25 1Тэгээд ЭЗЭН Мосед Синаи уулан дээр ярин айлдахдаа
2-Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд хэлэгтүн. “Миний та нарт өгөх тэр нутагт та нарыг очиход уг газар нь ЭЗЭНий амралтыг эдлэх юм. 3Зургаан жил та нар талбайдаа тариалж, зургаан жил усан үзмийн модоо тайран, ургацыг нь цуглуулах 4боловч долоо дахь жилийн туршид газар нь бүрэн амралтыг эдэлнэ. Энэ нь ЭЗЭНий амралт болдог бөгөөд та нар талбайдаа ч тариалалгүй, усан үзмийн модоо ч бүү тайрагтун. 5Зөнгөөрөө ургасан тариаг та нар хураах ёсгүй, тайрагдаагүй усан үзмийн модны үзмээ бүү цуглуул. Газар нь амралтын жилтэй байх ёстой. 6Та бүхэн газрын амралтын жилээс хүнс авах бөгөөд чи өөрөө болон танай эр, эм боолууд, танай хөлсний хүмүүс болон та нарын дунд нутаглаж буй гадаадын суугчид ба харийнхан бүгд авах юм. 7Тэр ч байтугай нутагт чинь буй танай мал сүрэг болон амьтад хүртэл газрын үр шимийг идэх юм.
8Та нар бас долоон амралтын жилийг тоолох ёстой. (долоон жилийг долоогоор үржүүлэн) Ингэвэл долоон амралтын жилүүдийн хугацаа буюу дөчин есөн жил болно. 9Тэгээд та нар хуцын эврэн бүрээг долоо дахь сарын аравны өдөр хаа сайгүй дуугаргах бөгөөд эвлэрүүллийн өдөр та нар эвэр бүрээг нутаг даяараа дуугаргагтун. 10Ингэж та нар тавь дахь жилийг ариусган, нутаг даяар бүх оршин суугчдад эрх чөлөөг зарлагтун. Энэ нь та нарт эврийн бүрээдэлт болох бөгөөд та нарын хүн нэг бүр өөрийн эзэмшил уруу буцаж явна. Хүн нэг бүр өөрийн ураг уруугаа буцаж явах болой. 11Тавь дахь жил нь та нарт эврийн бүрээдэлтийнх болох юм. Та нар тариалахгүй, зөнгөөрөө ургасныг нь ч хураахгүй, тайрагдаагүй усан үзмийн модноос ч жимсийг цуглуулахгүй байх ёстой юм. 12Учир нь энэ бол эврийн бүрээдэлт бөгөөд та нарт ариун байх ёстой. Талбайгаас гарах ургацыг идэгтүн.
13Эврийн бүрээдэлтийн энэ жилд та нарын хүн нэг бүр өөрийн эзэмшил уруу буцаж яв. 14Түүнээс гадна, хэрэв чи анддаа юм худалдах, эсвэл андынхаа гараас юм худалдан авах аваас та нар бие биедээ бурууг хийхгүй байгтун. 15Эврийн бүрээдэлтээс хойших жилүүдийн тоонд тааруулан чи андаасаа юм худалдан авах бөгөөд тэрээр ургацын жилүүдийн тооны дагуу чамд худалдах ёстой. 16Жилүүдийн ихсэх тусам та нар үнийг нь өсгөж, жилүүдийн цөөрөх тусам үнийг нь багасгах ёстой. Учир нь түүний чамд зарж буй нь ургацын тоо юм. 17Тиймээс та нар бие биедээ бурууг хийлгүй, харин өөрсдийн Бурханаас эмээгтүн. Учир нь Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.
18Нутаг дээрээ аюулгүй амьдрахын тулд та нар Миний тогтоолыг даган мөрдөж, Миний зарлигийг сахин ингэснээр биелүүлэгтүн. 19Тэгвэл газар өөрийн үр шимийг гаргах болно. Ингэснээр та нар цадтал идэн, түүн дээр аюулгүй амьдарч чадна. 20Гэвч та нар “Хэрэв бид тариалахгүй, эсвэл өөрсдийн ургацыг хураахгүй юм бол долоо дахь жилд юу идэх вэ?” хэмээн асуувал 21зургаа дахь жилд Би та нарт Өөрийн ивээлээ үзүүлж, гурван жилийн ургацыг гарган авчрах юм. 22Найм дахь жилд та нар тариалж байхдаа ч, ургацаас үлдсэн хуучин юмсыг идсээр байж болох бөгөөд тариалсан ургац чинь ес дэх жилд гарах хүртэл хуучныг идсээр байх юм.
