29 1Надад тахилч болгон үйлчлүүлэхийн тулд тэднийг ариусгахаар чи үүнийг тэдэнд үйлд. Нэг залуу бух, өө сэвгүй хоёр хуц, 2улаан буудайн дээд гурилаар хийсэн исгээгүй талх, тостой бялуу болон тосонд багсарсан боов авагтун. 3Эдгээрийг чи нэг сагсанд хийж, бух ба хоёр хуцын хамт авч ирэгтүн. 4Дараа нь чи Аарон болон түүний хөвгүүдийг хурлын майхны үүдэнд авчирч, усаар угаа. 5Чи хувцаснуудыг авч, Ааронд дотуур дээл, ефодын нөмрөг, ефод, цээживчийг өмсгөн, ефодын уран нэхсэн бүсээр бүслэгтүн. 6Түүний толгойд малгай өмсгөж, дээр нь ариун титмийг тавигтун. 7Дараа нь чи тослох тос авч, толгой дээр нь асган, түүнийг тосол. 8Чи хөвгүүдийг нь авчран, тэдэнд дотуур дээл өмсгө. 9Аарон болон түүний хөвгүүдэд чи бүс бүслүүлж, толгойн өмсгөл өмсгөгтүн. Тэд мөнхийн тогтоолоор тахилчийн үйлчлэлтэй байх ёстой. Тийнхүү чи Аарон болон түүний хөвгүүдэд сахил хүртээ.
10Тэгээд чи хурлын майхны өмнө бухыг авчран, Аарон хийгээд түүний хөвгүүд бухын толгой дээр гараа тавина. 11Тэгээд хурлын майхны үүдэнд ЭЗЭНий өмнө чи бухыг нядлагтун. 12Чи бухын цуснаас авч, тахилын ширээний эврүүдэд хуруугаараа түрх. Бүх цусыг тахилын ширээний суурь уруу асгагтун. 13Бүх дотор өөх, өнчин элэг, хоёр бөөр болон тэдгээрийн дээрх өөхийг авч, тахилын ширээн дээр шатаан уугиулагтун. 14Харин бухын мах, арьс, сэвсийг хуарангийн гадна талд галд шатаагтун. Энэ бол нүглийн тахил юм.
15Чи бас нэг хуцыг авч, Аарон болон түүний хөвгүүд хуцын толгой дээр гараа тавина. 16Чи хуцыг төхөөрч, цусыг нь аваад, тахилын ширээн дээр тойруулан цацагтун. 17Дараа нь чи өнөөх хуцыг эвдэн, түүний гэдэс дотор болон гуяыг нь угааж, мөчнүүдийг толгойтой нь хамт тавигтун. 18Хуцыг бүхэлд нь тахилын ширээн дээр шатаан уугиулагтун. Энэ бол ЭЗЭНд өргөх шатаалт тахил юм. Энэ бол тайвшруулах тааламжит үнэр буюу ЭЗЭНд галаар өргөх тахил юм.
19Дараа нь чи хоёр дахь хуцыг авч, Аарон болон түүний хөвгүүд хуцын толгой дээр гараа тавина. 20Чи хуцыг төхөөрч, цуснаас нь авч, Аарон болон түүний хөвгүүдийн баруун чихний омог, баруун гарынх нь эрхий хуруу болон баруун хөлийнх нь эрхий хуруун дээр түрхэж, үлдсэн цусыг тахилын ширээн дээр тойруулан цацагтун. 21Дараа нь чи тахилын ширээн дээрх цус болон тослох тосноос авч, Аарон ба түүний хувцас, түүний хөвгүүд ба хувцаснууд дээр нь цац. Ингэснээр тэр ба түүний хувцас, түүний хөвгүүд ба хувцаснууд нь ариусгагдана. 22Чи бас хуцын өөх, сүүл, дотор өөх, өнчин элэг, хоёр бөөр ба тэдгээрийн дээрх өөх, баруун гуяыг авч (Учир нь энэ бол сахил хүртээх ёсны хуц юм), 23ЭЗЭНий өмнө тавигдсан исгээгүй талхны сагснаас нэг бин, тостой хольсон нэг бин, нэг боовыг авч, 24эдгээрийг бүгдийг нь Аарон хийгээд түүний хөвгүүдийн гарт тавьж ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон далла. 25Чи тэдгээрийг тэдний гараас авч, ЭЗЭНий өмнө тайвшруулах тааламжит үнэрт зориулан шатаалт тахилын хамт тахилын ширээн дээр шатаан уугиул. Энэ бол ЭЗЭНд галаар өргөх тахил юм.
