14 1ЭЗЭН Мосед айлдан
2-Эргэж, Мигдол ба тэнгисийн дунд, Пи-хахиротын өмнө буудалла гэж чи Израилийн хөвгүүдэд хэл. Та нар Баал-зефоны харалдаа эсрэг талд, далайн эрэгт буудалла. 3Фараон Израилийн хөвгүүдийн талаар “Тэд тэр газарт төөрч, цөлд мухардсан” гэж бодно. 4Ийнхүү Би Фараоны зүрхийг хатууруулж, тэр тэдний хойноос хөөнө. Би Фараон болон түүний бүх цэргээр дамжуулан алдаршиж, египетчүүд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно гэв. Тэд тийнхүү хийв.
5Ард түмэн зугтсан тухай Египетийн хаанд хэлсэнд Фараон болон түүний зарц нарын зүрх ард түмний эсрэг болон хувирч, тэд
-Бид Израилийг өөрсдөдөө үйлчлүүлэлгүй явуулснаараа юу хийчих нь энэ вэ? гэцгээв. 6Фараон тэргээ бэлтгэж, өөрийн хүмүүсээ авав. 7Зургаан зуун шилдэг тэрэг болон Египетийн бүх тэргийг тэр авав. Тэрэг бүхэн даргатай байв. 8ЭЗЭН Египетийн хаан Фараоны зүрхийг хатууруулсанд тэр Израилийн хөвгүүдийн хойноос хөөв. Израилийн хөвгүүд зоригтойгоор явж байлаа. 9Фараоны бүх морьд, тэрэгнүүд, түүний морьтонгууд ба цэргүүдийн хамтаар египетчүүд израильчуудыг хөөсөөр Баал-зефоны өмнө талд, Пи-хахиротын хажууд далайн эрэгт буудаллаж байхад нь египетчүүд тэднийг гүйцэв.
10Фараон ойртон ирэхэд өөрсдийнх нь хойноос египетчүүдийн хөөж явааг Израилийн хөвгүүд харав. Израилийн хөвгүүд ихэд айж, ЭЗЭН уруу хандан хашхирцгаав. 11Тэд Мосед
-Египетэд оршуулгын газар байхгүй гэж та биднийг цөлд үхүүлэхээр авчирсан уу? Та юунд биднийг Египетээс гаргаж, бидэнд ийнхүү хандсан юм бэ? 12Бид Египетэд байхдаа “Биднийг орхи. Бид египетчүүдэд үйлчилж л байя” гэж танд хэлээгүй бил үү? Учир нь цөлд үхсэнээс египетчүүдэд үйлчилж байсан нь бидэнд дээр байсан юм гэцгээв. 13Мосе ард түмэнд
-Бүү айцгаа! Бат зогсож, ЭЗЭНий авралыг харцгаа. Тэр өнөөдөр үүнийг та нарын төлөө гүйцэтгэх болно. Учир нь өнөөдөр та нарын харж байгаа египетчүүдийг та нар дахин хэзээ ч харахгүй. 14ЭЗЭН та нарын төлөө байлдана. Та нар чимээгүй бай! гэж хэлэв.
15ЭЗЭН Мосед
-Чи юунд Над уруу хашхирна вэ? Урагшаа яв гэж Израилийн хөвгүүдэд хэл. 16Чиний хувьд, чи таягаа өргөж, гараа далай дээгүүр сунган, түүнийг хуваа. Израилийн хөвгүүд далайн дундуур хуурай газраар нэвтэрнэ. 17Миний хувьд, Би египетчүүдийн зүрхийг хатууруулахад египетчүүд тэдний хойноос орно. Би Фараон болон түүний бүх цэргүүд, түүний тэрэгнүүд болон морин цэргүүдээр дамжуулан алдарших болно. 18Би Фараон болон түүний тэрэгнүүд, түүний морин цэргүүдээр дамжуулан алдаршихад египетчүүд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно гэж айлдав. 19Израилийн хуарангийн өмнө явж байсан Бурханы тэнгэр элч хөдөлж, тэдний ард очсон. Үүлэн багана тэдний өмнөөс хөдөлж, тэдний ард очив. 20Үүлэн багана Египетийн хуаран ба Израилийн хуарангийн хооронд орж зогссонд, нэг талд нь үүл ба харанхуй байж, нөгөө талыг шөнөжин гэрэлтүүлэв. Иймээс шөнийн турш нэг нь нөгөөдөө ойртсонгүй.
21Мосе гараа далай дээгүүр сунгав. ЭЗЭН шөнийн турш дорнын хүчит салхиар далайн усыг ухраасанд, ус хуваагдаж, хуурай газар гарав. 22Израилийн хөвгүүд далай дундуур хуурай газраар явахад, ус тэдний баруун зүүн талд хана мэт байв. 23Египетчүүд араас нь хөөж, Фараоны бүх морьд, түүний тэрэгнүүд ба морин цэргүүд тэдний араас далайн гол уруу оров. 24Үүрийн гэгээнээр гал ба үүлэн багана дотроос ЭЗЭН Египетийн цэргүүдийг үзээд, тэднийг самууралд оруулав. 25Тэр тэдний тэрэгний дугуйг мулталж, жолоодоход хэцүү болгов. Египетчүүд
-Израилиас зугтацгаая. Учир нь ЭЗЭН тэдний төлөө египетчүүдийн эсрэг тулалдаж байна гэцгээв.
26ЭЗЭН Мосед
-Далай дээгүүр гараа сунгаж, египетчүүд болон тэдний тэрэгнүүд, тэдний морин цэргүүд дээр усыг буцаагтун гэв. 27Мосе далайн дээгүүр гараа сунгалаа. Египетчүүдийг ус сөрөн зугтаж байхад нь үүрийн гэгээнээр далай буцаж хэвэндээ оров. ЭЗЭН египетчүүдийг далайн дунд живүүлэв. 28Ус буцан ирж, тэрэгнүүд ба морин цэргүүд, израильчуудын хойноос далай уруу орсон Фараоны бүх цэргийг бүрхэн авсанд, тэднээс нэг нь ч үлдсэнгүй. 29Харин Израилийн хөвгүүд далай дундуур хуурай газраар явж, ус тэдний баруун зүүн талд хана мэт байв. 30Ийнхүү ЭЗЭН тэр өдөр Израилийг египетчүүдийн гараас аварлаа. Далайн эрэг дээрх египетчүүдийн цогцсуудыг Израиль харав. 31Египетчүүдийн эсрэг ЭЗЭНий үйлдсэн агуу хүчийг израильчууд хараад, ард түмэн ЭЗЭНээс эмээн, ЭЗЭН болон Түүний зарц Мосед итгэв.