4 1Тэгээд ЭЗЭН Мосед айлдахдаа
– 2Израилийн хөвгүүдэд ийн хэл. “Хүн ЭЗЭНий хийх ёсгүй хэмээн тушаасан аливаа зүйлийг санамсаргүйгээр хийснээрээ нүгэл үйлдэн, тэдгээрийн аль нэгийг зөрчих тохиолдолд, 3хэрэв тослогдсон тахилч нь ард түмэнд гэм бурууг авчрахаар нүглийг үйлдэх аваас, тэр хүн үйлдсэн нүглийнхээ төлөө согоггүй бухыг нүглийн төлөөх тахил болгон ЭЗЭНд өргөг. 4Тэрээр бухыг ЭЗЭНий өмнө хурлын майхны үүдэнд авчраад гараа бухын толгой дээр тавьж, түүнийг ЭЗЭНий өмнө нядална. 5Дараа нь тослогдсон тахилч бухын цуснаас хэсгийг авч, түүнийгээ хурлын майханд авчирна. 6Тахилч цусанд хуруугаа дүрэн цусны зарим хэсгийг ЭЗЭНий өмнө, ариун газрын хөшигний өмнө долоон удаа цацах бөлгөө. 7Тахилч бас хэсэг цусыг хурлын майханд ЭЗЭНий өмнө буй анхилуун утлагын тахилын ширээний эврүүд дээр нялж, бухын бүх цусыг хурлын майхны үүдэнд байгаа шатаалт тахилын ширээний суурь уруу асгах болой. 8Тэрээр түүнээс, нүглийн төлөөх тахилын бухаас бүх өөхийг нь салгахдаа сэмж, бүх дотор өөхийг, 9ууцны хоёр бөөрийг, дээр нь байдаг өөхнийх нь хамт, бөөртэй хамт салгах өнчин элгийг 10(эвийн тахилын өргөлийн үхрээс салгасан яг тэр ёсоор) салгана. Тахилч тэдгээрийг шатаалт тахилын ширээн дээр шатаан уугиулах юм. 11Харин бухын арьс болон түүний бүх махыг толгой, мөч, гэдэс дотор, сэвс зэрэг 12бухын бусад бүх зүйлсийг тэрээр хуарангийн гадаа үнс асгадаг цэвэр газарт аваачиж түүнийг модон дээр галдан шатаана. Үнс асгадаг газарт үүнийг шатаах ёстой.
13Хэрэв Израилийн нийт цуглаан алдаа хийн, уг хэрэг нь чуулганд анзаарагдалгүй, ЭЗЭНий хийх ёсгүй хэмээн тушаасан аливаа зүйлийг хийснээр тэд гэм буруутай болох аваас, 14тэдний үйлдсэн нүгэл нь мэдэгдэх үед чуулган нь нүглийн төлөөх тахилд зориулан бод малаас бухыг өргөх ёстой. Түүнийг хурлын майхны өмнө авчрах бөлгөө. 15Дараа нь цуглааны ахмадууд өөрсдийн гарыг ЭЗЭНий өмнө, бухын толгой дээр тавиад, уг бухыг ЭЗЭНий өмнө нядлах болой. 16Тэгээд тослогдсон тахилч бухын цуснаас хэсгийг хурлын майханд аваачна. 17Тахилч цусанд хуруугаа дүрэн, ЭЗЭНий өмнө, хөшигний өмнө түүнийг долоон удаа цацна. 18Тэрээр хэсэг цусыг хурлын майханд ЭЗЭНий өмнө буй тахилын ширээний эврүүд дээр нялна. Бүх цусыг тэр хурлын майхны үүдэн дэх шатаалт тахилын ширээний суурь уруу асгана. 19Тэр мөнөөх бухаас бүх өөхийг нь салган, түүнийг тахилын ширээн дээр шатаан уугиулна. 20Тэр нүглийн төлөөх тахилын буханд хийсэнчлэн мөн тэгж, уг буханд хийнэ. Үүнийг яг тэр ёсоор нь түүнд хийнэ. Тахилч ийнхүү тэдний төлөө эвлэрүүллийг хийж, тэд уучлагдах болно. 21Тэгээд тэр бухыг хуарангийн гадна аваачиж түүнийг эхний бухыг шатаасантай адил шатаана. Энэ бол чуулганд зориулсан нүглийн төлөөх тахил юм.
