17 1Дамаскийн тухай зөн.
-Үзэгтүн, Дамаск цаашид хот гэгдэхээ больж,
эвдэрсэн нуранги болно.
2Ароерын хотууд нь мартагдаж,
мал сүргийн хэвтэр болно.
Тэнд хэн ч тэднийг айлгахгүй.
3Ефраимын бэхлэгдсэн хот,
Дамаскийн хэмжээлшгүй эрх мэдэл,
Арамын амьд үлдэгсэд үзэгдэхгүй.
Тэд Израилийн хөвгүүдийн цог жавхлантай адил болно гэж
түмэн цэргийн ЭЗЭН тунхаглав.
4-Тэр өдөр, Иаковын алдар ч буурч,
түүний тарган бие туранхай болно.
5Энэ нь тариачин тариаг хураахтай, Рефаимын хөндийд тариан түрүүг түүхтэй адил байх болно.
6Чидун жимсний модыг цохиход,
хамгийн дээд мөчрийн оройд хоёр гурван чидун,
дөрөв таван жимстэй хамгийн сайн мөчир үлддэгийн адил тарианы хэсэг түрүү үлдэнэ гэж
Израилийн Бурхан, ЭЗЭН зарлиг болов.
7Тэр өдөр хүн өөрийн Бүтээгч уруу хандан,
нүд нь Израилийн Ариун Нэгэн уруу харна.
8Тэр өөрийн гарын бүтээл болох тахилын ширээнүүдээ ойшоохгүй,
өөрийн хуруугаар үйлдсэн юмс,
Ашерагийн модон шон, утлагын тавиур уруу харахгүй.
9Тэр өдөр тэдний хүчирхэг хотууд нь ойн дундах мартагдсан газар мэт болно.
Эсвэл Израилийн хөвгүүдээс болж хаягдсан мөчир мэт болно.
Тэнд их хоосрол болно.
10Учир нь чи өөрийн авралын Бурханаа мартаж,
хоргодох газрынхаа хадыг санасангүй.
Ийм учраас чи дур булаам ургамлуудыг тарьж,
харийн усан үзмийн нахиаг суулгалаа.
11Тэр өдөр чи тэднийг ургуулахаар өглөө нь суулгавч,
найдлагагүй гашуудлын өдөр ургац нь юу ч биш болно.
12Аяа, олон хүмүүсийн хөл үймээн далайн хүрхрэн шуугих дуу мэт ширүүсэж,
үндэстнүүдийн дуу чимээ их усны шуугиан мэт нүргэлж байна.
13Үндэстнүүдийн дуу их усны шуугиан мэт нүргэлж байна.
Харин Тэр тэднийг зэмлэхэд л тэд алс хол зугтаж,
салхинд хийссэн уулан дахь хивэг,
шуурганд хуйлрах шороо мэт туугдах болно.
14Үдшийн цагт аллага хядлага болж,
өглөө болохоос өмнө тэд алга болно.
Энэ бол биднийг дээрэмдэгчдийн хувь,
биднийг тоногчдын шавга байх болно.