381Маттаны хүү Шефатиа, Пашхурын хүү Гедалиа, Шелемиагийн хүү Иукал болон Малхийагийн хүү Пашхур нар Иеремиагийн бүх ард түмэнд хэлж байсан үгсийг сонсов. 2“ЭЗЭН ингэж айлдаж байна. “Энэ хотод үлдэгч нь илд, өлсгөлөн ба тахлаар үхнэ. Харин халдеичууд уруу гарч явагч нь амьдарч, өөрийнхөө амийг олз мэт болгож, амьд үлдэнэ”. 3ЭЗЭН ингэж айлдаж байна. “Энэ хот Вавилоны хааны цэргүүдийн гарт лавтай яа тушаагдаж, тэрээр түүнийг олзолно””. 4Тэгээд түшмэд хаанд
-Энэ хотод үлдсэн дайчид болон бүх ард түмэнд ийнхүү үгсийг хэлж, тэдний урмыг хугалж байгаа тул энэ хүнийг алагтун. Учир нь энэ хүн энэ ард түмний сайн сайхныг бус, харин ч хор хөнөөлийг эрэлхийлж байна гэцгээв. 5Ингээд Зедекиа хаан Үзэгтүн, тэр та нарын гарт байна. Учир нь хаан та нарын эсрэг юу ч хийж чадахгүй гэв. 6Тэгээд тэд Иеремиаг аваад, харуулын гэрийн хашаанд байсан хааны хүү Малхийагийн нөөцлүүрт хаяв. Тэд Иеремиаг олсоор доошоо буулгав. Нөөцлүүрт ус байгаагүй зөвхөн шавар шавхай байсан бөгөөд Иеремиа шавар шавхайд шигдэв. 7Харин тайган болох етиоп хүн Ебед-мелех хааны ордонд байх зуураа тэдний Иеремиаг нөөцлүүрт хийснийг сонсжээ. Хаан Бениамины Дааман Хаалган дээр сууж байв. 8Ебедмелех хааны ордноос гарч, хаантай ярьж,
9-Хаан эзэн минь, нөөцлүүрт хаясан эш үзүүлэгч Иеремиад үйлдсэн бүхэндээ эдгээр хүмүүс хорон муугаар хийжээ. Тэрээр яг байгаа газартаа өлсгөлөнгийн улмаас үхнэ. Учир нь хотод ямар ч талх байхгүй билээ гэж айлтгав. 10Тэгтэл хаан етиоп хүн Ебед-мелехт тушааж,
-Эрх мэдлийнхээ дагуу эндээс гучин хүн аваад, эш үзүүлэгч Иеремиаг үхэхээс нь өмнө нөөцлүүрээс гаргаж авчир гэж хэлэв. 11Ингээд Ебед-мелех эрх мэдлийнхээ дагуу хүмүүсийг аваад, хааны ордон уруу агуулахын доошоо очиж, тэндээс хуучирч элэгдсэн хувцас болон даавууны өөдсүүд авч, тэднийг нөөцлүүр уруу, Иеремиа уруу олсоор буулгав. 12Тэгээд етиоп хүн Ебед-мелех Иеремиад
-Одоо эдгээр хуучирч элэгдсэн хувцас болон даавууны өөдсүүдийг олсны доогуур суган доороо хий гэхэд Иеремиа түүнчлэн үйлдэв. 13Ингээд тэд Иеремиаг олсоор татан гаргаж, нөөцлүүрээс гарган авч, Иеремиа харуулын гэрийн хашаанд үлдэв.
14Дараа нь Зедекиа хаан хүн явуулж, ЭЗЭНий өргөөнд байдаг гурав дахь үүд уруу эш үзүүлэгч Иеремиаг авчруулав. Хаан Иеремиад
-Би чамаас нэг юм асуух гэж байна. Надаас юу ч битгий нуу гэж хэлэв. 15Тэгэхэд Иеремиа Зедекиад
-Хэрэв би чамд хэлбэл, чи намайг лавтай яа алахгүй гэж үү? Тэглээ ч, би чамд зөвлөгөө өгвөл, чи намайг сонсохгүй гэв. 16Харин Зедекиа хаан, Иеремиад нууцаар тангараглан,
-Бидэнд энэ амийг бүтээгч ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Би чамайг үнэхээр алах ч үгүй, чиний амийг хайгч эдгээр хүмүүстийн гарт өгөхгүй гэж хэлэв.
17Тэгэхэд Иеремиа Зедекиад
-Түмэн цэргийн ЭЗЭН Бурхан, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Хэрэв чи үнэхээр Вавилоны хааны цэргийн ахмадууд уруу гарч очвол, чи амьдарч, энэ хот галдан шатаагдахгүй бөгөөд чи болон чиний гэр бүл амьд үлдэнэ. 18Харин хэрэв чи Вавилоны хааны цэргийн ахмадууд уруу гарч очихгүй бол, энэ хот халдеичуудын гарт тушаагдах болно. Тэд түүнийг галдан шатааж, чи өөрөө ч тэдний гараас зугтахгүй” гэж хэлжээ. 19Тэгэхэд Зедекиа хаан, Иеремиад
-Би халдеичууд уруу явсан иудейчүүдээс айдаг. Учир нь тэд намайг тэдний гарт өгч, тэд намайг доромжлох вий гэв. 20Гэвч Иеремиа
-Тэд чамайг өгөхгүй. Миний чамд хэлж байгаа зүйлээр ЭЗЭНийг дагаач. Ингэснээр чиний хувьд ч сайн байж, чи амьдрах болно. 21Харин хэрэв чи явахаас татгалзсаар байвал, ЭЗЭНий надад харуулсан үг энэ байна. 22“Тэгээд үзэгтүн, Иудагийн хааны ордонд үлдсэн бүх эмэгтэйчүүд Вавилоны хааны цэргийн ахмадуудад аваачигдах гэж байна. Тэдгээр эмэгтэйчүүд
“Чиний дотнын найзууд чамайг төөрөгдүүлж, дийлэв.
Чиний хөл шаварт шигдсэн үед тэд чамаас эргэсэн билээ” 23Тэд мөн чиний бүх эхнэрүүд, чиний хөвгүүдийг халдеичуудад гаргаж өгөх бөгөөд чи өөрөө тэдний гараас зугтахгүй, харин Вавилоны хааны гарт баригдаж, энэ хот ч галдан шатаагдах болно” гэжээ.
24Дараа нь Зедекиа Иеремиад
-Хэн ч эдгээр үгсийн талаар бүү мэдэг, тэгвэл чи үхэхгүй. 25Харин хэрэв түшмэд намайг чамтай ярьсныг сонсоод, чам уруу ирж, чамд “Чи хаанд юу хэлснээ болон хааны чамд юу хэлснийг бидэнд одоо хэлээч. Биднээс бүү нуу, тэгвэл бид чамайг алахгүй” гэж хэлбэл, 26чи тэдэнд “Намайг Ионатаны гэр уруу тэнд үхүүлэхээр битгий буцаагаач гэсэн гуйлтаа би хаанд хэлж байсан юм” гэж хэлэх ёстой гэв. 27Дараа нь бүх түшмэд Иеремиа уруу ирж, түүнийг байцаав. Тэрээр тэдэнд хааны тушаасан эдгээр бүх үгсийн дагуу мэдээлэв. Яриа нь мэдэгдээгүй тул тэд түүнтэй ярихаа болив. 28Ингээд Иеремиа Иерусалимыг эзлэгдэх өдрийг хүртэл харуулын гэрийн хашаанд үлдэв.