33 1Иаковыг хараагаа өргөн хартал, Есав дөрвөн зуун хүнийг дагуулан яваа харагдлаа. Иймээс тэрээр хүүхдүүдээ Леа, Рахел болон хоёр шивэгчиндээ хувааж өгөөд, 2шивэгчид болон тэдний хүүхдүүдийг өмнө нь, Леаг хүүхдүүдтэй нь хамт дараа нь, Рахел Иосеф хоёрыг сүүлд нь оруулав. 3Харин Иаков өөрөө тэдний өмнө гарч, долоон удаа газарт мөргөөд, ах Есав уруугаа дөхөж очиход, 4Есав гүйж ирээд, түүнийг тэврэн хүзүүдэж үнсээд, хоёулаа уйлалдав. 5Есав хараагаа өргөн, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг олж хараад,
-Чамтай хамт яваа эдгээр хүмүүс юун улс вэ? гэсэнд Иаков
-Бурханаас таны зарц надад энэрэн нигүүлсэж өгсөн хүүхдүүд гэв. 6Тэгэхэд зарц бүсгүйчүүд нь хүүхдүүдийнхээ хамт хүрч ирээд сөгдөн мөргөв. 7Леа ч бас хүүхдүүдийнхээ хамт хүрч ирээд сөгдөн мөргөв. Дараа нь Иосеф Рахелтай хамт хүрч ирээд сөгдөн мөргөв. 8Есав
-Надтай дайралдсан энэ бүх сүрэг чинь ямар учиртай юм бэ? гэсэнд Иаков
-Эзэн таны хайр ерөөлийг хүртэх гэсэн юм гэж хэлэв. 9Есав
-Дүү минь ээ! Надад байгаа юм хангалттай. Чи өөртөө байгаа юмаа өөртөө байлга гэв. 10Иаков
-Үгүй. Хэрэв би таны хайр ерөөлийг хүртсэн бол энэ бэлгийг миний гараас авна уу? Тантай учрах нь Бурхантай учирсан мэт санагдана. Та ч намайг таалсан билээ. 11Бурхан надад нигүүлсэнгүй хандсан, бас миний эд хөрөнгө хангалттай учир танд зориулж авчирсан бэлгийг минь хүлээн авна уу? гэж хичээнгүйлэн гуйсанд Есав зөвшөөрчээ. 12Тэгээд Есав
-Хөдөлцгөөе! Би чиний өмнө явъя гэв. 13Иаков түүнд
-Хүүхдүүд минь сул дорой, мал сүрэг маань нялх төлтэй. Хэрэв нэг өдөр ширүүн туувал мал сүрэг бүгдээрээ үхнэ гэдгийг эзэн та мэдэх буй заа. 14Эзэн минь та зарц надаас түрүүлээд явна уу? Сеирт эзэн тан дээр хүрч очтол, би өмнөө яваа мал сүрэг, хүүхдүүдийнхээ аясыг тааруулж, аажуу уужуу явъя гэв. 15Есав
-Би хамт яваа хүмүүсийнхээ заримыг чамтай үлдээе гэхэд Иаков
-Яах юм бэ? Эзэн та намайг таалалдаа багтаагаач гэв. 16Есав тэр өдөртөө Сеир уруу буцах замдаа гарав. 17Тэгээд Иаков Суккотод очоод, тэнд өөртөө байшин, малдаа саравч барьсан учир тэр газрыг Суккот хэмээн нэрлэх болжээ.
18Иаков Паддан-арамаас Канаан нутгийн Шехем хотод амар тайван хүрч ирээд, хотын өмнө талд майхнаа барив. 19Тэрээр майхнаа барьсан тэр талбайн хэсгийг Шехемийн эцэг Хаморын хүүхдүүдийн гараас зуун мөнгөн зоосоор худалдан авч, 20тэндээ тахилын ширээ босгож, түүнийгээ Ел-Елохе-Израиль гэж нэрлэжээ.