12 1Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
2-Израилийн хөвгүүдтэй ярин хэлэгтүн. “Эмэгтэй хүн жирэмслэн, хүү төрүүлэх аваас тэр нь өөрийн сарын тэмдгийн өдрүүдэд бузартсан болдгийн адил долоо хоногийн туршид бузартсан болно. 3Найм дахь өдөрт хөвгүүний хөвчний махыг хөндөх ёстой. 4Тэгээд тэр эмэгтэй гучин гурван өдөр цуснаас цэвэршинэ. Цэвэрших хоногуудыг дуустал ариусгагдсан аливаа зүйлд хүрэлгүй, ариун газарт ч орохгүй байх ёстой. 5Гэвч хэрэв тэрээр охин төрүүлэх аваас өөрийн сарын тэмдгийнхтэй адил хоёр долоо хоног бузартсан болно. Тэр жаран зургаан хоног цуснаас цэвэршинэ.
6Хүү, эсвэл охины төлөө цэвэрших хоногуудыг дуусмагц тэр хурлын майхны үүдэнд шатаалт тахилд зориулан нэг хургыг, нүглийн төлөөх тахилд зориулан залуу тагтааг, эсвэл хүүрзгэнийг тахилчид авчрах юм. 7Тэгээд тахилч түүнийг ЭЗЭНий өмнө өргөн, уг эмэгтэйн төлөө эвлэрүүллийг хийнэ. Тэр эмэгтэй цус алдалтаасаа цэвэршигдэх болой. Энэ нь хүү, эсвэл охин төрүүлэх эмэгтэйд зориулсан хууль болой. 8Гэвч хэрэв тэр эмэгтэй нь хурга олж авах чадалгүй бол хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр залуу тагтааг, нэгийг нь шатаалт тахилд, нөгөөг нь нүглийн төлөөх тахилд зориулан авчрах бөгөөд тахилч түүний төлөө эвлэрүүллийг хийхэд эмэгтэй нь цэвэр болно” гэв.