15 1Тэгээд Мосе ба Израилийн хөвгүүд ЭЗЭНд энэ дууг дуулжээ.
-Би ЭЗЭНд дуулъя.
Учир нь Тэр өндөрт өргөмжлөгджээ.
Морь болон морьтонг Тэр далайд хаясан юм.
2ЭЗЭН бол миний хүч ба дуу.
Тэр миний аврал болсон.
Энэ бол миний Бурхан, би Түүнийг магтах болно.
Миний эцгийн Бурхан, би Түүнийг өргөмжилнө.
3ЭЗЭН бол дайчин, Түүний нэр бол ЭЗЭН билээ.
4Фараоны тэрэгнүүд болон түүний цэргүүдийг Тэр далайд хаясан.
Түүний шилдэг дарга нар нь Улаан тэнгист живэв.
5Их ус тэднийг бүрхсэнд, тэд гүн уруу чулуу шиг далдрав.
6Өө, ЭЗЭН, Таны баруун мутар хүч чадал дотор сүр жавхлантай билээ.
Өө, ЭЗЭН, Таны баруун мутар дайсныг устгав.
7Агуу их сүр жавхлангаараа Та Өөрийн чинь эсрэг босогчдыг хөмрөв.
Та шатаж буй уур хилэнгээ гаргаж, тэднийг сүрэл шиг шатаав.
8Таны хамрын амьсгалаар ус бөөгнөрч,
урсгал ус овоо мэт босож,
далайн гүн дэх уснууд царцсан.
9Дайсан “Би хөөж гүйцээд, олзоо хуваана.
Тэдний эсрэг би хүслээ хангана.
Би сэлмээ сугалан, тэднийг гараараа сөнөөнө” гэв.
10Та Өөрийн салхиар үлээсэнд, далай тэднийг нөмрөв.
Их усанд тэд тугалга мэт живэв.
11Өө, ЭЗЭН, бурхдын дунд Тан шиг хэн байна вэ?
Ариун байдалдаа сүр жавхлантай,
магтаал дотор аймшиг төрүүлмээр,
гайхамшгуудыг бүтээгч Тан шиг хэн байна вэ?
12Та баруун мутраа сунгасанд, газар тэднийг залгив.
13Та зольсон ард түмнээ хайр энэрлээрээ удирдаж,
Өөрийн хүчээр Та тэднийг ариун орон уруугаа дагуулсан.
14Ард түмнүүд сонсоод чичирч,
Филистийн оршин суугчид аймшигт автагдав.
15Едомын тэргүүлэгчид түгшиж,
Моабын удирдагчид айн дагжиж,
Канааны бүх оршин суугчид хайлан урсав.
16Айдас хүйдэс тэднийг нөмөрчээ.
Өө, ЭЗЭН, Таны ард түмэн дайран өнгөрөх хүртэл,
Таны худалдаж авсан ард түмэн дайран өнгөрөх хүртэл
Таны мутрын агуу хүчээр тэд чулуу шиг чимээгүй байна.
17Та тэднийг авчран Өөрийн өв болох ууланд тарина.
Өө, ЭЗЭН, энэ бол Та Өөрөө суухаар бэлтгэсэн газар билээ.
Өө, Эзэн, энэ бол Та Өөрийн гараараа байгуулсан ариун газар билээ.
18ЭЗЭН үүрд мөнх хаанчилна.
19Фараоны морьд, түүний тэрэгнүүд болон түүний морин цэргүүд далай уруу ороход, ЭЗЭН тэдний дээр далайн усыг эргүүлж буулгав. Харин Израилийн хөвгүүд далай дундуур хуурай газраар явав. 20Аароны эгч, эш үзүүлэгч Мириам гартаа хэнгэрэг авахад, бүх эмэгтэйчүүд түүнийг даган хэнгэрэг авч, бүжиглэв. 21Мириам тэдэнд хариулан
-ЭЗЭНд дуулъя!
Учир нь Тэр өндөрт өргөмжлөгдсөн.
Морь болон морьтныг нь Тэр далайд хаясан юм 22Мосе израильчуудыг удирдаж, тэд Улаан тэнгисээс Шурын цөл уруу оров. Тэд цөлөөр гурван өдөр явсан бөгөөд ус олсонгүй. 23Марад ирээд тэд Марагийн усыг ууж чадсангүй. Учир нь ус шорвог байв. Тийм учраас энэ газар Мара гэж нэрлэгджээ. 24Ард түмэн Мосед гомдоллон
-Бид юу уух вэ? гэцгээв. 25Мосе ЭЗЭН уруу хашхирсанд ЭЗЭН түүнд нэг модыг үзүүлэв. Тэр түүнийг усанд хаясанд, ус амтлаг болов. Тэнд Тэр тэдний төлөө тогтоол, хуулийг өгч, тэднийг сорив. 26Тэр
-Хэрэв та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолойг анхааралтай сонсож, Түүний мэлмийд зөвийг үйлдэж, Түүний тушаалуудад чих тавьж, Түүний бүх тогтоолыг сахивал, Би египетчүүдэд буулгасан өвчнүүдээс нэгийг нь ч та нарт буулгахгүй. Учир нь ЭЗЭН Би бол та нарыг эдгээгч билээ гэв.
27Тэд Елимд ирэхэд, тэнд усны арван хоёр ундарга, далан далдуу мод байсан. Тэд тэнд усны дэргэд буудаллав.