23Газар бол Минийх учир бүрмөсөн зарагдах ёсгүй. Учир нь та нар бол Миний түр суугч, харийнхан болой. 24Та нарын эзэмших газар бүрийн хувьд, та нар газрын золилтыг олгох ёстой. 25Хэрэв ах дүү чинь ядуурснаас болж, эзэмшил газрынхаа хэсгийг зарах аваас түүний хамгийн ойрын хамаатан нь ирж, ах дүүгийнхээ зарсныг нь золих учиртай. 26Эсвэл тэр хүнд ойрын хамаатан байхгүй тохиолдолд хэрэв газрын золилтонд хүрэлцэхүйц өөрийн хөрөнгийг дахин олж авах аваас, 27тэр нь газрыг зарагдсанаас хойших жилүүдийг тооцоолж, мөнөөх зарсан хүндээ тэнцвэрийг буцаан төлөх болой. Тийнхүү өөрийн эзэмшил газартаа буцаж ирнэ. 28Гэвч хэрэв тэр хүн газраа өөртөө буцааж авахад хүрэлцэхүйц хөрөнгийг олж чадахгүй аваас, түүний зарсан зүйл нь эврийн бүрээдэлтийн жилийг хүртэл түүнийг нь худалдан авагчийн гарт үлдэнэ. Харин эврийн бүрээдэлтээр энэ нь хуучин эзэндээ буцан очих ба тэр хүн өөрийн эзэмшил газартаа буцаж ирэх юм.
29Үүний адил хэрэв хүн нь хэрэмтэй хот доторх орон сууцаа зарах аваас түүний золилтын эрх нь зарснаас нь хойших бүтэн жилд хүчинтэй байх болой. Түүний золилтын эрх нь бүтэн жил үргэлжлэх юм. 30Харин хэрэв бүтэн жилийн хугацаанд эзэн нь түүнийг буцаан худалдаж авахгүй байх аваас хэрэмтэй хотод байгаа тэр сууц түүнийг худалдан авагчид болон үр хүүхдэд нь бүрэн хөдөлшгүйгээр шилжүүлэгдэх болой. Энэ нь эврийн бүрээдэлтээр ч хуучин эзэндээ буцан очихгүй болой. 31Гэсэн ч тойрсон хэрэмгүй тосгодын орон сууцнууд нь хөдөөгийн талбайтай адил зольж болох бөгөөд тэд эврийн бүрээдэлтээр хуучин эзэндээ буцан очих юм. 32Левийнхний хотуудын тухайд гэвэл, левичүүд нь эзэмшлийнхээ хотуудын орон сууцанд золилтын хөдөлшгүй эрхтэй болой. 33Тиймийн тул левийнхнээс авсан зүйлс нь золигдож болох бөгөөд энэхүү эзэмшлийн хотод зарагдсан орон сууц нь эврийн бүрээдэлтээр хуучин эзэндээ буцан очиж болно. Учир нь левийнхний хотуудын орон сууцнууд нь Израилийн хөвгүүдийн дундах тэдний эзэмшил болно. 34Харин тэдний хотуудын бэлчээрүүд нь тэдний мөнхийн эзэмшил учир зарагдах ёсгүй.
35Нутгийн чинь хүн ядуурч, та нарын хажууд түүний хөрөнгө нь хүрэхгүй тохиолдолд та нар түүнийг өөрсөдтэйгөө хамт амьдруулахын тулд түүнийг гадаадынхан буюу түр суугчийн адил тэтгэгтүн. 36Нутгийн чинь хүн та нартай хамт амьдарч байхын тулд түүнээс зээлийн өндөр хүүг авалгүй, харин өөрсдийн Бурханыг хүндэл. 37Түүнд чи мөнгийг хүүтэйгээр зээлүүлж болохгүй, хүнсийг ашиг орлого олохын төлөө өгч болохгүй. 38Та нарт Канаан нутгийг өгөхөөр та нарын Бурхан чинь байхын тулд Египетийн нутгаас та нарыг гарган авчирсан Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.
