31 1Энэ бүхэн дууссаны дараа тэнд байсан бүх израильчууд Иудагийн хотууд уруу явж, бүх Иуда, Бениамин даяар болон Ефраим, Манассед буй баганануудыг хэсэглэн бутлаж, Ашерагийн модон шонг цавчин, мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийг нураан, тэр бүгдийг устгаж дуусгав. Дараа нь Израилийн бүх хөвгүүд өөрсдийн хотууд уруу, хүн бүр өөрийн эзэмшил уруу харьцгаав.
2Тэгээд шатаалт тахилууд, эвийн тахилуудыг өргөхийн тулд, мөн ЭЗЭНий хүрээ буудлын дааман хаалганууд дээр үйлчилж, талархал өргөн, магтахын тулд тахилч нар, левичүүдийн хүн нэг бүрийг өөрийнх нь үйлчлэлийн дагуу бүлэг бүлгээр нь үүрэгт ажилд Хезекиа томилов. 3Тэр бас өөрийн эд зүйлсээс шатаалт тахилуудад, тухайлбал, ЭЗЭНий хуульд бичигдсэнчлэн, өглөө, оройны шатаалт тахилууд, амралтын өдрүүд, шинэ сарууд болон товлогдсон баяр ёслолуудад зориулагдсан шатаалт тахилуудад хааны хувийг тогтоожээ. 4Тахилч нар болон левичүүд өөрсдийгөө ЭЗЭНий хуульд зориулахын тулд тэдэнд тохирсон хувийг өгөхийг Иерусалимд амьдарч байсан иргэдэд хаан бас тушаав. 5Захирамж гарч тархмагц, Израилийн хөвгүүд үр тарианы анхны үр жимс, шинэ дарс, тос, зөгийн бал болон газрын бүх бүтээгдэхүүнийг арвин хэмжээгээр хангав. Тэд бүх зүйлсийнхээ аравны нэгийг асар их хэмжээгээр авчрав. 6Иудагийн хотуудад амьдарч байсан Иуда болон Израилийн хөвгүүд үхэр, хониныхоо аравны нэгийг, мөн өөрсдийн Бурхан ЭЗЭНд ариусгагдсан ариун бэлгүүдийн аравны нэгийг авчирч, овоолон тавив. 7Гурав дугаар сард тэд овоонууд босгож эхлээд, долдугаар сард дуусгав. 8Хезекиа болон захирагчид ирж, овоонуудыг хараад, ЭЗЭН болон Түүний ард түмэн болох Израилийг ерөөв. 9Дараа нь уг овоонуудын талаар Хезекиа тахилч нар болон левичүүдээс асуув. 10Задокийн гэрийн ахлах тахилч Азариа түүнд хариулан,
-ЭЗЭНий өргөөнд хандивуудыг авчирч эхэлснээс хойш бидэнд идэх юм хангалттай байсан бөгөөд илүү гарсан нь ч элбэг үлдэв. Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнийг ерөөсөн бөгөөд энэ үлэмж хэмжээний зүйл илүү гарсан юм гэв.
11Тэгээд Хезекиа тэдэнд ЭЗЭНий өргөөн дотор өрөөнүүд бэлтгэхийг тушаасанд, тэд бэлтгэв. 12Тэд хандивууд, аравны нэгүүд болон ариусгагдсан зүйлсийг итгэлтэйгээр авчирчээ. Леви хүн Конаниа тэдгээрийг хариуцсан түшмэл, түүний дүү Шимеи удаах хүн нь болов. 13Хезекиа хаан томилсноор Иехиел, Азазиа, Нахат, Асахел, Иеримот, Иозабад, Елиел, Исмахиа, Махат, Бенаиа нар Конаниа, Шимеи нарын эрх мэдэл доор байх харгалзагчид болсон бөгөөд Бурханы өргөөнд ахлах түшмэл нь Азариа байв. 14Зүүн талын дааман хаалганы сахиул, Леви хүн Имнагийн хүү Коре ЭЗЭНд зориулсан хандивыг болон хамгийн ариун зүйлсийг тогтоохоор Бурханд өргөх сайн дурын өргөлүүдийг хариуцдаг байв. 15Түүний эрх мэдэл дор Еден, Миниамин, Иешуа, Шемаиа, Амариа, Шеканиа нар тахилч нарын хотуудад байж, өөрсдийн ах дүүс нарт бүлгүүдийн дагуу, том жижгийн аль алинд хувиудыг нь итгэлтэйгээр өгдөг байв. 16Угийн бичигт тэмдэглэгдсэнийг нь үл харгалзан гучин наснаас дээших эрс буюу өдөр бүрийн үүргээ гүйцэтгэхээр ЭЗЭНий өргөөнд орж байсан хүн бүрд бүлгийнхээ дагуу гүйцэтгэсэн ажил үүргийн төлөө уг хувиуд тараагдаж байв. 17Мөн эцгүүдийнхээ бүлүүдийн дагуу угийн бичигт тэмдэглэгдсэн тахилч нар, хорин наснаас дээших левичүүдэд, тэдний үүрэг болон бүлгүүдийн дагуу хувийг өгчээ. 18Угийн бичгийн тэмдэглэлүүдэд бүхий л чуулганы балчир хүүхдүүд, эхнэрүүд, хөвгүүд болон охидыг багтаасан байлаа. Учир нь тэд ариун байдал дотор өөрсдийгөө итгэлтэйгээр ариусгажээ. 19Мөн хотуудынхаа бэлчээр газрууд дахь тахилч нар болох Аароны хөвгүүдийн төлөө, эсвэл хот нэг бүрд, тахилч нарын дотроос бүх эрчүүдэд, левичүүдийн дотроос угийн бичигт тэмдэглэгдсэн хүн бүрд хувь тараах хүмүүсийг нэрсээр нь тогтоосон юм.
20Хезекиа бүх Иуда даяар ийнхүү үйлдэв. Тэрээр өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө сайн, зөв, үнэн болох зүйлсийг хийжээ. 21Өөрийн Бурханыг эрэлхийлэн, хууль ба тушаал дотор Бурханы өргөөний үйлчлэлд эхлүүлсэн ажил бүрээ тэрээр бүх зүрх сэтгэлээсээ хийж, амжилт олж байв.