22Удирдагч нүгэл үйлдэн, ЭЗЭН Бурханы хийх ёсгүй хэмээн тушаасан бүх зүйлийн аль нэгийг нь санамсаргүйгээр үйлдэн, гэм буруутай болох тохиолдолд, 23хэрэв үйлдсэн нүглийг нь түүнд мэдүүлбэл, тэр согоггүй ухныг өөрийн тахилд зориулан авчрах ёстой. 24Тэр гараа ухны толгой дээр тавьж, шатаалт тахилыг нядалдаг газарт ЭЗЭНий өмнө түүнийг нядална. Энэ нь нүглийн төлөөх тахил юм. 25Тэгээд тахилч нүглийн төлөөх тахилын хэсэг цусыг хуруугаараа авч, түүнийг шатаалт тахилын ширээний эврүүд дээр нялан, түүний бусад цусыг шатаалт тахилын ширээний суурь уруу асгах ёстой. 26Бүх өөхийг нь тэр эвийн тахилуудын өргөлийн өөхийг хийсэнтэй адил тахилын ширээн дээр шатаан уугиулна. Түүний нүглийнх нь хувьд, тахилч ийнхүү түүний төлөө эвлэрүүллийг хийх бөгөөд тэр уучлагдах болно.
27Жирийн хүмүүсийн аль нэг нь ЭЗЭНий хийх ёсгүй хэмээн тушаасан зүйлсийн аль нэгийг санамсаргүй хийснээр нүгэл үйлдэн, гэм буруутай болох тохиолдолд, 28хэрэв үйлдсэн нүглийг нь уг хүнд мэдүүлбэл тэр үйлдсэн нүглийнхээ төлөө өөрийн тахилд зориулан согоггүй эм ямааг авчрах болой. 29Тэр хүн гараа нүглийн төлөөх тахилын толгой дээр тавьж, уг нүглийн төлөөх тахилыг шатаалт тахилын байранд нядална. 30Тахилч түүний цуснаас хэсгийг хуруугаараа авч, шатаалт тахилын ширээний эврүүд дээр нялан, түүний бусад бүх цусыг тахилын ширээний суурь уруу асгах болой. 31Тэгээд тэр түүний бүх өөхийг эвийн тахилуудын өргөлийн өөхийг салгасантай адил тэр ёсоор салга. Тахилч түүнийг нь тахилын ширээн дээр ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон шатаан уугиулна. Ийнхүү тахилч түүний төлөө эвлэрүүллийг хийх бөгөөд тэр уучлагдах болно.
32Гэвч хэрэв тэр хүн хургыг өөрийн тахил болгон нүглийн төлөөх тахилд авчрах аваас, согоггүй эм хургыг авчрах ёстой. 33Тэр гараа нүглийн төлөөх тахилын толгой дээр тавьж, түүнийг шатаалт тахилыг нядалдаг газарт нүглийн төлөөх тахилд зориулан нядлах болно. 34Тахилч нүглийн төлөөх тахилын хэсэг цусыг хуруугаараа авч шатаалт тахилын ширээний эврүүд дээр нялаад, түүний бусад бүх цусыг тахилын ширээний суурь уруу асгана. 35Тэгээд тэр түүний бүх өөхийг эвийн тахилуудын өргөлийн хурганы өөхийг салгасантай адил тэр ёсоор салгах бөгөөд тахилч тэдгээрийг тахилын ширээн дээр ЭЗЭНд галаар өргөх өргөлүүд дээр шатаан уугиулна. Түүний нүглийнх нь хувьд, тахилч ийнхүү түүний төлөө эвлэрүүллийг хийх бөгөөд тэр уучлагдах болно.