3 1Түүний өргөл нь эвийн тахилын өргөл байх тохиолдолд, хэрэв тэр нь түүнийг бод малын сүргээс өргөх гэж байгаа бол тэр хүн ЭЗЭНий өмнө эр ч бай, эм ч бай согоггүй малыг өргөх ёстой. 2Уг хүн гараа тахилын малын толгой дээр тавьж, хурлын майхны үүдэнд нядлахад, тахилч нар болох Аароны хөвгүүд цусыг нь тахилын ширээ уруу тойруулан цацна. 3Эвийн тахилын өргөлөөс тэр хүн ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон сэмж, бүх дотор өөхийг, 4ууцны хоёр бөөрийг, дээр нь байдаг өөхнийх нь хамт, бөөртэй хамт салгах өнчин элгийг авчрах ёстой. 5Тэгээд Аароны хөвгүүд түүнийг тахилын ширээн дээр, гал дээр буй түлээн дээрх шатаалт тахил дээр шатаан уугиулна. Энэ нь ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэй галаар өргөх өргөл юм. 6Харин хэрэв ЭЗЭНд өргөх түүний эвийн тахилын өргөл нь бог малын сүргээс байх аваас тэр хүн эр ч бай, эм ч бай согоггүй малыг өргөх ёстой. 7Хэрэв тэр өргөл болгон хургыг өргөх гэж байгаа аваас тэр хүн түүнийгээ ЭЗЭНий өмнө өргөх ёстой бөгөөд 8тэрээр гараа өргөлийнхөө толгой дээр тавьж, түүнийг хурлын майхны өмнө нядална. Аароны хөвгүүд түүний цусыг тахилын ширээ уруу тойруулан цацна. 9Эвийн тахилын өргөлөөс тэр хүн ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон түүний өөх, сээрнийх нь угаар салгах сүүлний бүх өөх, сэмж, бүх дотор өөхийг, 10ууцны хоёр бөөрийг, дээр нь байдаг өөхнийх нь хамт, бөөртэй хамт салгах өнчин элгийг авчрах ёстой. 11Тэгээд тахилч түүнийг ЭЗЭНд галаар өргөх өргөл буюу хүнс болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна.
12Түүнээс гадна, хэрэв түүний өргөл нь ямаа байх аваас тэр хүн түүнийг ЭЗЭНий өмнө өргөх ёстой. 13Тэрээр гараа түүний толгой дээр тавин, түүнийг хурлын майхны өмнө нядална. Аароны хөвгүүд цусыг нь тахилын ширээ уруу тойруулан цацна. 14Үүнээс тэр өөрийн өргөлийг ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон сэмж, бүх дотор өөхийг, 15ууцны хоёр бөөрийг, дээр нь байдаг өөхнийх нь хамт, бөөртэй хамт салгах өнчин элгийг авчрах ёстой. 16Тахилч тэдгээрийг тайвшруулах тааламжит үнэрт зориулан галаар өргөх өргөл буюу хүнс болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна. Бүх өөх нь ЭЗЭНийх болох юм. 17Энэ нь үеийн үед, амьдрах газар бүрд чинь улиран үргэлжлэх зарлиг болой. Та нар аливаа өөх болон аливаа цус бүү ид” гэлээ.