэхээр миний хамаг аврал болон хүслийг өсгөхгүй гэж үү?
6Харин нүгэл хилэнцэт хүн бүр гараар барьж болохгүй өргөст харгана мэт хаягдана.
7Тэдэнд хүрэх хүн төмөр болон жадны ишээр хүрэх хэрэгтэй.
Тэгээд тэд газартаа бүрмөсөн шатаагдах ёстой 8Эдгээр нь Давидын хүчит эрсийн нэрс юм. Гурван хүчит эрийн тэргүүн тахемон хүн Иошеб-Башебет. Тэр нэг удаа найман зуун хүн алсан учир Езни хүн Адино гэж мөн дуудагддаг байв. 9Түүний удаах хүн нь тулалдахаар цугларсан филистчүүдийг доромжлоод, Израилийн эрчүүд хойшоо ухран явахад, Давидтай хамт байсан гурван хүчит эрийн нэг болох Ахох хүн Додогийн хөвгүүн Елеазар байв. 10Тэр босож, гараа эцэж цуцтал, гар нь илдэнд наалдан салахгүй болтлоо филистчүүдийг цохиж алсан юм. ЭЗЭН тэр өдөр их ялалтыг авчирсан ба түүний араас хүмүүс буцаж ирсэн нь алагдсан хүмүүсийн хүүрийг зөвхөн цөлмөхийн тулд байв.
11Түүний удаах нь харар хүн Агегийн хөвгүүн Шамма байв. Шош их ургасан нэгэн хэсэг газар филистчүүд хороо болон цугларахад, хүмүүс филистчүүдээс зугтав. 12Тэрээр тэр хэсэг газрын гол дунд зогсон хамгаалж, филистчүүдийг цохиж алав. Ийнхүү ЭЗЭН их ялалтыг авчрав.
13Филистчүүдийн нэг хороо цэрэг Рефаимын хөндийд хуарагнаж байх зуур, ургац хураах үед гучин хүчит эрээс гурав нь Адулламын агуй уруу, Давид дээр ирэв. 14Филистчүүдийн хуаран Бетлехемд байх үед Давид бэхлэлтдээ байв. 15Давид нэгэн зүйлийг ихэд хүсэмжлэн
-Хаалганы дэргэдэх Бетлехемийн худгийн уснаас уух ус хэн нэг нь надад өгдөг ч бол гэж хэлэв. 16Тиймээс гурван хүчит эр филистчүүдийн хуаранг нэвтрэн гарч, хаалганы дэргэдэх Бетлехемийн худгаас ус утган авч, Давидад авчрав. Гэтэл Давид түүнийг уулгүй, асгаж ЭЗЭНд өргөөд,
17-ЭЗЭН минь, би үүнийг ууж үл чадна. Амиа золиослон явсан хүмүүсийн цусыг уух гэж үү? гээд усыг уусангүй. Гурван хүчит эр энэ мэт хэргийг үйлдсэн ажээ.
18Зеруиагийн хөвгүүн Иоабын ах Абишаи нь тэдгээр гурван хүчит эрийн толгойлогч нь байв. Тэрээр жадаа өргөж, гурван зуун хүнийг алсан ба тэр гурван хүний адил нэртэй байв. 19Тэр тэдгээр гучаас хамгийн хүндтэй нь байсан тул тэдний захирагч болжээ. Гэлээ ч тэр гурван хүчит эрийн тоонд ордоггүй байв.
20Баатарлаг үйлс бүтээсэн Кабзилын зоригт хүний хөвгүүн буюу Иехоиадагийн хөвгүүн Бенаиа Моабын Ариелын хоёр хөвгүүнийг алжээ. Мөн цас бударсан өдөр агуйд орж, арслан алсан ажээ. 21Тэрээр бас Египетийн нэгэн аварга эрийг алав. Тэр Египет гартаа жадтай байв. Харин тэр саваа модтой ирж, египет хүний гараас жадыг нь булаан аваад, тэр жадаар өөрийг нь алав. 22Иехоиадагийн хөвгүүн Бенаиа эдгээр үйлсийг хийсэн бөгөөд нөгөө гурван хүчит эрийн адил алдартай байв. 23Тэрээр тэдгээр гучийн дунд хүндэтгэл хүлээсэн хүн байсан боловч тэр гуравт хүрээгүй юм. Давид түүнийг өөрийн бие хамгаалагчдын толгойлогч болгов.
24Тэдгээр гучийн дунд: Иоабын ах Асахел, Бетлехемийн Додогийн хөвгүүн Елханан, 25харод хүн Шамма, харод хүн Елика, 26палт хүн Хелез, текоит хүн Икешийн хөвгүүн Ира, 27анатот хүн Абиезер, хушаат хүн Мебуннаи, 28ахох хүн Залмон, нетофат хүн Махараи, 29нетофат хүн Баанагийн хөвгүүн Хелеб, Бениамин овгийн Гибеагийн Рибаин хөвгүүн Иттаи, 30ператон хүн Бенаиа, Нахле-Гаашийн Иддаи, 31арбат хүн Аби-Албон, бархум хүн Азмавет, 32шаалбон хүн Елиахба, Яшены хөвгүүд, Ионатан, 33харар хүн Шамма, арар хүн Шарарын хөвгүүн Ахиам, 34маакат хүний хөвгүүн Ахасбаин хөвгүүн Елифелет, гилон хүн Ахитофелын хөвгүүн Елиам, 35кармел хүн Хезро, арби хүн Паараи, 36Зобагийн Натаны хөвгүүн Игал, гад хүн Бани, 37аммон хүн Зелек, Зеруиагийн хөвгүүн Иоабын зэвсэг баригч беерот хүн Нахараи, 38итри хүн Ира, итри хүн Гареб, 39хит хүн Уриа буюу бүгд гучин долоон хүн байв.