39Хэрэв нутгийн чинь хүн ядуурснаас болж та нарын дунд өөрийгөө чамд худалдах аваас түүнийг боолын үйлчлэлд бүү оруулагтун. 40Тэр эврийн бүрээдэлтийн жилийг хүртэл чамтай хамт хөлсний хүн шиг юм уу, түр суугч мэт байж чамд үйлчлэх ёстой. 41Тэгээд тэр болон түүний хөвгүүд нь чамаас чөлөөлөгдөж яван эцэг өвгөдийнхөө өмч, өөрийн ураг уруу буцаж явна. 42Учир нь израильчууд бол Египетийн нутгаас Миний гарган авчирсан Миний зарц нар болой. Тэд боолын худалдаанд зарагдах ёсгүй. 43Түүнийг хатуу ширүүнээр захиралгүй, харин өөрсдийн Бурханыг хүндэл. 44Та нарын авч болох эр, эм боолуудын хувьд, та нар эргэн тойрныхоо үндэстнүүдээс эр, эм боолуудыг авч эзэмшиж болно. 45Мөн та нарын дунд амьдардаг харийнхан болох түр суугчдын хөвгүүдээс болон та нартай хамт байгаа, нутаг дээр чинь өсөн үржих тэдний ургуудаас хүн худалдаж авч болно. Тэд бас та нарын эзэмшил болж болох болой. 46Тэдгээрийг та нар өөрсдийнхөө дараах хөвгүүддээ эзэмшил болгон хүлээн авахаар гэрээслэн өгч болох бөгөөд тэдгээрийг насан туршийн боолууд болгон ашиглаж болно. Харин Израилийн хөвгүүд болох нутгийн чинь хүний тухайд бол, та нар бие биеэ хатуу ширүүнээр захирах ёсгүй.
47Хэрэв та нартай хамт байгаа харийн хүн, эсвэл түр суугчдын хөрөнгө нь хангалттай болж, түүний хажууд нутгийн чинь хүн ядуурснаас болж, та нартай хамт түр сууж буй харийн хүнд эсвэл харь ургийн үр удамд өөрийгөө зарвал, 48тэр нь худалдагдсаныхаа дараа золилтын эрхтэй байх юм. Ах дүү нарынх нь нэг нь түүнийг зольж болох, 49эсвэл түүний авга, эсвэл нагац нь, эсвэл түүний авгын, эсвэл нагацын хүү нь түүнийг зольж болох, эсвэл түүний ургаас, цусан төрлийнх нь нэг хүн түүнийг зольж болох юм. Эсвэл хэрэв тэр нь хөрөнгөжих аваас өөрийгөө зольж болох юм. 50Тэгвэл тэр өөрийг нь худалдан авагчтайгаа өөрийгөө түүнд худалдсан тэр жилээс Эврийн бүрээдэлтийн жилийг хүртэл тооцоол. Түүний худалдагдсан үнэ нь жилүүдийн тоог харгалзсан байх ёстой. Энэ нь хөлсний хүний өдрүүдтэй адил түүнд мөн тийм байх юм. 51Хэрэв дахиад олон жил үлдсэн байх аваас тэдгээрийн харьцаагаар худалдагдсан үнийхээ хэсгийг тэр өөрийн золилтонд зориулан буцаан өгөх бөгөөд 52хэрэв Эврийн бүрээдэлтийн жилийг хүртэл цөөн жил үлдсэн байх аваас тэр нь түүнтэй ийнхүү тооцно. Тэр өөрийн золилтыг үлдсэн жилүүдийн дагуу буцааж төлнө. 53Тэр нь жилээс жилд хөлслөгдсөн хүн мэт түүнтэй хамт байх ёстой. Тэр нь та нарын нүдэн дээр түүнийг хатуу ширүүн захирах ёсгүй. 54Хэрэв эдгээрээр тэр нь золигдоогүй байсан ч тэр болон түүнтэй хамт түүний хөвгүүд нь Эврийн бүрээдэлтийн жилд гарч явах болой. 55Учир нь Израилийн хөвгүүд бол Миний зарц нар болой. Тэд бол Египетийн нутгаас Миний гаргаж авчирсан Миний зарц нар билээ. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.