16 1Тэд Бурханы авдрыг Давидын түүнд зориулан босгосон майханд оруулан тавьж, Бурханы өмнө шатаалт тахилууд болон эвийн тахилуудыг өргөв. 2Давид шатаалт тахил болон эвийн тахилуудыг өргөж дууссаны дараа ЭЗЭНий нэрээр ард олныг ерөөв. 3Бүх израилийн эрэгтэй, эмэгтэй ялгалгүй, хүн бүрд нэг ширхэг талх, зүсэм мах, үзмээр хийсэн боовыг тэр тараав.
4Тэрээр левичүүдийн заримыг Израилийн Бурхан ЭЗЭНийг магтан, талархан, баярлан тэмдэглэж байхаар буюу ЭЗЭНий авдрын өмнө үйлчлэгчдээр томилов. 5Тэргүүлэгч нь Асаф, удаах нь Зехариа, тэгээд Иеиел, Шемирамот, Иехиел, Маттитиа, Елиаб, Бенаиа, Обед-едом, Иеиел нар байв. Тэд босоо ятга, ятга, хөгжмийн зэмсгүүдтэй байв. Бас Асаф чанга дуутай цан хөгжмийг цохиж, 6тахилч нар болох Бенаиа, Иахазиел нар Бурханы гэрээний авдрын өмнө үргэлж бүрээ үлээж байв.
7Тэгээд ЭЗЭНд талархал өргүүлэхээр Асаф болон түүний төрөл садангуудыг тэр өдөр Давид анх удаа томилов.
8Өө, ЭЗЭНд талархал өргөн,
Түүний нэрийг дуудагтун.
Түүний үйлсийг ард түмний дунд мэдүүлэгтүн.
9Түүнд дуулж, Түүнд магтаалыг дуулагтун.
Түүний бүх гайхамшгуудыг яригтун.
10Түүний ариун нэрд алдар байг.
ЭЗЭНийг хайж буй хүний зүрх баяр баясгалантай байх болтугай.
11ЭЗЭНийг болон Түүний хүчийг эрэгтүн.
Үргэлж Түүний нүүрийг хайгтун.
12ЭЗЭНий үйлдсэн гайхамшигт үйлсийг,
Түүний ер бусын зүйлс болон
Түүний амнаас гарах шүүлтүүдийг дурсан санагтун.
13Түүний боол Израилийн үр ээ,
Түүний сонгосон нэгэн болох Иаковын хөвгүүд ээ!
14Тэр бол бидний Бурхан ЭЗЭН.
Түүний шүүлтүүд бүх дэлхийд байна.
15Түүний гэрээг буюу мянган үеийнхэнд Түүний тушаасан үгийг мөнхөд санагтун.
16Абрахамтай тогтоосон Түүний гэрээ,
Исаакт өгсөн Түүний амлалтыг санагтун.
17Тэр мөн үүнийгээ Иаковд тогтоол болгон,
Израильд мөнхийн гэрээ болгон баталж өгөөд,
18“Би та нарт Канааны газрыг та нарын өвийн хэсэг болгон өгнө” гэж айлдсан билээ.
19Тэд тоогоор цөөн, маш цөөхөн бөгөөд
тэр газарт харь хүмүүс байсан үед,
20тэд нэг үндэстнээс нөгөө үндэстэн уруу,
нэг хаанчлалаас өөр ард түмэн уруу тэнүүчлэн явах үед нь
21тэднийг дарлахыг ЭЗЭН хэнд ч зөвшөөрөлгүй,
тэдний төлөө хаадыг зэмлэн,
22“Миний тослогдсон хүмүүст бүү хүрч,
Миний эш үзүүлэгчдэд хор хөнөөл бүү учруулагтун” хэмээн айлдсан билээ.
23Бүх газар дэлхий, ЭЗЭНд дуулагтун.
Түүний авралын сайн мэдээг өдрөөс өдөрт тунхаглагтун.
24Түүний яруу алдрын талаар үндэстнүүдийн дунд хэлж,
Түүний гайхамшигт үйлсийн талаар бүх ард түмнүүдийн дунд яригтун.
