10
1Израилийн гэр ээ, ЭЗЭНий чамд айлдаж буй үгийг сонс.
2ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Үндэстнүүдийн замуудыг бүү сур.
Хэдийгээр үндэстнүүд тэнгэрийн тэмдгүүдээс айдаг ч тэдгээрээс бүү ай.
3Учир нь хүмүүсийн заншил хий хоосон билээ.
Яагаад гэвэл энэ бол ойгоос тайрсан мод буюу сийлбэрийн багажаар хийсэн дархан хүний гарын бүтээл юм.
4Тэд мөнгө болон алтаар чимдэг.
Түүнийг ганхуулахгүйн тулд тэд түүнийг хадаас алхаар бэхэлдэг.
5Тэд өргөст хэмхний талбай дахь мануухай мэт бөгөөд тэд ярьж чаддаггүй.
Тэд явж чадахгүй тул тэднийг өргөн зөөх шаардлагатай!
Тэд хор учруулж ч чадахгүй, ямар ч сайныг хийж чадахгүй тул тэднээс бүү эмээ”.
6ЭЗЭН, Тантай адил хэн ч үгүй.
Та бол агуу бөгөөд Таны нэр хүч чадлаар агуу юм.
7Үндэстнүүдийн Хаан, Танаас хэн айхгүй байх билээ?
Үнэхээр энэ нь Танд зохистой.
Учир нь үндэстнүүдийн хамаг мэргэн хүмүүсийн дунд болон тэдний хамаг хаанчлалуудад Тантай адил хэн ч үгүй.
8Харин тэд хамтдаа тэнэг бөгөөд төөрөгдлийн ёс журамдаа мунхаг.
Тэдний шүтээн бол мод.
9Давтсан мөнгийг Таршишаас, алтыг Уфазаас авчирч, дархны болон алтны дархны гараар бүтээсэн.
Тэдний хувцас нь ягаан болон нил ягаан.
Тэд бүгд ур чадвартай хүмүүсийн бүтээл юм.
10Харин ЭЗЭН бол жинхэнэ Бурхан.
Тэр бол амьд Бурхан бөгөөд мөнхийн Хаан.
Түүний уур хилэнд газар дэлхий хөдөлж,
үндэстнүүд Түүний дургүйцлийг тэсэж чаддаггүй.
11Чи тэдэнд “Тэнгэрүүд ба газрыг бүтээгээгүй бурхад газар дэлхийгээс болон тэнгэрүүдийн доороос устах болно” гэж хэл.
12Өөрийн чадлаар газар дэлхийг бүтээсэн,
Өөрийн мэргэн ухаанаар ертөнцийг тогтоосон нь Тэр билээ.
Өөрийн ухаанаараа Тэрээр тэнгэрүүдийг өргөсгөсөн.
13Түүнийг дуугарахад тэнгэрүүдэд ус шуугидаг бөгөөд
Тэрээр газар дэлхийн төгсгөлөөс үүлсийг хөөргөдөг.
Тэрээр бороонд зориулж цахилгаан бүтээж,
Өөрийн агуулахуудаас салхийг гаргадаг.
14Хүн бүр тэнэг бөгөөд мэдлэггүй.
Дархан бүр өөрийн шүтээнээрээ ичгүүр болгогддог.
Учир нь түүний цутгамал хөргүүд хуурамч бөгөөд тэдэн дотор амьсгал үгүй.
15Тэд үнэ цэнэгүй, доог тохуу болох бүтээл.
Шийтгэлийнхээ үед тэд устах болно.
16Иаковын хувь эдгээртэй адил биш.
Учир нь Тэр бол бүхний Бүтээгч бөгөөд Израиль бол Түүний өвийн овог.
Түүний нэр бол түмэн цэргийн ЭЗЭН.
17Бүслэлтэнд байдаг та нар
газраас баглаатай юмаа ав!
18Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Харагтун, Би энэ цагт энэ нутгийн оршин суугчдыг хаяж байгаа бөгөөд
тэднийг олуулахын тулд Би тэднийг зовооно”.
19Гэмтлийн минь улмаас би гаслантай яа!
Миний шарх эдгэршгүй.
Харин би “Энэ бол үнэхээр өвчин бөгөөд би үүнийг тэсвэрлэх ёстой” гэв.
20Миний майхан сүйтгэгдсэн бөгөөд миний бүх оосрууд тасрав.
Миний хөвгүүд надаас явж, хэн ч үлдсэнгүй.
Майхныг минь дэлгэж, хөшигнүүдийг минь тогтоох хэн ч байхгүй.
21Учир нь хоньчид тэнэг болж, ЭЗЭНийг эрэлхийлсэнгүй.
Тиймээс тэд өсөж дэвжээгүй бөгөөд бүх хонин сүрэг нь тарж бутарчээ.
22Мэдээний дуу!
Үзэгтүн, Иудагийн хотуудыг балгас, цөөвөр чонын үүр болгохоор
хойд зүгийн нутгаас гарах их үймээн болох тэр зүйл ирж байна.
23ЭЗЭН, хүний зам өөрт нь байдаггүйг би мэднэ.
Өөрийн алхмаа чиглүүлэхээр алхдаг хүнд ч байдаггүйг би мэднэ.
24Намайг засаач, ЭЗЭН, гэвч Өөрийн уур хилэнгээр бус,
шударга ёсоор засаач.
Эс тэгвэл Та намайг хоосон болгоно.
25Таны мэддэггүй үндэстнүүд дээр,
мөн Таны нэрийг дууддаггүй ургууд дээр уур хилэнгээ Та асгаач.
Учир нь тэд Иаковыг залгижээ.
Тэд түүнийг залгин, шатааж, орон байрыг нь эзгүйрүүлсэн юм.