15

1Тэгээд ЭЗЭН надад айлдахдаа Мосе, Самуел нар хүртэл Миний өмнө зогсож байсан ч Миний зүрх энэ хүмүүстэй хамт байхгүй. Тэднийг Миний оршихуйгаас зайлуулан, тэднийг явуул! 2Тэд чамд “Бид хаашаа явах юм бэ?” гэх үед чи тэдэнд “ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Үхэх нь үхэл уруу,
илдэнд унах нь илд уруу,
өлсөж үхэх нь өлсгөлөн уруу,
олзлогдох нь олзлогдол уруу яв” хэмээв” гэж хэл. 3“Би тэдний дээр дөрвөн төрлийн гамшгийг буулгана” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэр нь алах илд, чирэх ноход, тэнгэрийн шувууд болон залгиж, сүйтгэхээр газрын араатан амьтад юм. 4Хезекиагийн хүү Иудагийн хаан Манассегаас болж, Иерусалимд үйлдсэн зүйлсийнх нь төлөө газар дэлхийн бүх хаанчлалуудын дунд Би тэднийг айдсын зүйл болгоно.

5Иерусалим аа, үнэндээ хэн чамайг өрөвдөх юм бэ?
Хэн чиний төлөө гашуудах вэ?
Эсвэл чиний сайн сайхны талаар асуух гэж хэн эргэх вэ?”.
6ЭЗЭН тунхаглаж байна.
“Намайг орхисон чи арагшаа явсаар л байна.
Тиймээс Би чиний эсрэг гараа сунгаж, чамайг устгана.
Би зөөлөн хандсаар байгаад залхжээ.
7Би тэднийг газар нутгийн дааман хаалганы дэргэд шигшигч сэрээгээр шигшинэ.
Би хүүхдүүдээс нь хагацааж, Өөрийн ард түмнийг Би устгана.
8Тэдний бэлэвсрэгсэд нь Миний өмнө далайн эргийн элснээс ч илүү олон болно.
Бид тэдний эсрэг буюу залуу хүний эхийн эсрэг үд дунд сүйтгэгчийг авчирна.
Би түүн дээр айдас, зовлонг гэнэт авчирна.
9Долоон хөвгүүн төрүүлсэн эх бэтгэрдэг.
Амьсгалах нь ч хүндрэлтэй.
Хэдийгээр өдөр байвч, түүний нар нь жаргажээ.
Тэрээр ичгүүр болж, басамжлагдав.
Тиймээс Би тэдний амьд үлдэгсдийг дайснуудынх нь өмнө илдэнд тушаана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

10Ээж минь, та намайг бүх газар нутагт хэрүүл маргааны хүн болгож төрүүлсэн тул би гаслантай яа!
Би зээлдүүлээгүй, хүнээс мөнгө зээлээгүй, гэтэл хүн бүр намайг хараах юм.
11ЭЗЭН айлдахдаа
“Би сайн сайхны төлөө чамайг лавтай чөлөөлнө.
Гай гамшиг, зовлонгийн үед Би дайснаар чинь чамайг хангуулах болно.

12Хэн нэгэн нь төмрийг, хойд зүгээс ирэх төмрийг, эсвэл хүрлийг хагалж чадах уу?
13Чиний бүх нүглийн төлөө бүх хязгаар нутагт чинь Би чиний эд баялаг болон эрдэнэсийг үнэгүйгээр олз болгон өгнө.
14Тэгээд Би дайснуудаар чинь чиний мэдэхгүй нутагт авчруулна.
Учир нь Миний уур хилэнд гал ноцоогдсон бөгөөд тэр нь чиний дээр шатах болно” гэв.

15Та бол мэддэг билээ, ЭЗЭН, намайг санан ажиглаж,
миний өмнөөс хавчигчдаас минь өшөө аваач.
Өөрийн тэсвэр тэвчээрээ харгалзан намайг бүү зайлуулаач.
Таны төлөө би зэвүүцлийг тэсвэрлэдгийг мэдээч.
16Таны үгс олдсон бөгөөд би тэднийг идсэн билээ.
Таны үгс надад баяр хөөр болон зүрх сэтгэлийн минь таашаал болсон билээ.
Учир нь түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, би Таны нэрээр дуудагдсан билээ.
17Наргин баясагчдын дунд би суугаагүй, би цэнгэсэн ч үгүй.
Таны мутрын улмаас би ганцаараа суусан.
Учир нь Та намайг эгдүүцлээр дүүргэсэн билээ.
18Яагаад миний өвдөлт дуусашгүй, миний шарх эдгэршгүй байна вэ?
Та миний хувьд үнэхээр итгэж болохгүй устай хуурамч горхи адил байх юм уу?

19Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Хэрэв чи буцаж ирвэл, Би чамайг сэргээх болно.
Чи Миний өмнө зогсох болно.
Хэрэв чи үнэгүйгээс үнэтэйг гаргаж авбал,
Чи Миний төлөө яригч байх болно.
Тэдний зүгээс тэд чам уруу эргэж магадгүй,
харин чиний хувьд чи тэдэн уруу эргэж болохгүй.
20Тэгээд Би чамайг энэ ард түмэнд бэхлэгдсэн хүрэл хэрэм болгоно.
Тэд чиний эсрэг хичнээн тулалдавч, чамайг дийлэхгүй.
Учир нь чамайг аварч чөлөөлөхөөр Би чамтай хамт байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
21“Тиймээс Би чамайг хорон муугийн гараас чөлөөлж,
хүчирхийлэгчийн барьцнаас золино”.