31 1Лабаны хөвгүүд
-Бидний эцгийн бүх хөрөнгийг Иаков авчээ. Тэрээр манай аавын бүхий л хөрөнгөөр ийм баян чинээлэг болжээ гэж хэлэлцэхийг Иаков сонсов. 2Иаков Лабаны царайг хараад, тэрээр өөрт нь урьдынхтай адилгүй хандаж байгааг ажиглав. 3ЭЗЭН Иаковт
-Чи өвөг дээдсийнхээ нутаг уруу, төрөл садан уруугаа буцаж яв. Би чамтай хамт байна гэлээ. 4Иаков хэл явуулж, Рахел Леа хоёрыг сүргийнхээ бэлчээрт дуудуулж ирүүлээд 5тэдэнд өгүүлрүүн
-Би эцгийн чинь хандлагыг харахад, тэр надад урьдынх шиг найрсаг биш байна. Харин миний эцгийн Бурхан надтай хамт байсан. 6Намайг эцэгт чинь хамаг хүчээрээ зүтгэснийг та нар мэднэ. 7Гэвч эцэг чинь намайг мэхэлж, миний авах хөлсийг арван удаа өөрчилсөн билээ. Гэсэн хэдий ч надад муу юм хийхийг Бурхан түүнд зөвшөөрөөгүй. 8Тэрээр “Цоохор зүсмийнх нь чиний хөлс болно” гэсэн тул бүх сүрэг цоохор зүсмийн төл гаргасан. Тэрээр “Эрээн зүсмийнх нь чиний хөлс болно” гэсэн тул бүх сүрэг нь эрээн зүсмийн төл гаргасан. 9Ингэж л Бурхан та нарын эцгийн малыг авч надад өгөв. 10Ямаан сүрэг хээл авах үед би зүүдэндээ нүдээ өргөн харахад, хээлтүүлэгч ухна болгон эрээн, цоохор, алаг зүстэй байв. 11Бурханы тэнгэр элч зүүдэнд минь
-Иаков! хэмээсэнд
-Би энд байна гэж би хариулав.
12-Чи нүдээ өргөн хар! Хээлтүүлэгч хуц болгон эрээн, цоохор, алаг зүстэй байна. Учир нь Лабаны чамд хийсээр ирсэн бүх зүйлийг би харсан. 13Би Бетелийн Бурхан байна. Чи тэнд дурсгалын багананд тос асгаж, тэнд Надад тангарагласан билээ. Тиймээс одоо босож, энэ газрыг орхин төрсөн нутаг уруугаа буц! гэжээ. 14Рахел, Леа хоёр түүнд
-Эцгийн гэрээс бидэнд оногдох ямар нэгэн өмч юмуу хувь бий гэж үү? 15Тэр биднийг гаднын хүмүүс гэж тооцдог биш үү? Учир нь тэрээр биднийг худалдаж, бас бидний бүх мөнгийг үрсэн. 16Бурханы эцгээс маань авсан бүх хөрөнгө бол биднийх бөгөөд бидний үр хүүхдүүдийнх учир Бурханы танд хэлсэн бүхнийг хийтүгэй! гэв.
17Иаков босож, хүүхдүүд, эхнэрүүдээ тэмээ унуулж, 18өөрийн олсон бүх мал адгуус болон хөрөнгөө буюу Паддан-арамаас олсон бүх мал сүргээ туугаад, Канаан нутаг уруугаа, эцэг Исаак уруугаа очихоор хөдлөв. 19Тэр үед Лабаныг хонио хяргахаар явсан хойгуур нь Рахел аавынхаа гэрийн шүтээнүүдийг хулгайлан авчээ. 20Иаков сири хүн Лабанд оргон явахаа хэлэлгүй, түүнийг мэхэлжээ. 21Тэрээр хамаг хөрөнгөө аваад Евфрат мөрнийг гатлан зугтааж, Гилеадын уулархаг нутгийг зорив.
22Түүнээс хойш гурав хоногийн дараа Иаковын зугтасныг Лабан дуулаад, 23ах дүү нараа дагуулан, түүний хойноос долоо хоног мөшгөн хөөж, Гилеадын уулархаг нутагт түүнийг гүйцэн иржээ. 24Шөнө нь сири хүн Лабаны зүүдэнд Бурхан хүрч ирээд
-Чи болгоомжил, Иаковт сайн муу юу ч битгий хэл! гэжээ. 25Лабан Иаковыг гүйцэн очиход Иаков ууланд майхнаа босгосон байв. Лабан ах дүү нарынхаа хамт Гилеад ууланд майхнаа босгов. 26Лабан Иаковт хандаж
-Чи надад мэдэгдэлгүйгээр охидыг минь илдээр барьж авсан олзлогдогсод шиг авч яван юу хийчих нь энэ вэ? 27Чи яагаад хэлэлгүй сэмхэн зугтаж, намайг мэхэлсэн юм бэ? Би чамайг баяр хөөр, ая дуу, бөмбөр ятгын эгшгээр үдэх байсан байх. 28Чи ач, зээ охидыг минь надад үнсүүлсэнгүй. Чи мунхаг зүйл хийлээ. 29Чамайг дөнгөх чадал надад бий. Харин өнгөрсөн шөнө эцгийн чинь Бурхан надад “Болгоомжил, Иаковт сайн муу юу ч битгий хэл” гэсэн. 30Чи эцгийнхээ гэрийг ихэд хүсэн санагалзсан учир, одоо чи явах нь зөв. Харин чи юунд миний бурхдыг хулгайлсан юм бэ? гэв. 31Иаков Лабанд
-“Таныг охидоо надаас булаан авч магадгүй” гэж бодсон учир би айсан юм. 32Таны бурхад хэнээс олдоно, тэр хүн амьд байх ёсгүй. Ах дүүсийн маань өмнө миний зүйлсээс өөрийнхөө юмыг олж танивал, та түүнийгээ аваарай гэжээ. Учир нь тэднийг Рахел хулгайлсныг Иаков мэдээгүй байжээ.
