37 1Иаков эцгийнхээ сууж байсан газар Канааны нутагт амьдран суужээ. 2Иаковын үр удмынхан энэ болой. Арван долоон настай залуу хүү Иосеф ах нартайгаа хонь хариулж байхад эцгийнх нь татвар эхнэр Билха, Зилпа хоёрын хөвгүүд хамт байлаа. Иосеф эцэгтээ тэдний талаар сайнгүй мэдээ авчирчээ. 3Израилийг өндөр настай болсон хойно Иосеф төрсөн тул тэрээр түүнийг бусад хөвгүүдээсээ илүү хайрлаж, түүнд урт, тансаг дээл хийж өгчээ. 4Эцэг нь түүнийг бусад хөвгүүдээсээ илүү хайрладгийг ах нар нь хараад, Иосефыг үзэн ядаж, түүнтэй эв найртай ярилцаж чаддаггүй байжээ.
5Иосеф нэгэн зүүд зүүдлээд, түүнийгээ ах нартаа ярьсанд тэд түүнийг улам үзэн ядах болжээ. 6Иосеф тэдэнд ярьсан нь
-Миний зүүдэлсэн зүүдийг сонсоцгооно уу гээд тэдэнд ярьсан нь
7-Биднийг тариалангийн талбайд сүрэл боож байтал миний боосон сүрэл босоод зогсчихов. Гэтэл та нарын боосон сүрэл миний сүрлийг тойрон цуглараад, түүнд мөргөцгөөв гэжээ. 8Ах нар нь түүнд хандаж
-Чи үнэхээр бидний хаан болно гэж үү? Чи үнэхээр биднийг захирах болно гэж үү? гэцгээжээ. Ах нар нь түүний зүүд, түүний ярианаас болоод улам илүү үзэн ядах болжээ. 9Иосеф бас өөр нэг зүүд зүүдлээд, түүнийгээ ах нартаа
-Сонсоцгоо! Би бас өөр нэг зүүд зүүдэллээ. Энэ удаа нар, сар бас арван нэгэн од надад мөргөцгөөж байлаа гэж ярив. 10Тэрээр энэ зүүдээ эцэгтээ, бас ах нартаа ярьсанд эцэг нь түүнийг зэмлэж,
-Чи юун зүүд зүүдлээд байна вэ? Би, бас ээж чинь, ах нар чинь үнэхээр чам дээр очиж, чиний өмнө газарт сөгдөн, мөргөх гэж үү? гэв. 11Ах нар нь түүнд атаархаж, харин эцэг нь түүний үгийг сэтгэлдээ хадгалав.
12Ах нар нь Шехемд очиж, эцгийнхээ хонийг хариулахаар явахад 13Израиль Иосефт хандаж
-Ах нар чинь Шехемд хонио хариулж байгаа биш үү? Нааш ир! Би чамайг тэдэн уруу явуулъя гэсэнд Иосеф эцэгтээ
-Тэгье гэжээ. 14Израиль түүнд
-Одоо чи яваад, ах нараа, бас хонин сүргээ мэнд сайн байгаа эсэхийг үзээд, надад эргэж хэл гээд, түүнийг Хеброны хөндийгөөс илгээжээ. Тэрээр Шехемд ирэв. 15Түүнийг хээр талд тэнэж явахад нь нэг хүн түүнтэй уулзаад, түүнээс
-Чи юу эрж яваа юм бэ? хэмээн асуусанд 16тэрээр
-Би ах нараа эрж байна. Тэдний хаана хонио хариулж байгааг нь надад хэлж өгнө үү? гэсэнд 17тэр хүн
-Тэд эндээс явцгаасан. “Дотан уруу явцгаая” гэж тэдний хэлэлцэхийг нь би сонссон гэсэнд Иосеф ах нарынхаа хойноос явж, тэднийг Дотанаас олжээ.
18Тэд Иосефыг тэдэнд ойртож ирэхээс нь өмнө холоос хараад, түүнийг алахаар хуйвалджээ. 19Тэд
-Нөгөө зүүдлэгч ирж байна хэмээн бие биедээ хэлэв.
20-За, одоо цөмөөрөө нааш ир! Түүнийг алж, энэ нүхнүүдийн нэгэнд хаяад, “Зэрлэг араатан түүнийг идсэн” гэж хэлцгээе. Тэгээд түүний зүүд юу болохыг харцгаая л даа гэжээ. 21Реубен үүнийг сонсоод, Иосефыг тэдний гараас аврахаар
-Бид түүний амь насыг хорлохоо больцгооё гэв. 22Реубен бас тэдэнд
-Цус бүү урсга. Түүнийг цөлийн энэ нүхэнд хая. Харин түүнд гар бүү хүр! гэв. Энэ нь түүнийг аварч, эцэг уруу нь буцаах гэснийх ажээ. 23Иосефыг ах нар дээрээ хүрч ирмэгц тэд, Иосефын дээл буюу өмссөн тансаг дээлийг нь тайлж, 24түүнийг барьж аваад, нүхэнд шидэв. Тэр нүх нь дотроо усгүй хоосон байлаа.
25Тэд сууцгаан, хоолоо идэж байгаад, хараагаа өргөн хартал ишмаелчуудын жингийн цуваа Гилеадаас ирж явав. Тэд тэмээнүүддээ анхилуун үнэрт бараа, үнэрт тос, гүгэл ачаад Египет уруу аваачихаар явж байжээ. 26Иуда ах дүү нартаа хандаж
-Бид дүүгээ алж, түүний цусыг нууснаар юу хожих юм бэ? 27Түүнийг ишмаелчуудад худалдацгаая! Түүнд гар бүү хүрцгээ! Тэр бол бидний дүү, бидний мах цусны тасархай гэсэнд ах дүү нар нь үгэнд нь оров. 28Мидианыхны худалдаачид ирж өнгөрөхөд, тэд Иосефыг нүхнээс нь татаж гаргаад, ишмаелчуудад хорин шекел мөнгөөр түүнийг худалдав. Жинчид Иосефыг авч Египет уруу оджээ.
29Реубен буцаж, тэр нүх уруу очин харахад, Иосеф нүхэндээ байсангүй. Тэрээр хувцас хунараа тасар татан, 30дүү нартаа эргэж ирээд,
-Тэр хүү алга болжээ. Би одоо хаачих вэ? гэв. 31Тэд Иосефын урт дээлийг аваад, нэг эр ямааг алаад, цусанд нь түүний урт дээлийг дүрэв. 32Тэгээд тэд тэр тансаг дээлийг илгээж, эцэгтээ хүргээд,
-Бид үүнийг оллоо. Хүүгийн чинь урт тансаг дээл энэ мөн, эсэхийг хараарай! гэсэнд 33тэрээр дээлийг таниад,
-Миний хүүгийн дээл мөн байна. Зэрлэг араатан түүнийг барьж иджээ. Иосеф тастчуулсан нь гарцаагүй гээд 34Иаков хувцас хунараа урж тастаад, бүдүүн таараар ууц нуруугаа ороож, хүүгийнхээ төлөө олон хоног гашуудан гашуудсаар байлаа. 35Хөвгүүд охид нь бүгдээрээ түүнийг тайвшруулахаар очиход тэрээр тайвшрахаас татгалзаж,
-Би хүүгийнхээ төлөө гашуудсаар, өөр ертөнцөд одсон хүүгийнхээ араас хүрч очъё гэв. Тэгээд эцэг нь түүний төлөө гашуудан уйлжээ. 36Мидианчууд Иосефыг Египетэд Фараоны түшмэл, ордны харуулын ахлагч Потифарт худалджээ.