32

1 Иаковыг аян замдаа явж байтал Бурханы тэнгэрэлч нар түүнтэй уулзав. 2 Иаков тэднийг хармагцаа — Энэ бол Бурханы хуаран байна гээд, тэр газрыг Маханаим гэж нэрлэв.

Иаков Есавд бэлэг илгээв

3 Иаков, Сеирийн нутаг Едомын талд байгаа ах Есав уруугаа элч нарыг өмнөө илгээгээд, 4 тэдэнд тушааж — Миний эзэн Есавд ингэж хэл. “Таны зарц Иаков ингэж хэлүүллээ. «Би Лабантай хамт өнөөг хүртэл суулаа. 5 Надад үхэр, илжиг, хонин сүрэг, эрэгтэй, эмэгтэй зарц нар байна. Би таны тааллыг хайн эзэн тандаа энэ хэлийг хүргүүлж байна» гэж хэл” гэв. 6 Элч нар Иаковт буцаж ирээд — Бид таны ах Есавд хүрч очлоо. Тэрээр тантай уулзахаар дөрвөн зуун хүнийг дагуулан ирж байна гэжээ. 7 Иаков ихэд айн, сэтгэлийн дарамтад оров. Тэгээд хамт байсан хүмүүсээ болон хонь, үхэр, тэмээдээ хоёр отог болгон хуваалаа. 8 Тэгээд Иаков — Хэрэв Есав ирээд, нэг отгийг нь дайрвал үлдсэн отог нь зугтах болно гэжээ. 9 Иаков — Миний өвөг Абрахамын Бурхан, миний эцэг Исаакийн Бурхан, ЭЗЭН минь! Та надад “Чи төрсөн нутаг, төрөл төрөгсдөдөө буц. Би чамайг ерөөх болно” гэж хэлсэн. 10 Өчүүхэн зарц надад Таны үзүүлсэн хайр ерөөл, үнэн шударга бүхнийг би хүртэх зохисгүй. Би энэ Иордан голыг ганцхан таягтайгаа гаталж очсон. Харин би одоо хоёр ч хэсэг отогтой болсон. 11 Миний ах Есавын гараас намайг авраач гэж гуйн залбирч байна. Учир нь тэр хүрч ирээд, намайг болон эхнэр хүүхдүүдийг минь дайрна гэхээс би айж байна. 12 Та “Би чамд хайр ерөөлөө хүртээж, үр удмыг чинь далайн тоо томшгүй элс мэт олон болгож өгнө” гэж хэлсэн билээ гэв. 13 Иаков тэр шөнөдөө тэндээ хонож, эд хөрөнгөнөөсөө ах Есавдаа зориулан бэлэг сонгожээ. 14 Хоёр зуун эм ямаа, хорин ухна, хоёр зуун эм хонь, хорин хуц, 15 гучин ботготой ингэ, дөчин үнээ, арван үхэр, хорин эр илжиг, арван эм илжиг бэлтгэв. 16 Тэдгээрийг хэсэг хэсгээр нь зарц нарынхаа гарт өгөөд, зарц нартаа — Та нар надаас түрүүлэн гаталж, хэсэг бүрийн хооронд зай барьж яв хэмээжээ. 17 Тэрээр түрүүнд нь яваа зарцдаа захиж — Миний ах Есав чамтай уулзаад, “Чи хэний хүн бэ? Хаашаа явж байна вэ? Чиний өмнө яваа эдгээр мал сүрэг хэнийх вэ?” гэж асуувал, 18 “Энэ бол таны зарц Иаковынх. Үүнийг өөрийн эзэн Есавдаа бэлэг болгон явуулсан юм. Иаков өөрөө бас бидний ард ирж байгаа” гэж хэл гэв. 19 Тэрээр бас хоёр дахь, гурав дахь хэсэг болон бусад хэсэг тусбүрийг тууж яваа хүмүүст тушаан — Та нар ч бас Есавтай уулзахдаа энэ үгийг хэлээрэй. 20 Та нар бас “Таны зарц Иаков бидний ард ирж байгаа” гэж хэлээрэй гэв. Иаков — Би өөрийнхөө түрүүнд явуулж байгаа бэлгээрээ түүнийг тайтгаруулаад, дараа нь би өөрөө түүнтэй уулзвал ах минь намайг хүлээн авч магадгүй гэж боджээ. 21 Тэгээд Иаков бэлгээ өөрөөсөө түрүүлж явуулаад, өөрөө тэр шөнө отогтоо хонов.

Иаков Пениелд тэмцэлдэв

22 Тэрээр шөнө босож, хоёр эхнэр, хоёр шивэгчин, арван нэгэн хүүхдээ дагуулан, Иаббок гармаар гол гарчээ. 23 Иаков тэднийг дагуулан гол гаргаад, дараа нь өөрт байсан болгоноо гаргажээ. 24 Иаков ганцаараа үлдсэн бөгөөд нэгэн хүн Иаковтай үүр цайтал барилдлаа. 25 Тэрээр Иаковыг дийлж чадахгүйгээ үзээд түнх уруу нь цохив. Түүнтэй барилдаж байгаад Иаковын түнх ингэж мултарчээ. 26 Мөнөөх нь — Үүр цайж байгаа учир намайг явуул гэсэнд Иаков — Намайг ерөөхөөс тань нааш би таныг явуулахгүй гэжээ. 27 Тэгээд тэр хүн — Чиний нэр хэн бэ? гэж асуусанд тэрээр — Иаков гэв. 28 Тэр хүн — Үүнээс хойш чамайг Иаков гэхгүй харин Израиль гэж нэрлэх болно. Учир нь чи Бурхантай бас хүмүүстэй тэмцэлдэж илүүрхлээ гэв. 29 Иаков — Та нэрээ хэлээч гэж гуйсанд тэр хүн — Чи яагаад миний нэрийг асуугаад байгаа юм бэ? гэж хэлээд тэнд Иаковыг ерөөжээ. 30 Тэгээд Иаков тэр газрыг Пениел гэж нэрлээд — Би Бурхантай нүүр нүүрээрээ уулзсан боловч амь голтойгоо үлдлээ гэв. 31 Иаковыг Пенуелээр өнгөрч байхад нар гарчээ. Тэрээр түнхнээсээ болж доголж явав. 32 Тэр хүн Иаковын түнхнийх нь шөрмөсийг цохисноос болж израильчууд өнөөг хүртэл гуяны шөрмөс иддэггүй билээ.