7 1Соломоныг залбирч дуусахад тэнгэрээс гал буун ирж, шатаалт тахил болон өргөлүүдийг шатаасан бөгөөд ЭЗЭНий яруу алдар өргөөг дүүргэв. 2ЭЗЭНий яруу алдар ЭЗЭНий өргөөг дүүргэснээс болж тахилч нар ЭЗЭНий өргөө уруу нэвтрэн орж чадахгүй байлаа. 3Гал доош буун ирж, ЭЗЭНий яруу алдар өргөөний дээр залрахыг үзээд Израилийн бүх хөвгүүд чулуун зам дээр нүүрээрээ газар харан бөхийн, мөргөж, ЭЗЭНд магтаалыг өргөж,
-Тэр үнэхээр сайн, Түүний хайр энэрэл үнэхээр үүрдийнх гэцгээв.
4Тэгээд хаан болон бүх хүн ЭЗЭНий өмнө тахил өргөв. 5Соломон хаан хорин хоёр мянган үхэр, зуун хорин мянган хониор тахил өргөв. Ингэж хаан ба бүх ард түмэн ЭЗЭНий өргөөг зориуллаа. 6Тахилч нар байраа эзлэн, левичүүд ч бас ЭЗЭНд магтаалыг өргөхөөр Давид хааны зохиосон, ЭЗЭНд зориулагдах хөгжмийн зэмсгүүдтэй зогсов. “Учир нь Түүний хайр энэрэл үүрдийнх”. Тэрээр тэдгээрийн тусламжтайгаар магтаал өргөж байсан билээ. Тахилч нар нөгөө талд бүрээ үлээж байсан бөгөөд бүх Израиль зогсож байв. 7Дараа нь ЭЗЭНий өргөөний өмнө байрлах хашааны төвийг Соломон ариусгав. Тэнд Соломон шатаалт тахилууд болон эвийн тахилуудын өөхийг өргөжээ. Учир нь Соломоны хийсэн хүрэл тахилын ширээ нь шатаалт тахил, идээн өргөл болон өөхийг багтааж чадахгүй байлаа.
8Ийнхүү Соломон болон түүнтэй хамт бүх Израиль буюу Хаматын хоолойноос Египетийн горхи хүртэлх асар их чуулган тэр үед долоо хоног баяр наадмыг сахив. 9Тэд долоон хоног тахилын ширээний зориулалтыг сахисны дараа баяр наадмыг долоон өдөр сахиж, найм дахь өдөр нь тэд ёслолын чуулганыг явуулав. 10Тэгээд долдугаар сарын хорин гурав дахь өдөр тэрээр ард түмнээ майхан, майхан уруу нь буцаав. Өөрийн ард түмэн Израильд болон Давид, Соломон нарт үзүүлсэн ЭЗЭНий сайн сайханд баярлан хөөрч, сэтгэлдээ жаргалтайгаар тэд явцгаав.
11Ийнхүү Соломон ЭЗЭНий өргөө, хааны ордныг дуусгаж, ЭЗЭНий өргөө болон өөрийн ордон дотор хийхээр төлөвлөсөн бүхнээ амжилттайгаар хийж гүйцээв. 12ЭЗЭН шөнөөр Соломонд үзэгдэж, түүнд хандан
-Би чиний залбирлыг сонсож, энэ газрыг Өөртөө зориулан тахилын өргөө болгон сонгож авлаа. 13Хэрэв Би бороо оруулахгүйгээр тэнгэрийг хааж, эсвэл энэ газрыг хоосруулахыг Би царцаануудад тушааж, эсвэл Өөрийн ард түмний дунд тахал илгээх үед 14Миний нэрээр дуудагдсан Миний хүмүүс өөрсдийгөө даруу байлган, залбирч, Миний нүүрийг эрэлхийлж, бузар муу замуудаасаа эргэх аваас, Би тэнгэрээс сонсож, тэдний нүглийг уучлан, тэдний газар нутгийг эдгээнэ. 15Энэ газарт өргөгдөх залбиралд Миний мэлмий тунгалаг, Миний чих сонор байх болно. 16Миний нэр тэнд үүрд мөнхөд байхын тулд Би энэ өргөөг сонгоод, ариусгасан бөгөөд Миний мэлмий, Миний зүрх сэтгэл тэнд үргэлж байх болно. 17Хэрэв чи Миний өмнө эцэг Давид шигээ явж, Миний чамд тушаасан бүгдийн дагуу үйлдэн, Миний зарлиг, Миний тогтоолыг сахивал, 18чиний эцэг Давидтай гэрээ байгуулан, “Израильд захирагч байх хүнээр чи дутагдахгүй” гэж айлдсанаараа Би чиний хааны сэнтийг тогтооно.
19Гэвч чи хэрэв эргэж, чиний өмнө тавьсан Миний зарлиг, Миний тушаалуудыг умартан, явж, өөр бурхдад үйлчилж, тэдэнд мөргөвөл, 20Би чамд өгсөн Өө-рийн газар нутгаас чамайг зайлуулж, мөн Өөрийн нэр алдрын төлөө ариусгасан энэ өргөөг Би Өөрийн мэлмийнээс зайлуулж, Би үүнийг бүх ард түмнүүдийн дунд сургамж, жишээ болгоно. 21Энэ өргөмжлөгдсөн өргөөний хувьд ч гэсэн, хажуугаар нь зорчин өнгөрөх хүн бүр гайхан, “ЭЗЭН юунд энэ газар, энэ өргөөг ийм болгож орхисон юм бол доо?” гэж харуусах болно. 22Тэд хэлэхдээ “Учир нь өөрсдийг нь Египет газраас авчирсан, эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг тэд умартан, өөр бурхдыг үрчлэн авч, тэдэнд мөргөн, тэдэнд үйлчилсэн билээ. Тиймээс Тэр энэ бүх гай гамшгийг тэдэн дээр буулгасан юм” гэх болно хэмээн айлдав.