22 1Арабуудын хамт хуаран уруу дайран ирсэн дээрэмчдийн бүлэг бүх ууган хөвгүүдийг нь алсан тул Иерусалимын оршин суугчид түүний отгон хүү Ахазиаг оронд нь хаанаар өргөмжлөв. Ингээд Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа хаанчилж эхэлжээ. 2Ахазиа хаан болохдоо хорин хоёр настай байсан бөгөөд нэг жил Иерусалимд хаанчлав. Түүний эхийг Омрийн ач охин Аталиа гэдэг байв. 3Ахазиа бас Ахабын гэрийн замаар замнасан юм. Учир нь түүний эх түүнийг бузар мууг үйлдэхэд зөвлөгч нь болж байв. 4Тэрээр Ахабын гэрийн адил ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. Учир нь түүний эцгийн үхлийн дараа өөрийнх нь сүйрэл хүртэл тэд түүний зөвлөх болж байв. 5Тэр бас тэдний зөвлөгөөгөөр явж, Израилийн хаан Ахабын хүү Иехорамтай хамт Рамот-гилеадад Арамын хаан Хазаелын эсрэг тулалдахаар явжээ. Харин арамейчууд Иорамыг шархдуулжээ. 6Иймээс Арамын хаан Хазаелын эсрэг тулалдаж байхад нь Рамад арамейчуудын өөрт нь учруулсан шархыг эдгээхээр тэрээр Иезреел уруу буцав. Ахабын хүү Иехорам өвчтэй байсан тул Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа Иезреелд түүнтэй уулзахаар явжээ.
7Ахазиа Иорам уруу явсанд түүний сүйрэл Бурханаас ирсэн юм. Учир нь тэр тэнд ирмэгц, Иехорамын хамт Нимшийн хүү Иехүгийн эсрэг хөдөлжээ. Ахабын гэрийг тастуулахаар Иехүг ЭЗЭН тосолсон байв. 8Иехү Ахабын гэр дээр шийтгэлийг гүйцэлдүүлэх үедээ Иудагийн хааны хөвгүүд болон Ахазиагийн ах дүүсийн хөвгүүд Ахазиад үйлчилж байгааг олж хараад, тэднийг хороов. 9Тэр мөн Ахазиаг хайн, тэд түүнийг Самарид нуугдаж байхад нь барьж авав. Тэд түүнийг Иехү уруу авчран, алаад, оршуулав. Учир нь тэд “Тэр хүн бол ЭЗЭНийг бүх зүрх сэтгэлээрээ эрэлхийлж байсан Иехошафатын хүү юм” гэцгээж байв. Хаанчлалын эрхийг барих хүн Ахазиагийн гэрээс нэг ч үлдсэнгүй.
10Өөрийн хүүг үхсэнийг Ахазиагийн эх Аталиа хараад, босож Иудагийн гэрийн хааны удмын бүх хөвгүүдийг устгав. 11Харин хааны охин Иехошабеат Ахазиагийн хүү Иоашийг авч, алуулж байсан хааны хөвгүүдийн дундаас хулгайлан, түүнийг асрагчтай нь хамт унтлагын өрөөнд байлгав. Ийнхүү Иехорам хааны охин, тахилч Иехоиадагийн эхнэр Иехошабеат (учир нь Иехошабеат нь Ахазиагийн эгч байв) түүнийг Аталиагаас нуун, түүнд алуулсангүй. 12Аталиа уг газрыг захирч байх хооронд тэрээр тэдний хамт Бурханы өргөөнд зургаан жил нуугдаж байв.