25Учир нь ЭЗЭН бол агуу бөгөөд агуугаар магтагдах Нэгэн.
Мөн бүх бурхдаас дээгүүр Түүнээс эмээгтүн.
26Учир нь хүмүүсийн бүх бурхад бол шүтээнүүд юм.
Харин ЭЗЭН тэнгэрүүдийг бүтээсэн билээ.
27Түүний өмнө сүр жавхлан, яруу алдар бий.
Түүний газарт хүч чадал, баяр баясгалан бий.
28ЭЗЭНд өргөгтүн, ард түмнүүдийн ургууд аа,
ЭЗЭНд яруу алдар, хүч чадлыг өргөгтүн.
29Нэрд нь зохих яруу алдрыг ЭЗЭНд өргөгтүн.
Өргөлөө авчран Түүний өмнө ир.
Ариун хувцастайгаар ЭЗЭНд мөргөгтүн.
30Бүх дэлхий, Түүний өмнө чичрэгтүн.
Үнэхээр газар дэлхий бат тогтсон бөгөөд ганхахгүй.
31Тэнгэрүүд баярлан, газар дэлхий баясаг.
Тэд үндэстнүүдийн дунд “ЭЗЭН хаанчилдаг” гэж өгүүлэг.
32Далай болон түүнийг бүрдүүлэгч бүх юмс нүргэлэгтүн.
Тал болон тэнд байгаа бүх юмс баярлагтун.
33Тэгээд ойн модод ЭЗЭНий өмнө баярлан дуулах болно.
Учир нь ЭЗЭН дэлхийг шүүхээр ирж байна.
34ЭЗЭН сайн учир Түүнд талархал өргөгтүн.
Учир нь Түүний хайр энэрэл үүрдийнх.
35Тэгээд “Бидний авралын Бурхан аа, биднийг авраач.
Таны ариун нэрэнд талархлыг,
Таны магтаал дотор алдрыг өргөхөөр биднийг цуглуулж,
үндэстнүүдээс чөлөөлж өгөөч” гэж хэлэгтүн.
36Израилийн Бурхан ЭЗЭН өнө мөнхөөс үүрд мөнх хүртэл магтагдах болтугай. -Амен хэмээгээд, ЭЗЭНийг магтав.
37Ингээд өдөр тутмын ажил мэт авдрын өмнө үргэлжлүүлэн үйлчлэхийн тулд Асаф болон түүний төрөл садангуудыг Давид тэнд, ЭЗЭНий гэрээний авдрын өмнө үлдээсэн билээ. 38Обед-едомыг түүний төрөл садангийн жаран найман хүнтэй үлдээв. Иедутуны хүү Обед-едом ба Хоса нар хаалгачид болов. 39Тахилч Задок болон түүний төрөл садангийн тахилч нарыг тэрээр Гибеон дахь мөргөлийн өндөрлөг дээрх ЭЗЭНий асрын өмнө үлдээсэн нь 40Израильд тушаасан ЭЗЭНий хуульд бичигдсэн бүгдийн дагуу ЭЗЭНд шатаалт тахилуудыг шатаалт тахилын ширээн дээр өглөө оройгүй үргэлжлүүлэн өргүүлэхийн тулд байв. 41Тэдний хамт Хеман, Иедутун нар болон ЭЗЭНд талархал өргөж байхаар нэрс нь тогтоогдож, сонгогдсон, үлдсэн хүмүүс байв. Учир нь Түүний хайр энэрэл үүрдийнх юм. 42Чангаар дуугарагчдад зориулсан бүрээ, цантай, мөн Бурханы дуунуудад зориулсан хөгжмийн зэмсгүүдтэй Хеман, Иедутун нар тэдэнтэй хамт байлаа. Иедутуны хөвгүүд нь хаалгачид болов. 43Түүний дараа бүх ард түмэн өөр өөрийн гэр уруу явцгааж, Давид ч өөрийн гэр бүлийнхнийг ерөөхөөр буцав.