26Дараа нь чи Аароны сахил хүртээх ёслолд авчирсан хуцын өвчүүг авч, түүнийг ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон далла. Энэ нь чиний хувь байх болно. 27Ааронд зориулсан болон түүний хөвгүүдэд зориулсан сахил хүртээх ёслолын хуцаас даллах өргөлийн даллагдсан өвчүү ба хандивын өргөгдсөн гуяыг ариусга. 28Энэ нь Израилийн хөвгүүдээс Аарон болон түүний хөвгүүдэд зориулсан тэдний мөнхийн хувь болно. Учир нь энэ бол хандив юм. Энэ нь Израилийн хөвгүүдээс эвийн тахилын өргөлөөс авах хандив байх бөгөөд ЭЗЭНд өргөх тэдний хандив юм.
29Аароны ариун хувцаснууд нь түүний хойч хөвгүүдэд шилжих ба тэд эдгээрээр тослогдон, сахил хүртэх болно. 30Түүний оронд тахилч болж байгаа хөвгүүдийнх нь нэг ариун газарт үйлчлэхээр хурлын майханд орохдоо эдгээр хувцсыг долоо хоногийн турш өмсөх ёстой.
31Чи сахил хүртээх ёслолын хуцыг авч, махыг нь ариун газарт чанагтун. 32Аарон болон түүний хөвгүүд хуцын мах, сагсан дахь талхыг хурлын майхны үүдэнд иднэ. 33Тийнхүү тэдний сахил хүртэх ба ариусах ёслол дээр эвлэрүүллийг хийсэн тэдгээр юмсыг тэд идэх ёстой. Харин тэдгээр нь ариун учраас гаднын хүмүүс идэж болохгүй. 34Хэрэв сахил хүртээх ёслолын махнаас, эсвэл талхнаас өглөө болтол үлдвэл чи үлдэгдлийг нь галд шатаагтун. Тэр нь ариун учраас идэж болохгүй.
35Тийнхүү Миний чамд тушаасан бүхний дагуу чи Аарон болон түүний хөвгүүдэд үйлд. Чи долоо хоногийн турш тэдэнд сахил хүртээ. 36Өдөр бүр чи эвлэрүүлэлд зориулан нүглийн төлөөх тахил болгон нэг бух өргө. Түүний төлөө эвлэрүүллийг хийх үед тахилын ширээг цэвэршүүл. Чи түүнийг ариусгахаар тослогтун. 37Долоон хоногийн турш чи тахилын ширээнд зориулан эвлэрүүллийг хийж, түүнийг ариусга. Тэгээд тахилын ширээ нь хамгийн ариун болох бөгөөд тахилын ширээнд хүрсэн аливаа юмс ариун болно.
38Тахилын ширээн дээр үргэлжлүүлэн өдөр бүр өргөх зүйл бол хоёр хурга болно. 39Нэг хургыг чи өглөө өргөж, нөгөө хургыг үдшийн бүрийгээр өргөгтүн. 40Тэнд нэг хурганы хамт шахсан тосны хинийн дөрөвний нэгтэй хольсон ефагийн аравны нэгэн сайн гурил болон ундаан өргөлд зориулан хинийн дөрөвний нэгэн дарс байх ёстой. 41Нөгөө хургыг чи үдшийн бүрийгээр өргөх бөгөөд түүнтэй хамт өглөөнийх шиг идээн өргөл, ундаан өргөлийг ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр ба галаар өргөх тахил болгон өргөгтүн. 42Энэ нь ЭЗЭНий өмнө хурлын майхны үүдэнд үеийн үед үргэлжлэх шатаалт тахил байх болно. Тэнд Би чамтай уулзаж ярилцах юм. 43Би тэнд Израилийн хөвгүүдтэй уулзах бөгөөд энэ газар Миний цог жавхлангаар ариусгагдана. 44Би хурлын майхан хийгээд тахилын ширээг ариусгана. Надад тахилч нар болж үйлчлэх Аарон хийгээд түүний хөвгүүдийг Би ариусгана. 45Би Израилийн хөвгүүдийн дунд оршиж, тэдний Бурхан болно. 46Би бол тэдний дунд оршихын тулд Египетийн газраас тэднийг авчирсан, тэдний Бурхан ЭЗЭН мөн гэдгийг тэд мэдэх болно. Би бол тэдний Бурхан ЭЗЭН юм.