33Лабан Иаковын майхан, Леагийн майхан, бас хоёр шивэгчний майханд орсон боловч бурхдаа олсонгүй. Тэрээр Леагийн майхнаас гараад, Рахелын майханд оржээ. 34Рахел тэрхүү гэрийн бурхдыг тэмээний тохшин доор хийгээд, түүн дээрээ суужээ. Лабан бүх майхныг нэгжсэн боловч олсонгүй. 35Рахел эцэгтээ хандаж
-Эзэн минь, миний сарын тэмдэг ирсэн тул таныг босон угтаж чадаагүйд минь бүү уурлаарай гэжээ. Лабан гэрийн бурхдаа эрсэн боловч олсонгүй.
36Иаков уурлаж, Лабаныг зэмлэжээ. Иаков Лабанд хандан
-Би ямар буруу юм хийсэн юм бэ? Намайг ямар нүгэлтэй гэж та халуун мөрөөр минь мөшгөөд байгаа юм бэ? 37Та хамаг юмыг минь нэгжээд, гэрийнхээ ямар юмыг олов? Түүнийгээ энд миний ах дүү нар болон өөрийнхөө ах дүү нарын өмнө гаргаж тавь. Тэгээд бид хоёрын хэргийг шийдэг. 38Би хорин жил тантай хамт байлаа. Танай эм хонь, эм ямаа хээл хаяагүй. Бас танай сүргийн эр хониноос би идээгүй. 39Би араатанд уруулсныг нь танд авчраагүй. Би өөрөө түүнийг нөхсөн. Өдөр ч хулгайлагдсан бай, шөнө ч хулгайлагдсан бай түүнийг төлөхийг надаас та нэхэж байсан. 40Би өдрийн халуунд халж, шөнийн хүйтэнд хөрч, нүдээ цавчилгүй тийнхүү өнгөрөөсөөр байсан билээ. 41Би танайд хорин жил суулаа. Би таны хоёр охины төлөө арван дөрвөн жил, таны мал сүргийн төлөө зургаан жил танд зарагдлаа. Энэ завсар та миний хөлсийг арван удаа өөрчилсөн. 42Хэрэв миний эцгийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Эмээгч нь надтай хамт байгаагүйсэн бол өдийд та намайг гар хоосон буцаах байж дээ. Харин Бурхан гарын минь зүтгэл зовлон зүдгүүрийг минь үзээд, өчигдөр шөнө таныг зэмлэжээ хэмээв.
43Лабан Иаковт хандаж
-Энэ охид бол миний охид, энэ хүүхдүүд бол миний хүүхдүүд, энэ хонин сүрэг бол миний хонин сүрэг. Чиний харж байгаа юм бүхэн минийх. Өнөөдөр би охидоо, тэдний төрүүлсэн үр хүүхдүүдийг яах юм бэ? 44Одоо нааш ир! Чи бид хоёулаа хоорондоо гэрээ байгуулъя. Тэр бол чи бид хоёрын хоорондын гэрч болог гэв. 45Иаков нэг чулуу аваад, багана болгон босгожээ. 46Тэрээр ах дүү нартаа хандаж
-Чулуу цуглуул гэсэнд тэд чулуу цуглуулж, овоо босгоод, овооныхоо дэргэд хооллоцгоожээ. 47Лабан тэр овоогоо Иегар-сахадута гэж нэрлэжээ, Иаков ч бас түүнийгээ Галеед гэж нэрлэжээ. 48Лабан
-Энэ овоо бол өнөөдөр чи бид хоёрын хоорондын гэрч болно гэв. Тийм учраас түүнийг Галеед хэмээн нэрлэдэг байжээ. 49Бас Мизпа ч хэмээн нэрлэдэг байжээ. Учир нь тэрээр “Бид хоёрын хэн хэн нь байхгүй байхад ЭЗЭН чи бид хоёрын хоорондохыг харах болтугай” гэсэн ажээ.
50-Хэрэв чи миний охидтой зүй бусаар харьцах, эсвэл миний охидоос өөр эхнэр авбал бидэнтэй хамт өөр хүн байхгүй ч гэсэн, харагтун! Бурхан чи бид хоёрын хооронд гэрч болно гэв. 51Лабан дахин Иаковт хандаж,
-Чи бид хоёрын хооронд миний босгосон энэ овоог хар. Бас энэ баганыг хар. 52Энэ овоо ч гэрч, энэ багана ч гэрч болно. Би чамд муу юм хийх гэж энэ овоог давахгүй. Чи надад муу юм хийх гэж энэ овоо болон баганыг давахгүй. 53Абрахамын Бурхан, Нахорын Бурхан, тэдний өвөг дээдсийн Бурхан, бидний хоорондохыг шийдэг гэсэнд Иаков эцэг Исаакийнхаа Эмээгчээр тангараглав. 54Иаков бас уулан дээр тахил өргөөд, ах дүү нараа дуудаж хооллов. Тэд хоолоо идэж, уулан дээр хоноцгоожээ. 55Лабан өглөө эртлэн босоод, ач зээ нараа, охидоо үнсэж ерөөгөөд, нутаг уруугаа эргэн оджээ.