29 1Иаков цааш хөдлөн, дорнын хүмүүсийн нутагт хүрчээ. 2Тэрээр харвал, талд нэгэн худаг байх ба дэргэд нь гурван хэсэг хонин сүрэг хэвтэж байв. Учир нь хоньчид тэр худгаас хонио усалдаг ажээ. Худгийнхаа амыг чулуугаар дараад, 3бүх сүргийг цуглах үед худгийн амнаас чулууг өнхрүүлэн зайлуулж, хонио услаад, дараа нь уг чулуугаа худгийн амсар дээр буцаан тавьдаг байжээ. 4Иаков тэдэнд хандаж
-Ах дүү нар минь, та нар хаанаас ирсэн бэ? гэж асуусанд тэд
-Бид Харанаас ирсэн гэжээ. 5Иаков тэднээс
-Та нар Нахорын ач хүү Лабаныг таних уу? гэхэд тэд
-Бид түүнийг мэднэ гэв. 6Иаков тэднээс
-Тэр сайн уу? гэж асуусанд тэд
-Сайн. Түүний охин Рахел одоо хонио туугаад ирнэ гэж хариулав. 7Иаков
-Өдөр яагаа ч үгүй байна. Хонин сүрэг цуглах цаг болоогүй байна. Хонио услаад, бэлчээрт гарга гэв. 8Тэд
-Бид чадахгүй. Бүх сүргийг цуглахаар хоньчид худгийн амсраас чулууг өнхрүүлэн зайлуулаад, бид хонио усалдаг гэв. 9Иаковыг тэдэнтэй ярьж байхад, Рахел эцгийнхээ хонийг тууж ирэв. Тэрээр хоньчин байжээ. 10Иаков нагац ах Лабаны охин Рахел болон нагац ах Лабаны хонийг хараад ойртон очиж, худгийн амнаас чулууг өнхрүүлэн зайлуулж, нагац ах Лабаны хонин сүргийг услав. 11Тэгээд Иаков Рахелыг үнсээд, чанга дуугаар уйлан, 12Рахелд өөрийгөө эцгийнх нь дүү Ребекагийн хүү гэдгээ хэлсэнд тэрээр гүйн явж, эцэгтээ хэлэв.
13Лабан охин дүүгийнхээ хүү Иаковын тухай сонсоод, түүнтэй уулзахаар гүйн очиж, тэврэн, үнсээд, гэртээ дагуулан оров. Иаков өөрийнхөө тухай бүгдийг Лабанд ярьж өгчээ. 14Лабан түүнд
-Чи бол яах аргагүй миний мах цусны тасархай мөн гэв. Тэгээд Иаков түүнтэй нэг сар хамт суужээ. 15Лабан Иаковт
-Чи миний дүү боловч, чи надад ажил хийж өгөхдөө хөлсгүй хийх ёстой гэж үү? Юугаар чамд хөлс төлөх вэ? Надад хэлээч! гэв. 16Лабан хоёр охинтой бөгөөд томынх нь нэр Леа, багынх нь нэр Рахел болой. 17Леа хараа муутай, харин Рахел нь үзэсгэлэнтэй, гоолиг ажээ. 18Иаков Рахелд дурласан тул
-Би таны бага охин Рахелын төлөө долоон жил танд зарцлагдъя гэсэнд 19Лабан
-Түүнийг өөр хүнд өгснөөс чамд өгсөн нь дээр. Надтай хамт бай гэжээ. 20Иаков Рахелын төлөө долоон жил Лабанд зарагджээ. Иаков түүнд хайртай байсан тул долоон жил нь түүнд хэдхэн хоног мэт санагджээ.
21Иаков Лабанд
-Миний хугацаа дууссан учир эхнэрийг минь надад өгөөч. Би түүн дээр оръё гэжээ. 22Лабан тэр нутгийн бүх хүмүүсийг цуглуулан найр хийв. 23Үдэш нь Лабан охин Леагаа Иаковт авчирсанд, Иаков түүн дээр оржээ. 24Лабан өөрийн зарц бүсгүй Зилпаг охин Леадаа шивэгчин болгон өгчээ. 25Иаков өглөө нь хартал тэр нь Леа байв. Тэгээд тэрээр Лабанд
-Та надад яагаад ингэсэн бэ? Би Рахелын төлөө танд зарцлагдсан биш үү? Та юунд намайг мэхэлсэн бэ? гэхэд 26Лабан
-Манай нутагт эгчээс нь түрүүлж дүүг нь өгөх ёс байхгүй. 27Үүний төлөө долоо хоногийг гүйцээ. Тэгээд бид чамд Рахелыг нь ч өгнө. Чи түүний төлөө надад дахин долоон жил зарцлагдах болно гэжээ. 28Тэгээд Иаков хэлсэн ёсоор нь хийжээ. Иаков тэр долоо хоногийг гүйцээсэнд, Лабан түүнд өөрийн охин Рахелыг ч эхнэр болгон өгчээ. 29Лабан өөрийн зарц бүсгүй Билхаг охин Рахелдаа шивэгчнээр өгчээ. 30Иаков бас Рахел дээр орж, түүнийг Леагаас илүү хайрлан, дахин долоон жил Лабанд зарцлагджээ.
31ЭЗЭН Леаг нөхрөөсөө хайр хишиг хүртээгүйг үзээд, Леагийн умайг нээв. Харин Рахел нь үргүй байжээ. 32Леа жирэмсэлж, хүү төрүүлээд, түүнийгээ Реубен гэж нэрлэжээ. Тэгээд тэрээр
-ЭЗЭН миний зовлонг харсан учир одоо миний нөхөр намайг хайрлах болно гэж хэлжээ. 33Тэр бас дахин жирэмсэлж, хүү төрүүлээд,
-ЭЗЭН миний хайр хишиг хүртээгүйг сонсоод, энэ хүүг бас надад өглөө гээд түүнийгээ Симеон гэж нэрлэжээ. 34Тэр бас жирэмсэлж, дахин хүү төрүүлж,
-Би түүнд гурван хүү төрүүлж өгсөн учир миний нөхөр одоо надад татагдах болно гээд түүнийгээ Леви гэжээ. 35Тэр бас жирэмсэлж, дахин хүү төрүүлээд
-Энэ удаа би ЭЗЭНийг магтана гээд түүнийгээ Иуда гэжээ. Тэгээд түүний хүүхэд төрүүлэх нь зогсжээ.