15 1ЭЗЭН мөн Мосе, Аарон нарт айлдахдаа
2-Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлэгтүн. “Аливаа хүний биеэс гоождос гарвал түүний гоождос нь бузар болой. 3Түүний бие нь өөрөө гоождосыг гоожуулж байсан ч, эсвэл гоождосыг саатуулж байсан ч энэ нь түүнийг бузарлана. Түүний гоождос ингэж бузарлана. 4Гоождостой хүний дээр нь хэвтсэн аливаа ор бузар болдог. Мөн түүний суусан юм бүхэн бузар болдог. 5Түүнээс гадна түүний оронд хүрсэн аливаа хүн нь хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузартсан болно. 6Гоождостой хүний сууж байсан зүйл дээр суусан хэн боловч хувцсаа угааж, усанд биеэ булхах ба үдэш болтол бузартсан болно. 7Мөн гоождостой хүнд хүрсэн хэн боловч хувцсаа угаан, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузартсан болно. 8Эсвэл хэрэв гоождостой хүн нь цэвэр байгаа нэгнийг нулимах аваас тэр хүн бас хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд мөн л үдэш болтол бузартсан болно. 9Гоождостой хүний унаж явсан аливаа эмээл нь бузар болох юм. 10Мөн түүний дор байсан аливаа зүйлд хүрсэн хэн боловч үдэш болтол бузартсан болох ба тэдгээрийг зөөж явсан хүн хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузартсан болно. 11Үүнчлэн гоождостой нэгний гараа усанд зайлалгүйгээр хүрсэн тэр хүн нь хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузартсан болно. 12Гоождостой хүний хүрсэн шавар сав нь хагалагдах бөгөөд харин модон сав болгон нь усаар зайлагдах ёстой.
13Гоождостой хүн гоождосоосоо цэвэршүүлэгдээд, цэвэршүүлэлтэндээ зориулан долоо хоногийг тоолох ёстой. Тэгээд тэр хувцсаа угаан, урсгал усанд биеэ булхаж цэвэр болно. 14Тэгээд найм дахь өдөр нь тэр өөрийнхөө төлөө хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг авч, ЭЗЭНий өмнө хурлын майхны үүдэн дээр очин тэдгээрийг тахилчид өгнө. 15Тахилч тэдгээрийг, нэгийг нь нүглийн төлөөх тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан өргөх болой. Тийнхүү тахилч гоождосынх нь улмаас ЭЗЭНий өмнө түүний төлөө эвлэрүүллийг хийх ажгуу.
16Хэрэв эр хүнээс үрийн шингэн гарах аваас тэрээр бүх биеэ усанд булхах бөгөөд үдэш болтол бузартсан болно. 17Дээр нь үрийн шингэн тогтсон аливаа хувцас, эсвэл аливаа арьсны тухайд гэвэл энэ нь усаар угаагдах бөгөөд үдэш болтол бузар болох болой. 18Хэрэв эр хүн эмэгтэй хүнтэй унтан үрийн шингэн гаргах аваас тэд хоёул усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузартсан болох юм.
19Харин эмэгтэй хүн гоождостой тохиолдолд, хэрэв түүний бие дэх гоождос нь цус байх аваас тэр нь сарын тэмдгийнхээ бузарталд долоо хоногийн турш байх бөгөөд түүнд хүрсэн хэн боловч үдэш болтол бузартсан болох ажгуу. 20Мөн түүний сарын тэмдгийнхээ бузартлын үед, дээр нь хэвтсэн аливаа зүйл нь бузар болох бөгөөд түүний дээр нь суусан аливаа зүйл нь бузар болох болой. 21Түүний оронд хүрсэн аливаа хүн нь хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузартсан болох юм. 22Түүний суусан аливаа зүйлд хүрсэн хэн боловч хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузартсан болох юм. 23Түүний ор ч бай, дээр нь сууж буй зүйл ч бай, түүнд нь хүрсэн хүн үдэш болтол бузартсан болно. 24Хэрэв эр хүн уг эмэгтэйтэй унтан, ингэснээр түүний сарын тэмдгийн бузар нь түүн дээр байх аваас тэр эрэгтэй долоо хоногийн турш бузартсан болох бөгөөд эрэгтэйн хэвтсэн аливаа ор нь бузар болох ажгуу.
25Хэрэв эмэгтэй хүн сарын тэмдгийн бузартлаас өөр үед олон хоног цусан гоождостой болох аваас, эсвэл тэр үеэсээ цааш гоождостой байх аваас бузар гоождосынхоо бүх өдрүүдэд тэрээр сарын тэмдгийнхээ бузарталд байгаа мэт ийнхүү цааш үргэлжлүүлэн байх болой. Тэр нь бузартсан байна. 26Гоождосынхоо бүх өдрүүдэд түүний дээр нь хэвтсэн аливаа ор нь сарын тэмдгийн бузартлынх нь үе дэх түүний орны адил болох болой. Түүний дээр нь суусан аливаа зүйл нь түүний тэр үеийнх нь бузрын адил бузар болох юм. 27Үүнчлэн тэдгээрт хүрсэн хэн боловч хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузартсан болох юм. 28Гоождосоосоо тэр эмэгтэй цэвэршихэд долоо хоногийг тоолоод, үүний дараа цэвэр болох юм. 29Тэгээд найм дахь өдөр нь тэр өөрийнхөө төлөө хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг авч, тэдгээрийг хурлын майхны үүд уруу тахилчид авчрах болой. 30Тахилч нэгийг нь нүглийн төлөөх тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан өргөнө. Тийнхүү тахилч, түүний бузар гоождосынх нь улмаас тэр эмэгтэйн төлөө ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийнэ”.
31Ингэж та нар Израилийн хөвгүүдийг өөрсдийнх нь бузраас ангид байлгах юм. Эс бөгөөс тэдний дунд байгаа Миний асрыг тэд бузарласнаар өөрсдийн бузарт үхэх юм гэлээ. 32Энэ нь гоождостой нэгний тухай, үрийн шингэн гаргаж түүгээр бузартсан хүний тухай бөгөөд 33сарын тэмдгийнхээ бузартлын улмаас зовиуртай болсон эмэгтэйн тухай бөгөөд эр ч бай, эм ч бай гоождостой нэгний тухай, эсвэл бузартсан эмэгтэйтэй унтсан эрэгтэйн тухай хууль юм.