46 1Тэгээд Израиль хамаг хөрөнгө хогшлоо авч хөдлөөд, Беершебад ирж, эцэг Исаакийнхаа Бурханд тахил өргөв. 2Шөнө нь Бурхан Израильд үзэгдэж,
-Иаков аа! Иаков аа! гэж дуудахад Иаков
-Би энд байна гэж хариулав. 3Бурхан
-Би Бурхан байна. Чиний эцгийн Бурхан байна. Чи Египет уруу явахаасаа битгий ай. Би тэнд чамайг агуу үндэстэн болгож өгнө. 4Би чамтай хамт Египетэд очоод, заавал чамайг буцааж авчирна. Иосеф чиний нүдийг аниулах болно гэв. 5Иаков Беершебагаас хөдөлжээ. Израилийн хөвгүүд Фараоны суулгахаар илгээсэн тэр тэргэнд эцэг Иаков болон эхнэр хүүхдүүдээ суулгажээ. 6Тэд бас мал сүргээ, Канаан нутагт хуримтлуулсан эд хөрөнгөө авав. Иаков болон түүний үр удам бүгдээрээ Египетэд очлоо. 7Ийнхүү Иаков хөвгүүд, ач нар, охид, зээ нар, бүх үр хүүхдээ дагуулж, Египетэд очжээ.
8Египетэд очсон Израилийн гэр бүлийнхний нэр ийм байна. Иаков болон Иаковын ууган хүү Реубен. 9Реубений хөвгүүд Ханох, Паллу, Хезрон, Карми. 10Симеоны хөвгүүд Иемуел, Иамин, Охад, Иахин, Зохар, Канаан эмэгтэйгээс төрсөн Шаул. 11Левийн хөвгүүд Гершом, Кохат, Мерари. 12Иудагийн хөвгүүд Ер, Онан, Шела, Перез, Зера нар бөгөөд (харин Ер, Онан хоёр Канааны нутагт үхжээ.) Перезийн хөвгүүд Хезрон ба Хамул. 13Иссахарын хөвгүүд Тола, Пувва, Иов болон Шимрон. 14Зебулуны хөвгүүд Серед, Елон, Иахлеел болой. 15Эдгээр нь Паддан-арамд Леагийн Иаковт төрүүлж өгсөн хөвгүүд бөгөөд түүний охин Дина, түүний охид, хөвгүүд бүгд нийлээд гучин гурав болой. 16Гадын хөвгүүд нь Зифион, Хагги, Шуни, Езбон, Ери, Ароди, Арели болой. 17Ашерын хөвгүүд нь Имна, Ишва, Ишви, Бериа болой. Тэдний охин дүү нь Сера, Бериагийн хөвгүүд нь Хебер, Малхиел хоёр. 18Эдгээр нь Лабан өөрийн охин Леад авч өгсөн Зилпагийн Иаковт төрүүлж өгсөн арван зургаан хүүхдүүд болой. 19Иаковын эхнэр Рахелын хүүхдүүд нь Иосеф, Бениамин хоёр юм. 20Оны тахилч Потиферагийн охин Асенатаас Египет нутагт Иосефт төрүүлж өгсөн Манассе, Ефраим хоёр. 21Бениамины хөвгүүд нь Бела, Бехер, Ашбел, Гера, Нааман, Ехи, Рош, Муппим, Хуппим, Ард болой. 22Тэдгээр нь Иаковт Рахелын төрүүлж өгсөн хөвгүүд болой. Тэд бүгд нийлээд арван дөрвүүлээ юм. 23Даны хүү нь Хушим. 24Нафталийн хөвгүүд нь Иахзеел, Гуни, Иезер, Шиллем. 25Эдгээр нь Лабан өөрийн охин Рахелд авч өгсөн Билхагаас Иаковт төрүүлж өгсөн хөвгүүд бөгөөд бүгд долоо юм. 26Египетэд Иаковтай хамт ирсэн хүмүүс нь түүний бэрүүдээс гадна жаран зургаан хүн байв. Эдгээр нь бүгд Иаковаас гарсан хүмүүс юм. 27Египетэд төрсөн Иосефын хөвгүүд гэвэл хоёр бөгөөд Египетэд ирсэн Иаковынхан бүгд дал болой.
28Иаков Гошен уруу замчлуулахаар Иудаг урьдаар Иосефт илгээж, улмаар тэд Гошен нутагт хүрэлцэн иржээ. 29Иосеф хөсөг тэргээ бэлтгэж, эцэг Израильтайгаа уулзахаар Гошенд хүрч очоод, түүнд өөрийгөө үзүүлэн, хүзүүгээр нь тэврээд удтал уйлав. 30Израиль Иосефт хандаж
-Чиний амьд байгааг харж, царай зүсийг чинь нүдээрээ үзсэнээс хойш би одоо үхье гэв. 31Иосеф өөрийн ах дүү нар болон эцгийнхэндээ хандаж
-Би очиж Фараонд хэлье. Би түүнд “Канаанд байсан ах дүү нар болон эцгийнхэн маань над уруу хүрч ирлээ. 32Тэд бол хоньчид, угаасаа мал малласаар ирсэн улс. Тэд мал сүргээ, хамаг эд хөрөнгөө авч иржээ” гэе. 33Фараон та нарыг дуудаад “Та нар юу хийдэг улс вэ?” гэж асуухлаар нь 34та нар “Таны зарц бид болон бидний өвөг дээдэс хар багаасаа өдий хүртэл мал малласаар ирлээ” гэж хэлээрэй. Египетчүүд хоньчдод маш дургүй учир та нарыг Гошен нутагт суулгах болно гэв.